Засгийн газрын шинэ өрийн бичиг

Хуучирсан мэдээ: 2023.01.13-нд нийтлэгдсэн

Засгийн газрын шинэ өрийн бичиг

Засгийн газрын шинэ өрийн бичиг

Дэлхий даяар төв банкууд инфляцийг хязгаарлах хатуу бодлого хэрэгжүүлснээр санхүүжилтийн өртөг нэмэгдэж буй. Өөрөөр хэлбэл, санхүүгийн байдал тааруу улс орнууд бондоо дахин санхүүжүүлэхэд хүндрэлтэй болж байгаа юм. Энэхүү хүндрэл Монгол Улсыг тойрсонгүй.

Сангийн сайдын тайлбарласнаар, Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай УИХ-ын тогтоолд одоо байгаа, 2031 он хүртэл хугацаа нь дуусах бондуудын төлбөрийг эдийн засагт дарамт үүсгэлгүйгээр тодорхой хэсгийг нь дахин санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Энэ дагуу Засгийн газар 2028 онд хугацаа нь дуусах, 98.812 ам.долларын үнэ бүхий 8.65 хувийн хүүтэй, 650 сая ам.долларын бонд гаргав.

Шинэ бондоор 2023 оны тавдугаар сард хугацаа нь дуусах “Гэрэгэ” бонд болон 2024 онд хугацаа нь дуусах “Хуралдай” бондыг санхүүжүүлнэ. Өөрөөр хэлбэл, 1.1 тэрбум ам.долларын өр төлбөрийг шинэ бондоос дахин санхүүжүүлж, үлдсэн хэсгийг нь улсын төсвөөс төлж барагдуулахаар тооцжээ.

Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар “Энэ жилийн тавдугаар сард төлөгдөх “Гэрэгэ” бондын 530 сая ам.доллар, дараагийн жил нь төлөгдөх засгийн газрын “Хуралдай” бондын 600 сая ам.доллар буюу нийт 1.1 тэрбум орчим ам.доллар Засгийн газрын өрийн зохицуулалт хийх зорилттой ажилласан.

Бидний зорилтот хэмжээ бол таван жилийн хугацаатай 650 сая ам.долларын бонд гаргах байсан. Хүү нь 11-12 хувь гэж бодож орсон. Гэтэл 650 сая ам.долларын бондын хэмжээнд 138 хөрөнгө оруулагчаас нийт 4 тэрбум ам.долларын захиалга ирсэн. Үүний үр дүнд хүү 8.65 хувь болж буурч чадсан. Энэ бол маш том амжилт.

АНУ-ын Төв банкны хүү нэг байхад “Гэрэгэ” бондыг 5.7 хувь, “Хуралдай” бондыг 8.75 хувиар гаргаж байсан. Өнөөдөр АНУ-ын Төв банкны хүү 4.3 хувь байгаа үед 8.65 хувиар бонд гаргаж чадлаа. Энэ бол гаднын хөрөнгө оруулагч нарын хувьд манай Засгийн газрын үйл ажиллагаанд өгч буй эерэг дүгнэлт гэж харж болно. Манай гадаад өрийн менежментэд итгэж буйн илрэл" гэсэн.

Уг нь тэрбээр өнгөрсөн 2022 оны сүүлийн сард бондуудын эргэн төлөлтийн талаар мэдээлэх үеэрээ “Хөрөнгийн зах зээлд богино хугацаатай, өндөр хүүтэй арилжааны бонд гаргаж болохгүй гэж УИХ-аас гаргасан дунд хугацааны гэрээтэйгээр Засгийн газар үүрэг авсны хүрээнд 2024 он дуустал ажиллана" гэж мэдэгдсэн. Харамсалтай нь, гүйцэтгэх засаглалынхны ам, ажил зөрөв. Эдийн засгийн нөхцөл байдал ээдрээтэй байгаа үед шинэ бонд “аврах” ганц гарц гэж харсан байж болох.

Гэхдээ асуудлын гол нь нэгд, шинэ бондын хүү “Чингис” бондын хүүгээс хоёр дахин өндөр. Хоёрдугаарт, бондуудын өрийг асуудалгүй дарна гэж амалж байсан Засгийн газар өрийг өрөөр дарж байгаад байгаа юм.

Зарим эдийн засагчид, иргэд Засгийн газар шинэ бонд гаргасанд шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, өрийг өрөөр дардагаа больж, уул уурхайгаас орж ирж буй орлогоос Баялгийн сан бий болгож, өрөө дарах нь чухлыг онцолж буй юм. Харин зарим нь АНУ-ын бодлогын хүү 4.3 хувьтай байхад 8.6 хувьтай гаргаж байна гэдэг Монгол Улсыг эрсдэл харьцангуй багатай гэж үзэж буй эерэг мессэж гэж дүгнэж буйгаа илэрхийлэв.

Цаг хэцүү энэ үед 8.6 хувь гэдэг том амжилт гэдэгтэй нэг талаар санал нэгдэж болох юм.

Авууштай нь, сая гаргасан бондын купон одоогоор Монголын хамгийн өндөр купонтой бонд болох “Хуралдай” бондоос үл ялиг бага түвшинд гарчээ. Хүүг бууруулахад хөрөнгө оруулагчдын захиалгын хэмжээ өндөр байсан нь нөлөөлсөн байна. Тухайлбал, 138 хөрөнгө оруулагчаас дөрвөн тэрбум ам.долларын захиалга иржээ.

Бондын арилжааг амжилттай явуулахад дотоодын арилжааны банкууд манлайлснаас гадна бонд гаргахад "Credit Suisse Group", "HSBC Holdings", "JPMorgan Chase & Co", "Mitsubishi UFJ Financial Group" зэрэг томоохон фирмүүд оролцсон мэдээлэл бий юм.

“S&P Global Ratings” олон улсын үнэлгээний байгууллага Монгол Улсын шинээр гаргасан таван жилийн хугацаатай, 8.65 хувийн хүүтэй, 650 сая ам.долларын бондын үнэлгээг "B" түвшинд тогтоосон байна. Монгол Улсын Засгийн газар шинэ бонддоо “Fitch”-ээс мөн “B” үнэлгээ авах хүлээлттэй байгаа мэдээлэл бий юм.

Монгол Улсын Засгийн газар шинэ бонд гаргаснаар бусад бондуудын өгөөж буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2024 оны гуравдугаар сард хугацаа нь дуусах “Хуралдай” бондын өгөөж сүүлийн 200 хоногийн дундаж түвшнээс доош түвшинд хүрч буурав. Харин “Гэрэгэ” бондын өгөөж өнгөрсөн Даваа гаригт 31.45 хувиар буурсан бол хоёр дахь өдрөө тогтворжжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж