ОХУ-ын “Роскосмос” сансрын агентлаг нисгэгчгүй Союз MS-23 хөлгийг хөөргөх гэж байна. Тус сансрын хөлөг нь Сергей Прокопьев, Дмитрий Петелин, НАСА-ийн сансрын нисгэгч Франк Рубио нарыг дэлхий рүү эргүүлж авчрах даалгавартай. Учир нь тэдний есдүгээр сард хөөргөсөн хөлөг сансарт гэмтсэн тул нисгэгчдийг эргүүлж авчрах шаардлагатай болжээ. Есдүгээр сард хөөргөсөн MS-22 хөлөг арванхоёрдугаар сарын 14-нд Олон улсын сансрын станцад залгагдах үед хөргөлтийн шингэн алдагдаж байгааг олж илрүүлсэн. Цахим сүлжээнд тарсан бичлэгээс харахад хөлгийн бөөрнөөс их хэмжээний шингэн сансарт цацалж байна.
Шингэн алдагдаж байгааг илрүүлснээс хойш НАСА болон “Роскосмос” агентлагууд хамтран ажиллаж, Союз хөлгийг шалгаж байна. Шалгалтын үр дүнд MS-22 хөлөг нь багийнхныг дэлхий рүү эргүүлж авчрах боломжгүй гэдэг нь тогтоогджээ. Хөргөлтийн системд гэмтэл гарсан учраас хөлгийн бүхээг хэт халуун бөгөөд чийглэг болох юм. Радиаторын дамжуулах хоолойд микро солирын нөлөөллөөс болж гэмтэл гарчээ. Микро солироос болж хоолойд нэг мм орчим хэмжээтэй нүх гарсан байна.
MS-23 хөлөг хоёрдугаар сарын 20-нд хөөрөх төлөвтэй байна. Харин MS-22 хөлөг үүнээс нэг юм уу хоёр долоо хоногийн дараа Казахстанд газардана. Хоёр хөлөг хоёулаа сансарт байх үед зарим шаардлагатай тоног төхөөрөмж, эд зүйлсийг шилжүүлэх аж. Багийн гишүүдийн биеийн байдал одоогоор сайн байгаа гэдгийг албаны хүн хэллээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ