Айлаас гал гуйх уу, авдраа уудлах уу?!

Хуучирсан мэдээ: 2023.01.12-нд нийтлэгдсэн

Айлаас гал гуйх уу, авдраа уудлах уу?!

Айлаас гал гуйх уу, авдраа уудлах уу?!

Ямартай ч Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэлснээрээ хойд, урд хоёр хөршөөсөө “гал” гуйж, энэ өвлийг “аргалаад” өвөлжих бололтой. Авчиг цаашид хэдий хугацаанд Монгол Улс эрчим хүчээ “аргалж” авч явах вэ. Хойд хормойгоо авч урд хормойгоо нөхсөөр амьдрах уу. Хэмнэлтийн бодлого хэчнээн жил үргэлжлэх вэ? Учир нь, эрчим хүч улс орнуудын эдийн засгийн хөгжлийн түлхүүр. Үндэсний аюулгүй байдлын баталгаа болдог. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар нэмэгддэг агаад төвийн бүсийн эрчим хүчний сүлжээний цахилгааны оргил ачаалал 2021 онд 1387 мВт байсан бол энэ өвөл 1427 мВт болж нэмэгдсэн байна. Харамсалтай нь, эрчим хүчний эх үүсвэрийн тоо нэмэгдсэнгүй.

Өөрөөр хэлбэл, хэрэглээ нь нэмэгдэхийн хэрээр дулааны цахилгаан станцуудын ачаалал нэмэгдэж, хэзээ мөдгүй улсаараа тоггүй тэг зогсолт хийхэд ойрхон байна. Улаанбаатар хотод ч ийм тохиолдол хоёр удаа гарсан. Тиймээс эрчим хүчний эрсдэл Монголд бодитоор нүүрлэсэн, аргалаад аргалаад ачааллаа дийлэхгүйд хүрсэн гэсэн үг.

БОДЛОГОО ЗАРЛАХ БУС ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ!

Уг нь эрчим хүчний үйлдвэрлэлийг сайжруулах боломж, гарц Монголд бий. Нар салхи, ус, нүүрснээс эрчим хүч гаргаж авах хангалттай нөөц, түүхий эд нь бий. Гагцхүү улс төрөө, улстөрчдийн популизмыг даахгүй унасаар эрчим хүчний салбар элгээрээ мөлхөхөд хүрсэн нь бодит үнэн. Тавдугаар цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц, Багануур,

Бөөрөлжүүт, Эг, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцуудыг барьж ашиглалтад оруулна гэж үе, үеийн Засгийн газар мөрийн хөтөлбөрөө болгодог. Ерөнхий сайд болгоны мөрөөдлийн цэсэнд ордог.

Харамсалтай нь, тавдугаар цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулна гэснээс тоолбол 20 гаруй жил, Тавантолгойн цахилгаан станцыг барина гэж амлаж аснаас хойш 10 орчим жил болох гэж байна.

Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогод эрчим хүчний эх үүсвэрүүдийнхээ тоог нэмэхээр тусгасан. Гэхдээ цахилгаан дулааны хэрэглээний өсөлтийг гүйцэх хэмжээнд тог үйлдвэрлэгчийн тоог нэмэх хүндрэлтэй байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хүлээн зөвшөөрчээ. Эндээс дүгнэхэд Монгол Улс эрчим хүчний төслүүдийг зэрэг, зэрэг эхлүүлэх, хэрэгжүүлэх нэн их шаардлагатай байна гэсэн үг. Жишээ нь, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихаас гадна Тавантолгойн цахилгаан станцыг хөдөлгөх, мөн нар салхи, уранаас цахилгаан үйлдвэрлэх гээд бүх боломжоо ашиглаж байж ачааллыг бууруулна, аюулыг “зайлуулна”.

Өөрөөр хэлбэл бодлого боловсруулахаас илүү бодлогоо хэрэгжүүлэхгүй бол Монгол Улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалд жинхэнээсээ аюул нүүрлэж мэдэх бодит эрсдэл бий болсон байна.

Нөгөө талаасаа Монгол Улс эрчим хүчний салбарт “социалист” бодлого барьж ирсний ч хар гай бий. Зах зээлийн чөлөөт эдийн засагтай атлаа эрчим хүчний салбарт төр бодлогоор үнийг барьж ирснээс болж үйлдвэрлэгч нь өр зээлэндээ баригдсан. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын борлуулалт 1.6 их наяд, өр төлбөр нь нэг их наяд 80 тэрбумд хүрчээ. Үүнээс болоод дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг уурхайнууд ч “дампуурах” дээрээ тулчхаад байгаа билээ. Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний баланс алдагдаж, нийлүүлэлтийн хомсдол үүссэнээс болоод нийт эдийн засгийн бүтээмжид сөргөөр нөлөөлж буй.

ЯНДАНГАА ХӨӨЛӨХ ҮҮ, ЦӨӨЛӨХ ҮҮ?

Улаанбаатарын утаа Монголын хамгийн том гамшиг болсон нь үнэн. Гэвчиг утааг бууруулахын тулд яндан хөөлөөд нэмэргүй болохыг дарга нь ч, иргэд нь ч харлаа. Эрчим хүчний эх үүсвэрийн тоог нэмэхгүйгээр зуух, яндан, түлшээ солиод асуудал огт шийгдэхгүй болохыг өнөөдрийн Улаанбаатарын утаа бидэнд бодитоор харуулж, мэдрүүлж байна.

Үе, үеийн Засгийн газрын Улаанбаатарын утааг арилгахад зарцуулсан мөнгөний хэмжээ утгаа алдсан. Уг нь тэрхүү мөнгийг зуух яндан, түлшинд зарцуулж байхаар эрчим хүчний эх үүсвэрийн тоог нэмэгдүүлэх “үүрэг даалгавартай”-гаар хувийн хэвшилдээ өгчихсөн бол эдийн засаг, эрүүл мэндийн хувьд “ололттой”, “өсөлттэй” сууж байхыг үгүйсгэхгүй.

Жишээ нь “Эрдэнэс Тавантолгой” компани сүүлийн гурван жил Улаанбаатарын утааг бууруулахад, сайжруулсан түлш үйлдвэрлэхэд 800 тэрбумыг зарцуулсан байдаг. Энэ мөнгө утаа, угаар, үнс, нурам болоод дууссан. Ийм бодлого, энэ маягаар утаатай тэмцээд утаа арилахгүй нь нэгэнт ойлгомжтой болжээ.

Монгол Улс бол “салхины” эх орон. Тиймээс нар, салхины цахилгаан эх үүсгүүрийг түлхүү хөгжүүлж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ нэмэх цаг болжээ.

Дэлхий дахин хүрэн нүүрснээс татгалзаж, аль болох байгальд хоргүй эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд анхаарах болсон. Хятад төдийгүй гадаадын олон улс цаашид хүрэн нүүрснээс эрчим хүч үйлдвэрлэх ямар ч төслийг санхүүжүүлэхгүй болохоо зарласан.

Байгаль орчин ихээр бохирдуулдаг уул уурхай, аж үйлдвэрүүд сэргээгдэх эрчим хүчийг илүү хэрэглэх нь зүйд нийцнэ. Хамгийн гол нь айлаас гуйх биш монголчууд авдраа уудлах шаардлагатай байна. Алийн болгон “гал байна уу, хөрш өө” гэж гуйлгачин царайлж суух билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж