Тойм: Төгс Уурхайчид, баян ходоод Баянгол, шартсан Хүлэгүүд

Хуучирсан мэдээ: 2023.01.12-нд нийтлэгдсэн

The League

Тойм: Төгс Уурхайчид, баян ходоод Баянгол, шартсан Хүлэгүүд

Тойм: Төгс Уурхайчид, баян ходоод Баянгол, шартсан Хүлэгүүд

Үндэсний дээд лигийн багууд эхний есөн тоглолтоо хийн нэгдүгээр тойрог өндөрлөсөн. Өнөөдрөөс /2023.01.12/ хоёрдугаар тойрог эхэлж байна. Нэгдүгээр тойргийн дараагаар багуудын чанар чансаа, энэ улирлын нөхцөл байдал нь ажиглагдав. Гэхдээ бүрэн дүүрэн биш. Учир нь дасгалжуулагч нар багийнхаа гараа, бүрэлдэхүүн, минутын хуваарилалт гээд олон зүйл дээр туршилт хийн, улирлын дундуур легионер тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн. Ирэх тоглолтуудаас л жинхэнэ өрсөлдөөн, хөл гар нь эвлэсэн багууд харагдах биз. Ямартай ч нэгдүгээр тойргоос дараах зүйлс ажиглагдав.

ӨӨЛӨХ ЗҮЙЛГҮЙ ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД

Өнгөрсөн улирал финалд шалгарсан ч Хүлэгүүдийг давж чадаагүй Уурхайчид энэ улирал багийнхаа өнгө төрхийг шинэчилж, бүрэлдэхүүндээ ч салхи оруулсан. Үүнийхээ ачаар ч есөн тоглолтоос ес хожжээ.

Грек дасгалжуулагч Василлис Фрагкиасын баг зунжин гадаад, дотоодгүй бэлтгэл сургуулилалт хийж, энэ улиралд их бэлдсэн. Менежер, арын албаныхан нь ч зүгээр суулгүй, бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлэв. Тухайлбал, Г.Баттөр, О.Энхбаатар зэрэг лигийн шилдэг тамирчдыг эгнээндээ элсүүлсэн. Мөн өнгөрсөн зун багт нэгдсэн Г.Болор-Эрдэнэ гэх залуу хүүгийн тоглолт Фрагкиаст таалагдаж байгаа харагдсан. Ахтайгаа нэг багт тоглох болсон түүнд дасгалжуулагч нь хангалттай боломж олгож байгаа.

Мөн Пендарвис Уиллиамсыг онцлох хэрэгтэй. Өдгөө 31 настай, Итали, Герман, Францын лигүүдэд тоглож явсан Америк эр энэ улирал багийнхаа довтолгооны номер нэг сонголт болсон. Сэлгээнээс нь хүртэл дахиад лигийн нэг хүчирхэг баг гаргаж болохоор Уурхайчид плей-оффд нэгдүгээр байраар шалгарна гэхэд буруудахгүй. Харин цааш хэрхэх вэ?

ГЭНЭТИЙН БЭЛЭГ БАРЬЖ БУЙ МЕТАЛЛ, БИЗОН

Тэнүүн Өлзий Металл баг амжилтаараа хоёрдугаарт бичигдэж байна. Тэд сайн бүрэлдэхүүнтэй, плей-оффын баг гэдэг нь тодорхой байсан ч лигийг эхний тойргийн дараах байдлаар ингэж тэргүүлнэ гэж багийнх нь фэнүүдээс өөр хүн бодоогүй байх. Тэд багтаа Кристофер Блэйкийг нэгтгэсэн нь зөв сонголт болсон. Мөн Н.Мөнхчөдөр, Т.Ууганбаяр, О.Сайнбаяр, Б.Сүхбат нар магтмаар тоглолтыг үзүүлж буй.

Н.Мөнхчөдөр лигийн “Тэргүүн тоглогч”-ийн шагналд яригдаад эхэлсэн.

Өнгөрсөн улирал Хүлэгүүдийг аварга болоход багагүй үүрэг гүйцэтгэсэн Т.Цогбадрахыг шинэ багтаа сайн тоглолтыг үзүүлэх болов уу гэж олон хүн харж байсан ч харамсалтай нь одоогоор чимээгүй явна.

Яван чангарна гэдгийг Бизон харууллаа. Аваргуудыг эцсийн мөчид Э.Тулгын шидэлтээр хожиж, анхны ялалтаа авч байсан тэд одоо плей-оффын байранд бичигдэж байна. Дасгалжуулагчийн алба, бүрэлдэхүүнээ бараг бүрэн шинэчилсэн Бизон бол лигийн хатуу самар. Хоёр легионер нь ч учраа олж, багийнхаа хамгаалалт, довтолгоог манлайлах нь лавтай.

УДАХГҮЙ ТОДРОХ М ГАРЬД, ЗАВХАН “BROTHERS”

О.Баярцогт дасгалжуулагчийг А.Энхбаясгалан, Д.Дөлгөөнмөрөнгийн хамтаар багтаа нэгтгэсэн М Гарьд улирлыг тааруу эхлүүлсэн. Гол шалтгаан нь бэртэл гэмтэл. Багийнх нь гол тоглогч болох О.Эрдэнэцогтын бэртэл хөнгөн байсангүй. Азийн аваргын урьдчилсан шатны эрх олгох тэмцээнийг өнжиж, энэ улирлын дундуур тоглолтод оролцов. Түүний адилаар багийнх нь тамирчид ээлж дараалан өвдөж, бэртэж бүрэн бүрэлдэхүүнээрээ хийсэн тоглолт бараг л алга. Гэхдээ М Гарьд хүснэгтийн байрлалаа ахиулах нь цаг хугацааны асуудал байх. Гол нь тамирчид нь эрүүл байх хэрэгтэй байна.

Э.Дөлгөөн гэх багийнхаа ноён нурууг бэртэлд алдсан “Brothers” улирлын эхэнд учраа ололгүй, хомоол хамсан. Хэдий А.Ган-Эрдэнэ, Д.Мөнхтүвшин нарыг эгнээндээ нэгтгэсэн ч амжилт нь тааруу байлаа. Харин Даймонд Стөүн гэх цагтаа NBA-д тоглож явсан төвийн тоглогчийг авчирснаар цус алдалтаа багасгав. Мөн Ц.Отгонжаргал энэ улирал онцгой тоглолтыг толилуулж байгаа. Ийм баг дээр Э.Дөлгөөн нэмэгдэнэ гэхээр тэд “Brothers” бол яалт ч үгүй аваргын төлөөх өрсөлдөөнд яригдах баг.

БАЯН ХОДООД БАЯНГОЛ ХАРЦАГА БА БУСАД

Дээд лигийн шинэ цэрэг Баянгол улирлын тун тааруу эхлүүлсэн. Нэгдүгээр тойргийн есөн тоглолтын дараах байдлаар тэд ердөө ганцхан хожил байгуулжээ. Уг нь ч плей-офф багтчихаар бүрэлдэхүүн байгаа ч эвээ олохгүй л явна.

Дээрх багуудаас гадна чимээгүй яван чангарч буй Алтан Дорнодын Дайчид, ШУТИС Шаркс гэх багууд бий. Дайчидын хувьд А.Ананд, О.Энхбаатар зэрэг гол тамирчдаа явуулсан ч чамлахааргүй амжилтыг үзүүлжээ. Харин Шаркст олон хожил байгуулах боломж байсан ч тоглолтыг төгсгөж чадаагүй. Боломжуудаа ашигласан бол өдийд плей-оффын байрлалд явж байх байлаа.

Мөн “IHC Apes”, Хасын Хүлэгүүд байгаа. Аваргуудын шарталт саяхнаас л тайлагдаж, эргэн ажилдаа орлоо. Харин “Apes” улирлыг хожигдолгүй эхлүүлсэн ч сүүлийн үед тааруу тоглолтыг үзүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж