Төсөв их наядаар нугарч нэмэгдэхийн хэрээр эдийн засаг дээшилж, амьдрал амар болсонгүй. Улам л дордож байна. Харин тэрхүү их мөнгө төрийн албыг зайдагнаж буй дарга нарын халаас руу орж, тэрбумаар хэмжигдэх үл хөдлөх хөрөнгө, саяар тоологдох валют болдог нь гэнэтийн баривчилгаагаар тогтоогдов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Орлогоо нотолж чаддаггүй төрийн албан хаагчдыг ил болгоно. Ялангуяа газрын асуудлыг ил болгоно. БОАЖЯ-ны газар зардаг дарга нар болгоомжтой байгаарай. Би төмөр замын дарга нарт хандаж хэлэхэд тун удахгүй дараагийн дэлбэрэлт энэ салбарт болно. ББСБ-тай Монголбанкны газрын дарга нарыг ч зарлана" гэсний дараагаар нь шууд л баривчилгаа явуулж УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга ажилтай С.Батдөлийг 7,3 тэрбумтай нь баривчлав. Гэтэл болоогүй шүүх хурлыг болсон мэтээр дэвэргэж, шүүх авлигачныг сулласан мэдээлэл тараахаа мартсангүй. Шүүх авлигачидтай аалзны тор мэт нэгдсэн мэтээр одоо сэвэх ажээ. Өнөөдөр Монголд Ерөнхий сайд л шүгэл үлээдэг, болж бүтэхгүй байгааг тэр хэлдэг болов. Нүүрсний хулгайчдыг зарлана гэж намынхнаа сүрдүүлж байгаад 17 нэрс зарласан нь нүүрс хулгайлах байтугай барьж үзээгүй нөхдийг зарлачихсан гэнэ.
Байс гээд л засгаа шүүмжилж, буруу зөвгүй зандарч суудаг нөхөр өглөө нь сайд болохгүй тухай ярьж зогссон бол үдэш гэхэд сайдын суудалд суув.
Эхнэр нь нөхрөө, нөхөр нь нууцаа, нууц нь эхнэрээ шантаажилж, нууцаар хэрүүлээ бичдэг, намын гишүүн нь намаа, дарга нь цэргээ шантаажилж байгаад хүссэнээ хийлгэдэг нэг тийм хөгийн тогтолцоо Монголд гаарчээ. Хэрэгтнүүдэд хариуцлага тооцох бус хэргийг чинь ил болгоно шүү гэх айлгаж байгаад амыг нь хамхиулдаг ийм л хачин тогтолцоо Монголд үйлчилдэг болов. Идсэн, шамшигдуулсан нэг хэргийг өөр нэгэн хэргээр дардаг, эцэстээ хэн ч хариуцлага хүлээдэггүй ийм л дүр зураг Монголын төрөөс үзэгдэх болов.
Сүр дуулиантай, шүгэл үлээсэн гэж эхэлсэн нүүрсний хэрэг одоо замхрах шатандаа явна. Шударга тав гэж сүрхий нэр өөрсдөдөө өгсөн нөхдүүд төрийн албыг наймаалцсан 60 тэрбумын схем ярьж өмнөхөө түлхэн унагаасан ч эрх мэдэлд хүрмэгцээ энэ хэргийг мартагнуулав.
Эрх баригчид 60 тэрбумын, ЖДҮ-ийн, Хөгжлийн банкны, нүүрсний, тендерийн, элдэв сангийн мөнгийг цөлмөснөөрөө өнөөдөр хуваагджээ. Өмнө нь газрын наймаачдаас бүрдсэн хотын фракц Сү.Батболдын, НАМЗХ-ын гэхчлэн хуваагддаг асан тэд өнөөдөр цөлөмсөн сан, хулгайлсан мөнгөөрөө өөр хоорондоо ялгардаг болов.
Хулгайг нь мэддэг нэгнээ чимээгүй болгохын тулд албан тушаал өгдөг, амладаг болсон нь Монголд шударгаар хөдөлмөрлөж, үзэл санаагаараа ялгарах явдлыг улам л үгүй хийж байна. Нэгэнт хоёр өөр давхарга, хоёр өөр амьдрал, хоёр өөр эрх бий болсон болохоор тэгш эрх гэж хамгаас чанга хашгирдаг боловч үнэндээ Монголд эрх тэгш байдал улам бүр алсарчээ. Эдийн засаг хямарч, ажилгүйдэл улам бүр нэмэгдсээр буй нь зах зээлийн нийгмийн алдаа бус түүнд төрийн оролцоо нэмэгдсэнээс болоод буйг хэлдэг, ярьдаг улстөрч Монголд алга.
МАН 2016 онд засгийн эрх авахдаа татвар нэмэхгүй, 100 үйлдвэр барих тухай амлаж байсан ч ярьсныхаа яг эсэргээр нь татвар нэмж, аж ахуйн нэгжүүдийг дампууруулав. Өнөөдөр 1200 төгрөгө байсан Атар талх 2400 төгрөг болжээ. А92 бензин 1400 төгрөгнөөс 2390 төгрөг болов.
2016 онд 1400 байсан ам.доллар 3460 төгрөг рүү өгсөж явна. Ардчилсан намынхны балгаар шинээр төрсөн хүүхэд бүхэн өртэй байна гэж тэд ухуулж байсан бол өнөөдөр Монгол Улсын нэг хүнд ногдох өр 30 сая төгрөг болов.
Энэ бүхнийг эсэргүүцсэн иргэдийг захиалгатай, мөнгөөр жагсаж буй гэх мэдээллийг тараадаг болсон бөгөөд ялих, шалихгүй шалтгаанаар ял өгдөг болжээ. Давхар дээлээ нөмөрч, төрөөс хулгай хийхийн тулд Үндсэн хуулийг хүртэл өмдөө сольж байгаа аятай өөрчилдөг болов. 2019 онд сүр дуулиантай өөрчлөлт оруулсан ч 2022 онд дахин өөрчилж, одоо дахиад өөрчлөх тухай ярьж байна.
Улсын төсвийн хоёр нугалсантай тэнцэхүйц хэмжээний мөнгийг зөвхөн нүүрснээс хулгайлсан тухай ярьж байгаа ч жинхэнэ эздийг нь огтхон ч ярихгүй байгаа нь тэдний хэн болохыг хэлээд өгнө. Тиймээс л тэд нэгнээ дуугүй болгохын тулд ямар нэгэн хэргийг үлээдэг, биесээ шантаажлагчид л болжээ. Хоосон үлээж бус үйлдлээрээ түүнийгээ харуулж, шантаажлах бус шахмаар байна.
Тэгш эрх бус хувь хүний эрх чөлөө, төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх бус хумих, хувийн өмчийг дээдлэхийг тэднээс шаардъя. Ингээгүй цагт бид урагшлах бус ухарна. Дарангуйлал руу л буцах билээ.
Өнөөдөр төрийн албаныхан өрөөндөө Сталин, Лениний зургийг залдаг өмнөх үе шигээ хачин заваан үйлдэл гаргаад байгаа. Энэ зүгээр нэг тэнэглэл биш байх вий гэдгээс айна.