УИХ-ын чуулганы өнөөдөр /2023.01.12/-ийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Олон жил парламентын босго давж чадахгүй, олон шүүмжлэл дагуулж ирсэн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн барьсан, хүн бүрийн амьдралд хамааралтай чухал хуулийн төсөл юм.
Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг парламентын босго давуулах, тэтгэвэр, тэтгэмжийг тэгш олгодог байх зорилгыг энэ Засгийн газар өргөн барьж, ийнхүү хэлэлцүүлгийн шатанд оруулж ирж байгаа нь маш чухал юм. Багц хуульд, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд багтжээ. Ингэхдээ нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн даатгалыг олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зохистой удирдаж, санг алдагдалгүй түвшинд хүргэх, нийгмийн даатгалын бие даасан тогтолцоог бий болгох, нийгмийн даатгалын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилготойг хууль санаачлагч онцолжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн насыг жил бүр гурван сараар нэмэгдүүлж буйг хэвээр үргэлжлүүлэх, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгох, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулах, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах, тэтгэвэр тогтоолгох дараалсан жилийг 84 сар байгааг 60 сар болгож бууруулах, өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт болон бусад нөхцөлийг тусгасан байна. Ингэснээр тэтгэврийн даатгалын сан тогтвортой ажиллах нөхцөл бүрдэж, ирээдүйд бий болох хүн ам зүйн ачааллын өсөлт, насжилтыг угтаж тэтгэврийн тогтолцооны загварыг өөрчлөх замаар ахмад настанд тулгарах эрсдэлийг бууруулах, нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиас бусад хуульд заасан тэтгэвэр тогтоох нөхцөлийг энэ хуульд нэгтгэснээр хууль хоорондын зөрчил арилгах, даатгуулагчийн нийгмийн баталгаа хангагдах зэрэг чухал ач холбогдолтой хууль юм.
Хуулийн төсөлд тэтгэвэр өвлөгддөг байх, тэтгэвэр тогтоолгохдоо хүн бүр тэгж хамрагдах боломж олгох, хэн ямар нам засаг барьж байгаагаас үл хамаарч нэмэгддэг байх, нийгмийн даатгал өндөр, олон жил төлсөн бол тэтгэвэр нь өндөр тогтоолгодог байх, малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр даах зэрэг олон чухал заалтуудыг оруулж өгчээ.
Мөн олон жил ярьсан олон давхаргат тэтгэврийн тогтолцоо буюу олон эх үүсвэрээс тэтгэврээ авах боломж бүрдэнэ. Ингэснээр хөгжингүй орнуудын жишгээр иргэд хүсвэл хувийн нэмэлт тэтгэвэрт хамрагдах боломжтой болох юм. Иргэд энэ хувийн хуримтлалаасаа урьдчилж аваад боловсрол, эрүүл мэнддээ зарцуулах. Цаашлаад орон сууцны урьдчилгаа төлбөрт ч зориулах боломж бий болох аж. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэхгүй байхаар, тэтгэврийн зөрүүг арилгах, нэрийн дансыг мөнгөжүүлэн өвлөгддөг байх боломжийг бүрдүүлэхээр багц хуулиндаа тусгажээ. Мөнгөжүүлсэн орлогоо боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа зарцуулах нөхцлийг бүрдүүлэх зэрэг олон чухал дэвшлийг агуулжээ.
ДААТГУУЛАГЧДАД ЯМАР БОЛОМЖ ОЛГОХ ВЭ?
Эрх барьж байгаа, Засгийн газраа бүрдүүлдэг нам бүр эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх “аюул” бий болдог. Мөн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж гадны хөтөлбөрүүд хүртэл ийм шаардлага тавих нь бий. Тэгвэл шинэ багц хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй байх, албан журмаар болон сайн дураар даатгуулагчийн нийт шимтгэлээс 2 хувийг хуримтлалд шилжүүлж, тэтгэврийн нөөц сан бүрдүүлэх эхлэлийг тавихаар тусгажээ. Мөн олон жил ажилласан даатгуулагчаа урамшуулдаг тэтгэврийн бодолтыг оруулж, цалингийнхаа 80 хүртэлх хувиар тэтгэврээ тогтоолгож авах боломжийг нээж өгчээ.
АХМАДУУДАД ХЭРЭГТЭЙ ШИНЭЧЛЭЛ ЮУ БАЙНА?
Тэтгэврийн зөрүү гэдэг сүрхий гомдол ахмадуудад бий. Яалтчгүй нийгмийн шилжилтээс улбаалсан эл асуудал ахмадуудын төр засгаасаа хүсдэг гол сэдэв. Тэгвэл Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд тэтгэврийн зөрүүг арилгах, цаашлаад зөрүү үүсгэхгүй байх боломж бүрдэх нь. Мөн жил бүр төр засаг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаа царайг харж тэтгэврээ нэмэгдэх үү гэж суудаг байдлыг өөрчилж тухайн жилийнх нь инфляцтай уялдуулж тэтгэвэр нь автоматаар нэмэгддэг байх зохицуулалтыг суулгаж өгчээ.
Үүнээс гадна тэтгэвэр бодох дараалсан 7 жилийг 5 жил болгон бууруулах зохицуулалт ч багц хуульд тусгажээ. Энэ бүх реформын шинжтэй өөрчлөлтүүдийг хийсэн нөхцөлд цаашид тэтгэвэр буурахгүй нэмэгдэх боломж бүрдэх юм байна.
Мөн малчдынхаа тэтгэвэрт хамрагдалтыг нэмэгдүүлэн малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн 5 жилийнх нь 50 хувийг улсаас хариуцан төлнө. Харин бусад хугацааг нь малчид өөрсдөө төлснөөр тэтгэврээ тогтоолгох аж.
ДААТГУУЛАГЧ ЭЭЖҮҮДЭД ЭЭЛТЭЙ ШИНЭЧЛЭЛ
Уг хуулийн төсөлд ихэр хүүхэд төрүүлсэн эхийн амаржсны тэтгэмжийг нэмэгдүүлэхээс гадна хамгийн чухал нь амаржсны өмнөх болох дараах тэтгэмжийн хугацаанд өөрчлөлт оруулжээ. Өмнө нь амаржсны дараах тэтгэмжийн хугацаа 60 хоног байсныг 80 болгон нэмэгдүүлэх бөгөөд тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр таарвал ажлын өдөр хэмээн тооцох гэнэ.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДДЭЭ ДЭМТЭЙ ӨӨРЧЛӨЛТ
Эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн болон донор болсон иргэдийн авдаг хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн хугацааг 66 хоног байсныг 132 болгож нэмэгдүүлэхээр төсөлд тусгажээ. Мөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эх, эцгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах, даатгал дэргэдээ эмнэлэгтэй болох, үйлдвэрийн ослоос болж хохирол арилгах, хэвийн үйл ажиллагааг сэргээх зорилготой сул зогссон хугацааны ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийг чөлөөлөх зэрэг шинэчлэлүүдийг тусгажээ.
Ийнхүү олон жил яригдсан ч шинэчилж, өөрчилж чадахгүй явсаар ирсэн иргэн бүрийн амьдралд, ирээдүйд чухал ач холбогдолтой Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл УИХ-ын босго давж чадлаа. Одоо хэлэлцүүлгийн шатанд хуулийн улам сайжруулж, багц шинэчлэл хийх нь УИХ-ын ажил болж байна. Иргэд ч гэсэн энэ хуулийг хэлэлцүүлгийн явцад анхааралтай ажиглаж, Засгийн газрын өргөн барьсан реформын өөрчлөлт хийх хяналт тавих шаардлагатай байна.
Т.ОД
Холбоотой мэдээ