Нийгмийн даатгалын сан өөрийгөө санхүүжүүлж явж байгаа

Хуучирсан мэдээ: 2023.01.12-нд нийтлэгдсэн

LiveНийгмийн даатгалын сан өөрийгөө санхүүжүүлж явж байгаа

УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы хуралдаан эхэллээ.

16 : 56
2023-1-12

Нийгмийн даатгалын багц хуулийн дагуу 49 хуульд өөрчлөлт орно

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн барьсан хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

-Энэ бол нийгэмд маш хүлээлттэй байсан хууль. Хүн амын цонх үе нээгдэж байна. Хөдөлмөр эрхэлж байгаа 3 хүний төлж буй НДШ нь нэг хүний тэтгэврийг төлж байна. Нийгмийн даатгалын сан хоосорсон гэх мэт олон асуудал байна. Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангийн мөнгө хэд байна вэ?, өр ширнийхээ асуудлыг шийдсэн үү? Цаашдаа НДС өсч, үржих боломжийг энэ хууль хангах уу? Гадаадад ажиллаж буй иргэдийнхээ эрхийг хэрхэн хамгаалах вэ? Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эх хөдөлмөр эрхлэх боломжгүй. Тэднийг нийгмийн даатгалд хамруулах асуудлыг яаж шийдэх вэ? Үндсэн хуулиар 1-18 насны хүүхдийг хүүхэд гэж тооцдог. Гэтэл 16 нас хүртэл хүүхдэд тэтгэмж өгдөг. Давхар даатгал, хувийн тэтгэврийн сан зэргийг оруулж ирж байгаа юу?

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан:

-Нийгмийн даатгалын санг ямар эх үүсвэрт хөрөнгө оруулж арвижуулах, олон нийтийн хяналтаар хангах зэрэг асуудлыг уг хуульд оруулж ирсэн. Нийгмийн даатгалын санг дампуурсан, будлиантай, өртэй гэсэн ойлголт түгээмэл байдаг.

Бодит байдал дээр уг санд 993.2 тэрбум төгрөгийн чөлөөт үлдэгдэлтэй байна.

Үүнээс тэтгэврийн даатгалын санд 467 тэрбум, тэтгэмжийн санд 117.5 гаруй тэрбум, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд 362.1 тэрбум, ажилгүйдлийн даатгалын санд 38.3 тэрбум төгрөгийн чөлөөт үлдэгдэл байна. 2022 оны байдлаар уг сан ашигтай ажилласан. Төлөвлөгөөг 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай баталсан ч 100 гаруй сая төгрөгийн ашигтай гарсан. Цаашдаа төсвийн татаас багатайгаар дотооддоо боломжийг ашиглан эх үүсвэрээ бүрдүүлэхээр уг хуульд оруулж ирсэн. Зүй зохистой менежмент хийснээр 2023 оны төсөвт ДНБ-ний 2.7 хувьд барьсан. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 

-Нийгмийн даатгалын сан алдагдалтай, улсын төсвөөс татаастай явдаг гэх буруу ойлголт байна. Улсын төсвөөс өгч байгаа татаас бол 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүс, цэргийн албан хаагчдын тэтгэвэрт өгч байгаа хүмүүсийн мөнгөн дүн Нийгмийн даатгалын санд тавигддаг учраас алдагдалтай мэт харагддаг. Нийгмийн даатгалын сан 2016-2018 онд Улсын төсвөөс мөнгөн дүнг өгсөн. Үүнийгээ ковидын үеэр чөлөөлсөн. Сүүлийн жилүүдэд Нийгмийн даатгалын сан улсын төсвөөс татаас аваагүй, өөрөө өөрийгөө санхүүжүүлж явж байгаа.

Аж ахуй нэгжүүдээс авах авлага 364 тэрбум төгрөг, банкуудаас авах 171 тэрбум төгрөг байгаа. 

Гадаадад байгаа иргэдийг нийгмийн даатгалд хамруулах боломжийг хуульд оруулж, нийгмийн хамгааллын харилцааг цахимжуулсан, Чех гэх мэт хэд хэдэн оронтой нийгмийн хамгааллын гэрээ байгуулсан. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харах шаардлагатай эцэг, эхийн нийгмийн даатгалыг улсаас даахаар хуульд тусгасан. Хүүхдийн насны тухайд 18 насаар нь зохицуулалт хийсэн. Монгол Улс бол олон давхаргат тэтгэврийн тогтолцоог санал болгож байгаа. Хувийн тэтгэврийн тогтолцоог сайн дурын үндсэн дээр оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-Олон давхаргат тэтгэврийн тогтолцоо, олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг хангах, тэтгэвэр тогтоох хугацааг 5 жилээр тооцох асуудал мөн энэ хуультай цуг орж ирж байна. Ирэх хаврын чуулганаар энэ хуулиа тал талаас нь дэмжиж, заавал батлахын төлөө хичээцгээе. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Бид цалингаас тэтгэвэр тогтоодог нь эв хамтын тогтолцоо гэдэг арга ядсан зүйл. Хуримтлалын тогтолцоо руу шилжихэд ямар бодлого, үзэл баримтлалын шинэчлэл хийгдэж байгаа вэ? Цалингаасаа тэтгэвэр тогтоогоод явж байхад төрийн тусгай албан хаагчид гээд бүхэл бүтэн арми байдаг. Энэ хүмүүс цалин авч байх үедээ НДШ-ээс чөлөөлөгдөж, богино хугацаанд ажиллаад тэтгэвэрт гардаг. Энэ ялгаатай байдал дээр шударга ёсны шинэчлэлт байгаа юу? Хагас хуримтлалын тогтолцоо руу ороход энэ хууль ямар шинэчлэлт хийж байна? 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан:

-1960 оноос өмнө төрсөн хүмүүс эв санааны тогтолцоогоор тэтгэврээ тогтоолгоод явж байгаа. 1979 оноос хойш төрсөн иргэд бол нэрийн дансны аргаар буюу хуримтлалын зарчмаар 2019 оноос тэтгэврээ тогтоолгоод явах юм. Нийгмийн даатгалын ерөнхий хуулиараа бүх зарчим явагдах ёстой. Засгийн газар цалингийн шинэчлэлтийг эхлүүлсэн. Төрийн албаныхан нэгдсэн нэг сууриар цалингийн тогтолцоотой явна. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан болон цэргийнхний тэтгэврийг төр хариуцдаг учраас 2023 оны төсөвт 550 тэрбумыг Нийгмийн даатгалын санд суулгаж өгсөн. Нийгмийн даатгалын тэнцэл 2022 оны хувиар 100 орчим сая төгрөгийн ашигтай гарсан. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Хууль оройтож орж ирлээ. Нийгмийн даатгалын шимтгэлийг алсдаа яаж харж байна? Нэмэх үү, энэ хэвэнд нь барих уу?. Хамтын тэтгэврийн хууль хэрэгжиж байгаад хүчингүй болгосон. Үүнийг орлох зохицуулалт орж ирж байгаа юу? Тэтгэвэр авагчдын тэтгэвэр нэмэгдэх үү, хасагдах уу? Тэтгэврийн зээлийг монголчууд үр хүүхэд, ач зээдээ зориулдаг. Хэдэн тэтгэвэр авагч хэдэн төгрөгийн зээлтэй байна вэ? Ерөнхийлөгчийн санаачилгаар тэтгэврийн зээл чөлөөлснөөс хойших асуудлыг ярьж байна. Нэрийн дансанд хэдэн их наядын хуримтлал байна вэ? 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан:

-Урт хугацаандаа НДШ-ийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй. Тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн тэтгэвэр нэмэгдэх боломжийг энэ хууль бүрдүүлнэ. Тухайлбал, долоон жилээр тогтоож байгааг таваар тооцохоор оруулж ирсэн. 2023 онд 20 орчим тэрбум төгрөгийг бага тогтоогдсон хүмүүсийн тэтгэврийг нөхөж олгохоор Сангийн яамтай тооцоогоо нийлүүлсэн. Хамтын тэтгэврийн зарчим, тэтгэвэр өвлөгддөг байх асуудлыг дэвшүүлж байгаа. Хань ижил нь нас барвал тэтгэвэр нь 20 хувиар нэмэгддэг болох, тэтгэвэр нь өвлөгддөг болох зэрэг асуудлыг шийдэхийн тулд нэрийн дансыг мөнгөжүүлэх шаардлагатай. Одоо төлөгдөж байгаа шимтгэлийн хоёр хувиар уг санг мөнгөжүүлж, байгалийн баялгийн сангаас мөн татаас авна. Тэтгэврийн зөрүү бол тулгамдсан асуудал. Ажил мэргэжил хашсан хүмүүс өөр өөр цаг хугацаанд тэтгэвэрт гараад зөрүүтэй гарч байгаа. Жил бүр тэтгэвэр тогтоох итгэлцүүрийг шинэчлэх ёстой. Жил бүр үнийн өсөлттэй уялдаад тэтгэвэр нэмэгдэнэ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 

-Нийгмийн даатгалын хууль бол халамжийн хууль биш. Гэхдээ нөгөө талаас төрөөс зайлшгүй дэмжих шаардлагатай хүмүүсийг бодолцож, тогтолцооны өөрчлөлтийг хийхэд зорьсон. 1979 оноос хойш төрсөн, өндөр дүнгээр НДШ төлсөн хүмүүсийн тэтгэвэр өндөр тогтоогдоно. Тэтгэврийн зээлийг тэглэснээс хойш 197 мянга орчим тэтгэвэр авагчид зээл авсан байна. Нэрийн дансны хуулийг мөнгөжүүлэх тухай асуудлыг хөндлөө. Одоо бол НДШ төлж байгаа хүмүүсийн мөнгөөр тэтгэвэр өгөөд явж байгаа. Тиймээс нэрийн дансыг мөнгөжүүлэх шаардлагатай. 1995 оноос өмнө НДШ төлсөн иргэдийн мөнгийг улс нэрийн дансанд буцаан өгөх асуудал тавигдана. 8, 9 орчим их наяд төгрөгийн асуудал яригдана гэсэн тооцоо бий. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Одоо НДШ төлж байгаа хүмүүс ирээдүйд миний авах тэтгэвэр амьдралд минь баталгаа болно гэж харж, шилэн дансаар шалгадаг байх ёстой. Мөн инфляцитай уялдаад тэтгэвэр нэмэгдээд явдаг байх зэргийг оруулж ирсэн нь зүйтэй. Нийгмийн даатгалын сан ашигтай гарсан бол нөөц сангийн эх үүсвэрийг яаж бүрдүүлэх вэ гэдэгт ямар байр суурьтай байна? Энэ хуулиар төсөв дээр гурван төрлийн дарамт нэмэгдэж байгаа. Тухайлбал, тэтгэвэр тогтоох жилийг бууруулсан, 10-аас дээш жил хамт амьдарсан хосын нэг нь өнгөрвөл нөгөөхийнх нь тэтгэвэр шууд 20 хувиар нэмэгдвэл жилд 6 тэрбум болно. Энэ бүхний санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх вэ? НД сангийн тогтолцоо эхлээд хагас хуримтлалд шилжээд дараа нь бүтэн хуримтлалд шилжихээр төлөвлөж байна. Гэтэл ковидын үед бүтэн хуримтлалын сангуудтай улсуудын жишээг хэлээч. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан:

-Тэтгэврийн нөөц сан, нэрийн дансыг мөнгөжүүлэх асуудлыг шийдэж чадвал тэтгэврийг инфляцитай уялдуулах, шимтгэл төлсөн хэмжээгээрээ тэтгэвэр авах зэрэг асуудлууд шийдэгдэнэ. Олон жил алдагдалтай явж ирсэн НД сан дангаараа үүнийг шийдвэрлэж чадахгүй. Тиймээс Засгийн газраас бодлого гаргах шаардлагатай. Мөнгөжүүлэх гол боломж бол байгалийн баялаг юм. 2029 оноос Ирээдүйн өв сан хэрэгжээд явна. Үүнээс 30 хувийг нь нэрийн дансыг мөнгөжүүлэхэд зарцуулъя гээд заалт оруулж ирсэн. Харин Засгийн газар хувь хэмжээг нь уян хатан тогтоох саналыг хэлсэн. Хувийн хуримтлалын сангаасаа хүүхдийн боловсрол, өөрийн эрүүл мэндийн зардал төлбөрийг төлөх боломжтой байхаар уг хуульд зааж өгсөн. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 

-Хуулийн төслийн хүрээнд НД системд өргөн хүрээнд хамруулах асуудал, авлагаа авах, нөхөн төлбөр, цалин орлого нэмэгдсэн зэрэгтэй холбоотой асуудлыг оруулж ирсэн. Бусад улс орнуудын нийгмийн даатгалын сан ямар байна гэхээс засаглал нь ямархуу байдаг нь чухал. Ажил мэргэжлийн сан, байгууллагын хажуудах тэтгэврийн сан зэрэг олон хувилбар олон улсад байна. Койнтой холбоотой залилангийн асуудал бас үүссэн. Хувийн тэтгэврийн сангийн орлого ковидын улмаас 10 орчим хувиар буурсан гэж экспертүүд дүгнэсэн байна. НД санийн засаглал нь хэн менежмент хийж байгаагаас шалтгаалаад өөр өөр байдаг. Шинэчилсэн найруулгаар засаглалын асуудлыг олон улсын жишигт нийцүүлж байгаа. Олон хороод ажиллаж, мэргэжлийн баг ажиллана. 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-НД сан, нэрийн данс мөнгөжих ёстой. Эв санааны нэгдлийн тогтолцоотой явж ирсэн нь 12, 13 жилийн зөрүүний л асуудал байна. НДШ-ийн орлого 3 зүйлээс л бүрдэж байгаа. Бид 7.3 их наяд төгрөгийн тэтгэвэр тавьдаг. 1.7 их наяд төгрөгийг 10 жилийн хугацаатай зээлээд дараагаас нь нэрийн данс руугаа шилжээд явах боломжтой гэж харж байна. Цалин, тэтгэвэр, тэтгэмж инфляцийн түвшинтэй уялдаад явдаг байх ёстой. Тэрнээс байн байн нэмэх тухай яриах биш. Үүнийг та нар яаж харж байна. НДШ төлөөд явж л байгаа бол тэтгэвэрт гарсан, гараагүй учирсан эрсдлээс шалтгаалан өвлөгддөг байх хэрэгтэй. Төрөлхийн болон олдмол хэр нь нөхөн сэргээгдэх боломжгүй хөгжлийн бэрхшээлийг хоёр жил тутамд хөдөлмөр магадлалын комиссоор оруулж чирэгдэл учруулах хэрэг байдаг юм уу? 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 

-НД хуулиараа олон жил ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг дэмжих бодлого оруулж ирсэн. Одоо бол олон жил ажиллах тусах тутам тэтгэврийг нь бууруулж бодож байна. Харин шинэ хуулиараа олон жил ажиллах тусам өндөр тэтгэвэр тогтох жишиг тогтоно. Тэтгэврийн бодолт бол сайн. Харин цалин хөлс бага байгаа нь асуудал болоод байгаа юм. Нэрийн данс нь мөнгөжвөл тэтгэвэр нь өвлөгдөх нөхцөл бүрдэнэ. Тухайн жилийн инфляцитай уялдаад автоматаар нэмэгддэг байх асуудал хуулийн төсөлд орж ирсэн. 80 гаруй өвчний төрлөөр хөдөлмөрийн чадвар алдагдлыг тогтоодог. Төрөлхийн болон олдмол хэр нь нөхөн сэргээгдэх боломжгүй хөгжлийн бэрхшээлийг хугацаа заалгүй оруулж ирж байгаа. Бас тусгай эмнэлгийг НД-ийн хажууд ажиллуулна. Ингэснээр хөдөлмөрийн чадвар алдсан хүн бүртэй тулж ажиллаад, нөхөн сэргээх боломж нэмэгдэнэ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

-Монголын ажил олгогчдын 80 орчим хувь нь НДШ төлж, 750 мянга орчим хүн гээд үзэхээр 4 хүний нэг нь  сангаас даатгал, тэтгэвэр авч байна. Маш олон асуудлыг энэ хууль шийдэж байна. Олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг оруулж ирж байгаа юм байна. Байгалийн баялгаас орж ирэх мөнгийг нэрийн дансанд оруулна гэдэг нь маш зөв. НД сангийн засаглалыг сайжруулах, санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах асуудал орж ирж байна. Цалин, тэтгэвэр нь бүтээмжтэй холбоотой байдаг. Үүнийг яаж тооцож байна? Малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчид НД-д хамрагдалтыг яаж оруулж ирж байна. Гадаадад амьдарч, ажиллаж байгаа хүмүүсийн Монголдоо шимтгэл төлөх харилцааг яаж оруулж ирж байна? 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 

-НД-ын харилцааг зөвхөн нэг хуулиар зохицуулна гэж оруулж ирж байгаа. Гэхдээ бусад хуулиар зохицуулж ирсэн харилцааг энэ хуульд оруулж ирж байгаа. Малчдын НД-ын хамрагдалтыг нэмэгдүүлэх бодлогыг хуулийн төсөлд оруулж ирсэн 20 орчим мянган малчин НД-ын тогтолцоонд хамрагдаж байгаа. Урамшууллын тогтолцоог нэвтрүүлж, малчдыг НД-д хамрагдалтыг нэмэгдүүлэхээр тооцсон. НД-ын үйлчилгаа бүрэн цахимжсан. Тиймээс гадаадаас шимтгэл төлөх боломж бүрдсэн. Мөн 6 улстай гэрээ байгуулж, хоёр улсад төлсөн шимтгэлээ Монголд төлсөнтэй дүйцүүлэх, хоёр улсаас тэтгэвэр авах нөхцлийг бүрдүүлнэ. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

-Олон улсад тэтгэвэр тэтгэмжийн тооцооллыг гаргахдаа даатгуулагчид ашигтай байхыг тооцдог. Гэтэл шинэ хуульд зарим заалт нь даатгуулагчид хохиролтой байна. Жишээлбэл, хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан иргэдийн тэтгэмж нь тухайн үед тэтгэвэр бодож байгаа үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцно гэсэн байна. Тэтгэврийн доод хэмжээг тооцох нь хуучин хуулиас хэр ялгаатай байх вэ? Даатгуулагчид ашигтай байхаар хэр дэвшилттэй байх вэ? Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн харилцаа сайн дурын гэдгээрээ үлдэж байгаа бололтой. Тэгэхээр албан бус хэвшилд ажиллаж байгаа иргэдийнхээ даатгалаас ашиг хүртэх нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Тиймээс албан бус хэвшилд байгаа иргэдийн даатгалыг албан журамд оруулж болохгүй юу? 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 

-НД тогтолцоо олон улсад аль болох сонголттой байдаг. Албан журам, сайн дураар даатгуулах тогтолцоог манайх хэвээр хадгална. Малчдыг даатгалд хамруулахын тулд урамшууллыг оруулж ирж байгаа. 10 жил НДШ төлбөл тэтгэвэрт хамрагддаг. Тэгвэл малчдын НДШ-ийн 5 жилийг улсаас даах зэрэг урамшуулал өгнө. НД-д хамрагдах ашгийг сурталчлах, тэтгэвэр хэрхэн авах, бодох аргачллын сургалтын асуудлыг оруулж ирсэн. 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-НД бол ажиллах, хөдөлмөрлөх сонирхлыг нэмэгдүүлэхэд суурилах ёстой. Өөрөөр хэлбэл НД төлөөд үр шимийг нь хүртэж байхад оршино.  Тэгвэл одоо байгаа системээр иргэд, ажил олгогчдын төлж байгаа НДШ үр өгөөж багатай учраас төлөх сонирхол байдаггүй. 17 хувийн НДШ-ийн хоёр хувь нь хуримтлалд шилжихээрээ онцлог. Хуримтлалд шилжсэн хувь нь өвлөгддөг байна. Хувийн нэмэлт тэтгэврийн хууль орж ирснээр иргэдийн эрх ашгийг хамгаалах нөхцөл бүрдэнэ. Инфляцитай уялдаад явахаар цаашдаа тэтгэврийн зөрүү арилна. Хуримтлалын сангийн хууль хэрхэн баялгийн сангийн хуультай уялдах вэ? 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан:

-Тэтгэврийг олон давхаргат тогтолцоонд шилжүүлж байгаа. Хувийн нэмэлт тэтгэврийн сан бол хууль батлагдсанаар  хуримтлалын зарчмаар явна. Хуримтлалын санг манай улс байгалийн баялгаасаа үүсгэх боломжтой. Баялгийн сангийн хууль батлагдсанаар хуримтлалын сан хэрэгжээд явах боломж бүрдэнэ. Эрүүл мэнд, боловсролын асуудлыг мөнгөжсөн сангаасаа авах боломж бүрдэнэ. 

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. 

15 : 55
2023-1-12

Гадаадад ажиллах хүчнийг зуучлах эрхийг хувьд шилжүүлнэ

 Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

УИХ-ын гишүүн Ш.Оюунчимэг:

-Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг батлаад удаагүй байгаа ч Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд шимтгэлийн асуудлыг шийдэх шаардлагатай болсон. Цар тахлын хуулиар 50 хувийн хөнгөлөлт олгохыг болиулж байна. Ажиллах хүчнийг зуучлах эрхийг хувийн хэвшилд шилжүүлэх нь хэр оновтой юм бэ? 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан:

-Хуульд гадаад ажилтныг төлбөрөөс чөлөөлөх тухай заалт байгаа. Монгол Улсын Засгийн газрын гэрээний дагуу болон стратегийн ач холбогдолтой салбарт буюу бүтээн байгуулалтад ажиллаж байгаа гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай юм. Шинэ сэргэлтийн бодлогод хувийн хэвшлийн гадаадад ажиллах ажлын байрны 50 хувийг хөнгөвчлөхөөр заасан. Өмнөх хуульд зөвхөн чөлөөлөх эрх өгсөн байсан дээр хөнгөвчлөх эрхийг нь нэмж оруулж өгч байгаа юм. Зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх асуудал олон салбарт явж байна. Гадаадад ажиллах хүчнийг зуучлахыг заавал төр хийх шаардлагагүй гэж үзсэн. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Гадаадаас ажиллах хүчин авах тухай хуультай холбоотой хоёр асуулт байна. Хөнгөлөлт, чөлөөлөлт гэдэг асуудлыг шийдэхгүйгээр энэ асуудлыг шийдэх боломжгүй юу? Гадаадаас ажиллах хүчин авч ажиллуулсны төлбөр нь ач холбогдолтой зохицуулалт. Дотоодын хөдөлмөрийн зах зээл дээр цалин хөлс зэрэг асуудлаас шалтгаалаад асуудал ихтэй. Гадаадад ажиллах хүчин гаргах, зуучлах асуудлыг хувийн хэвшилд олгож байгаа нь зөв. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан:

-Гадаадаас ажиллах хүчин авсны төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлж, дотоодын ажиллах хүчнийг дэмжих зэрэгт зарцуулна. Ашигт малтмал газрын тосны салбарыг гадаадаас ажилчин авсны төлбөрөөс чөлөөлөхгүй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрсөн дээрх төлбөрийн нийт дүнгээс харвал 20 хувийг уул уурхайн салбараас төвлөрүүлсэн байна. Гадаадаас ажиллах хүчин авах тоо хэмжээнд салбар бүр нь өөрсдөө шийддэг байхаар тусгасан. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Монгол Улсын хэдэн иргэн гадаадад ажиллаж, амьдарч байна вэ?, ямар салбарт ажиллах сонирхолтой болоод гадагшаа гарч байна, залуус аль салбарт ажиллах сонирхолтой байна? Гадаадад харласан иргэдэд анхаарал хандуулах яам байна уу? Монголын иргэний хөдөлмөр эрхлэх эрхийг хамгаалсан асуудлыг эхлээд оруулж ирээч ээ. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төлбөрөөс чөлөөллөө гээд гадаадаас ажиллах хүчин орж ирэх үү? Цалин хөлс багатай Монголд хэн орж ирж ажиллах вэ? 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 

-Бидэнд байгаа мэдээллээр хилийн чанадад 100 гаруй мянган монголчууд ажиллаж, сурдаг. Гадаадад суугаа Элчин сайдын яамд, консулын газруудад тухайн оронд ажиллаж буй хүмүүсийг бүртгэх тухай энэ хуульд зааж өгсөн байгаа. БНСУ-д 44000 орчим хүн албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж байгаа. Бусад улс орнуудад аль салбарт, ямар цалин хөлстэйгөөр ажиллаж байгааг судалж байгаа. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг ямар байгууллага судалгаа хийж, дүгнэлт гаргадаг вэ? Монгол Улсад ажиллангаа ядуурдаг тогтолцоо бий болсон. Эрээнд гарч аяга угаахад хэд дахин илүү цалин хөлстэй болчихсон. Монголд ямар цалин хөлстэй байж ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн зөв голдиролдоо орох юм? Монгол Улсад ажиллаж байгаа гадаадын ажиллах хүчин болон Монголоос гадаадад ажиллаж байгаа хүчний мөнгөн урсгалын харьцуулалт байна уу? Чанартай ажиллах хүчин, ажлын байрыг чанаржуулах гэдэг асуудлыг та нар анхаарч байна уу? 

Зах зээлийн аргаар нь аж ахуй нэгжүүдэд цалин нэмэх боломжийг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барьсан. Цалингаа нэмсэн аж ахуй нэгжид татварын тодорхой хувь хэмжээгээр хөнгөлөлт дэмжлэг олгодог болъё гэсэн санаачилга гаргасан. Японд бол энэ амжилттай хэрэгжиж байгаа. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 

-Яамны харьяанд судалгааны институт байдаг. Улирал тутамд судалгаануудыг гаргаж олон нийтэд танилцуулдаг. Чанартай ажлын байрыг бид "зохистой ажлын байр" гэж томъёолж байгаа. Энэ нь эрүүл, аюулгүй гэдгээс гадна авч байгаа цалин нь амьдралд нь хүрэлцээтэй байх, өсч дэвжих бололцоогоор хангах зэрэг асуудлыг хамруулдаг. Гадаадаас Монголд өнгөрсөн оны эцсийн байдлаар 8461 гадаадын ажилчин ажиллаад 95.9 тэрбум төгрөгийг НДШ-д төлдөг. 2000 гаруй аж ахуй нэгжид эдгээр нь ажиллаж байна. Монголоос гадаадад ажиллаад эх орон руугаа шилжүүлж байгаа мөнгөн дүнг Монголбанкнаас гаргах байх. Тэтгэвэр бага байгаа нь ерөнхийдөө цалин хөлс бага байгаатай холбоотой. Гадаадад ажиллаж байгаа монголчууд 2015 оны байдлаар  жилд 4.8 сая ам.долларыг эх орон руугаа шилжүүлсэн байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Энэ хууль бол маш хүнд сурталтай хууль. Сум болгонд хосоороо явж шашин сурталчилдаг хүмүүсийг цэгцлэхийн тулд оруулж ирж байгаа сүмд нь 1 ухуулагч оруулж ирэхийн тулд 5 монголыг цалинжуулах төлбөр өг гэж тулгасан. Ингэснээр тэд бүгдээрээ гараад явчихсан. 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсад хууль бусаар ажиллаж амьдарч байсан 12 мянган гадаадын иргэнийг албадан гаргасан. Тэрний нэг хэсгийг энэ хуулийн дагуу гаргасан юм. Ажиллах хүчний асуудлыг хэрхэн либералчилж байгаа вэ? 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 

-Шашны чиглэлээр орж ирж байгаа хүмүүсээс 2015 оноос хойш төлбөр хураамж авдаг болсон. Энэ хуулийн дагуу ажиллах хүчний авч ажиллуулах хүсэлт, мэдээллийг цахимжуулсан. 

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. 

15 : 25
2023-1-12

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хэлэлцэв

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-"Эрдэнэс Тавантолгой" компанийн 30, 34 хувийг авчихна гэсэн хардлага л яваад байна. Хөрөнгийн биржид бүртгэлтэй болбол нээлттэй компани болчихно. Наанадаж 1072 хувьцаагаа гүйлгээнд оруулъя гэж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Тавантолгой хувьцааны 49 хувийг тогтоолоор хийх асуудал биш. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-1072 хувьцааны үр өгөөжийн талаар яримаар байна. Сум бүр уурхайтай болох юм уу? Зөвхөн нэг уурхайн асуудал биш баялгийн сангийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай байна. Баялгийн сангийн хуулиа яаралтай оруулж ирэх хэрэгтэй байна. Нөхцөл байдал ямар шатандаа явна? 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Уул уурхайн биржийн тухай хуультайгаа уялдуулаад 1072 хувьцааны асуудлаад шийдчихье гэж байгаа юм. 2012 оноос хойш Эрдэнэс Тавантолгой нь хаалттай компани хэвээр байгаад байна. Хийгээгүй үлдээсэн асуудлаа шийдэх гэж байгаа юм. 

Гишүүд асуулт асууж дууслаа. 

 “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр нь батлах байнгын хорооны саналыг дэмжлээ. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй санал хураалт явууллаа.

12 : 51
2023-1-12

УИХ-ын тогтоол амьдрал дээр гараад хэрэгждэг байх ёстой

Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголтой холбогдуулж боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-УИХ-ын чухал тогтоолыг хэлэлцэж байна. Хамгийн гол нь УИХ-ын тогтоол амьдрал дээр гараад хэрэгждэг байх ёстой. Нүүрсний хэрэг, хэдэн их наяд төгрөгийн орлого, оффтейк гэрээ, нийлүүлэлт гээд олон асуудал байгаа. Энэ тогтоол дээр оффтейк гэрээг байгуулахгүй байя, олон улсын хэмжээний гэрээ, хэлцэл байгуулах бол УИХ-аар хэлэлцдэг байя гэсэн саналуудыг тусгасан.

"Эрдэнэс Тавантолгой" компани 2019 оны ногдол ашгаа бол өгсөн. 2020-2022 оны ногдол ашгаа олгоогүй. Тиймээс үүнийг олгох талаар тогтоолд тусгахыг хүссэн. Бүрэн эрхэт төлөөлөгч нарыг дээрх онуудад ногдол ашиг хэд болсныг УИХ-д тайлангаар тавиасай гэж хүсч байна. Мөн хоёр удаа бонд гаргасан. Энэ бондын зарцуулалтын тайланг сонсч, мэдмээр байна. Ногдол ашгаар дулааны станц барьж, төмөр зам байгуулна гэсэн ч станц нь баригдаагүй, төмөр зам нь ямар байдалтай байгааг бид мэдэж байгаа. Энэ заалтыг тусгаад ногдол ашиг өгөх талаар "Эрдэнэс Тавантолгойд" чиглэл өгөх ёстой гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн С.Амарсайхан:

-Төрийн өмчит компаниудын орлого, зарлагын тайланг зөвхөн ТУЗ-ийн хэмжээнд мэдээлж, баталдаг. Гэхдээ орлого, борлуулалтын төлөвлөгөө, зардал чирэгдэл дээр УИХ, Засгийн газар сонсож, мэдээлэл авдаг болж, төлөвлөгөөг нь хянадаг болох ёстой.

Тогтоол дээр "Эрдэнэс Тавантолгой" компанийн ногдол ашгийг олгох талаар заасан. Гэхдээ цаашид ногдол ашгийг нь иргэдэд бэлнээр бус хадгаламжид байршуулж, орон сууцны урьдчилгаа, зээлийн төлбөртэй нь уялдуулж, хариуцлагадуулах ёстой гэж бодож байна. 

Нүүрсний хулгайтай холбоотой жинхэнэ том хүмүүс нь ил болж ирж байна. Бидний яриад байдаг анхан, дунд шатны албан тушаалтнууд ой толгойд багтахааргүй их мөнгийг гэртээ хадгалж байна. Ичихгүй Монголд үл хөдлөхийн бизнес хийсэн гэж ярьж байна. Ковидын үед ямар тийм бизнес байдаг юм? 

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Нийтийн сонсголоор 3 чухал асуудлыг иргэд тавьсан. Оффтейк гэрээ, богинын тээврийн асуудал, "Эрдэнэс Тавантолгой" компанийг тойрсон худалдан авалт.

Мөн Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн асуудлаар олон иргэд үгээ хэлсэн. 1991 оны Засгийн газрын тогтоолоор орон нутгийн Тавантолгой дээр бүрэн эрхэт төлөөлөгч томилж, үйл ажиллагааг нь зогсоосон. 1992 онд Монгол Улс батлагдахын өмнөх буюу коммунизмын хууль тогтоомжийг ашиглана гэдэг чинь Үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл мөн. 

1991 онд Монгол коммунист засагтай худалдаа эрхлэгчдийг панзчин, дамын наймаачин гэж нэрлэж, хавчин гадуурхаж, нийтэд гутаан доромжилж, хувийн өмчийг хориглодог байсан шүү дээ.

Гэтэл тэр үеийн хуулийг ашиглана гэдэг нь  коммунизм руугаа буцсан үйлдэл. Засгийн газар өнөөдөр УИХ-ын тогтоолын дагуу ажиллана гэдэг нь их асуудал болсон шүү. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө дагаж мөрдөж байгаа юу гэдгээ судлаарай. Дахиад Үндсэн хуулиа өөрчлөх гэж байна. УИХ-аар батлуулалгүй Засгийн газар нь оффтейк гэрээ хийсэндээ ирээдүйд хариуцлага хүлээнэ шүү.

Нүүрсийг амнаас нь зараад тээврийн маш их ачаалал үүсгэнээс болоод богинын тээвэр гэдэг асуудал үүссэн. Үүнийг төмөр зам дээр хэрэгжүүлээд одоо төмөр замын албан тушаалтнуудын гэрээс нь маш их хэмжээний мөнгө олдож байна. Энэ асуудалд Зам, тээврийн хөгжлийн яам шуурхай ажиллахгүй бол өнөөдрийн нөхцөл байдал улам гүнзгийрүүлнэ. 

"Эрдэнэс Тавантолгой" компанид өөрийн хүмүүсээ даргаар тавиад түүгээрээ дамжуулж авлига авдаг, мөнгө угаадаг асуудлыг цэгцлэх шаардлагатай.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортийн ил тод байдал, хяналт, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагааны чиглэлийг Монгол Улсын Засгийн газарт өгч байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотой хуулиудад өөрчлөлтүүд орно. Тэр болтол ил тод байдлыг хангах, хянах, үр ашгийг нэмэгдүүлэхэд Засгийн газарт үүрэг өгөх ёстой. Өөрийн өртгийг бууруулах чиглэлээр Засгийн газарт үүрэг өгөх хэрэгтэй. Үүнийг тогтоолын төсөлд тусгах боломжтой юу? 1072 хувьцааны үр ашиг, ногдол ашиг олгох асуудлыг Цагаан сараас өмнө шийдэх ёстой. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

-Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулсан. Энэ хүрээнд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах чиглэлийг Засгийн газарт уг тогтоолоор өгч байна. "Эрдэнэс Тавантолгой" компанид дахин үнэлгээ хийх, ногдол ашгийг шинээр тогтоох, 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн иргэддээ хувьцааг шинээр эзэмшүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх, саналаа 2023 оны нэгдүгээр улиралд УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлэх чиглэл өгөхөөр заасан. 2020-2022 оны ногдол ашгийг нөхөн олгох асуудлыг ч УИХ-ын тогтоолд багтсан. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Нүүрсний экспорт хилийн хэдэн боомтоор гарч байна. Аль аль боомт дээр хулгайн асуудал илэрсэн бэ? Нүүрс тээвэрлэсэн жолооч болгон, төмөр замчид, олборлосон уурхайчин бүр хулгайч мэт яригдаж байна. Үндсэндээ хулгай нь төрийн компанитай холбоотой гэж бодож байна. Нүүрсний хулгай яг хаана нь байна вэ? 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

-Хянан шалгалтын түр хорооноос зохион байгуулах нийтийн сонсгол дээр хэн хулгайч вэ гэдэг нь тодорхой болно. Энэ сонсголд холбогдогч нар нь оролцоно. Төрийн өмчит компаниуд дээр хулгай, луйвар байгаа нь тодорхой байна. Тиймээс бид эрс шинэчлэлт хийх шаардлагатай байгааг онцолж, Засгийн газарт үүрэг чиглэл өгч байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Ногдол ашгийг иргэдэд хуваарилах, Засгийн газрын тавьж байгаа оффтейк гэрээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл биш УИХ-аар хэлэлцье, Баялгийн сангийн хуулийг түргэвчилье гэх мэтээр чухал санаанууд уг тогтоолд орж ирж байна. Төрийн өмчийн, төрийн өмчийн оролцоотой компаниудыг хариуцаж байгаа хүмүүсийн сэтгэлтэй холбоотой асуудал яригдаад байна. Төрийн өмчит компаниудын засаглалыг шинэчлэх шаардлагатай байна. Сонсгол дээр хууль хяналтынхан юу хэлэв, нүүрсний гэрээнүүдийг хийсэн төрийн албан хаагчдын нэрс тодорхой болов уу? 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

-Эрх бүхий албан тушаалтнууд, сайд нар мэдээлэл, тайлбар ерөнхий хяналтын сонсголд хийсэн. Уг сонсголоор мэдээлэл өгөхдөө тодорхой хүмүүсийн нэрс дурдагдаагүй. Хянан шалгах түр хороон дээр нотлох баримт цуглуулж, шинжээч ажиллуулж, дүгнэлт ажиллуулж байгаа. Гэрч, холбогдогчийг дуудаж асуух эрх нь уг хороонд байгаа. Нүүрсний тээврийн компаниудын ард хэн байна гэдэг нь түр хорооны үйл ажиллагаанаас тодорхой болно. Тиймээс Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг зургаан сараар сунгасан. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Ерөнхий хяналтын сонсголд мэдээлэлтэй албан тушаалтнууд, мэдээлэлгүй ард иргэд ороод юм ярих боломж олдоогүй. Мөрдөн шалгах сонсголыг Хаврын чуулганы хугацаанд биш өмнө нь хийвэл яадаг юм бэ? Энэ бол зөвхөн "Эрдэнэс Тавантолгой" биш Монголын бүх баялагтай холбоотой. "Эрдэнэс Тавантолгой"-г тойрсон 25 компани байна. Энэ бүх компанийн үр ашгийг харвал 3.4 сая хүн бүгд баян тансаг амьдрах боломж байна. 1072 хувьцаа гэж зөвхөн "Эрдэнэс Тавантолгой" дээр л ганцхан яримааргүй байна. Оффтейк гэрээг УИХ-аар хэлэлцүүлнэ гэж тогтоолд оруулж ирдэг нь хулгайг дахин үргэлжлүүлэх гээд байгаа юм уу? 119 долларын нүүрсийг 60 доллараар борлуулаад дундаас нь мөнгө завшиж байгаа юмыг цаашид үргэлжлүүлэх ямар хэрэгтэй юм? Аудитын дүгнэлт гаргаад оффтейк гэрээг үргэлжлүүлье гэж хэн ч сонсголоор яриагүй. Энэ өгүүлбэрийг хэн оруулж ирсэн бэ? 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

-Ерөнхий хяналтын сонсголыг өмнө нь 3 удаа зохион байгуулаад УИХ-аас шийдвэр гаргаж байгаагүй. Харин нүүрсний хулгайтай холбоотой сонсголын араас УИХ-ын тогтоол гарч байгаа нь анхных.

Т.Доржханд, М.Оюунчимэг гишүүдийн саналаар дээрх санал орж ирсэн. "Эрдэнэс Тавантолгой"-д аудит оруулаад зарим үр ашигтай оффтейк гэрээ байвал үргэлжлүүлэх нь зүйтэй юм гэсэн санаа юм. Аудит оруулаад санхүүжилтийг үргэлжлүүлэх гэсэн асуудлыг Эдийн засгийн хороонд шилжүүлэхэд та шаардлагатай бол саналаа хэлээд өөрчлүүлээрэй. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 

-Оффтейк гэрээ олон улсад ашигладаг. Харин нууцлаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргадаг байх нь буруу гэж үзэж байгаа юм. 

Оффтейк гэрээгээр 18-19 их наяд төгрөгийн алдагдалтай болчихсон компанийг дахиад ард түмэнд ногдол ашиг өг гээд дарамталж болохгүй. Хулгайн асуудлаар попроод байна. Өөрийг нь хулгайч гэхээр нотлох баримтаа гаргаж ирж ярихгүй, ард түмэндээ хувь өгье гээд яриад байна. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-86 сая тонн нүүрс борлуулаад 12.6 их наяд төгрөг олоод 7.6 их наяд төгрөгөөр нь худалдан авалт хийчихсэн асуудал байгаа юм. Нүүрс уурхайн амнаас нь 60 ам.доллараар борлуулаад, боомт дээр очихоороо 240 ам.доллараар зарж, дундаас нь 180 ам.доллар тонн тутамд хулгайч нарын хармаанд орсон асуудал юм. 19 их наяд төгрөгийн оффтейк гэрээний асуудал яригдаж байна. Монгол Улсын жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний гэрээ хийчихсэн байхад хянаж шалгаж, үзэж хардаггүй юм уу? Хувьцааны ашиг өгөөгүй. Монголын ард түмэнд ногдол ашгийг нь өгөх ёстой. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 

-Ерөнхий хяналтын сонсгол дээр асуудлыг нь шийдэлцэх гээд ороод суусан. Сүүлдээ хулгайчаараа дуудуулсан. Тэр сонсгол дээр талбай дээр жагссан хүмүүс бараг бүгдээрээ оролцсон. Талбай дээр жагссан хүмүүсийг оролцуулаад түр хороо ч юмуу байгуулаад хамтдаа нэг ширээний ард сууя л даа. 

10 : 52
2023-1-12

Том хөрөнгө оруулалтыг дагаж л гадаадын банк орж ирнэ

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Энэ хуулийн асуудал өмнө нь нэг хөндөгдсөн. Буцахдаа гадаадын улс орнуудын төрийн өмчийн компани хөрөнгө оруулалт хийж болохгүй гэж яригдаж байсан. Одоо бол хуульд гадаадын орнуудын төрийн өмчит компаниуд хөрөнгө оруулалт хийж болохгүй гэдгийг бататгаж асууж байна.

Гадаадын том хөрөнгө оруулалтыг дагаж гадаадын банкууд орж ирдэг. Оюутолгой-Рио Тинтог дагаж хоёр гадаадын банк орж ирэх гэж байсан. Гэтэл Рио Тинтогийн мөнгийг гадаадын банкинд байршуулж болно гэчихээр Монголд тэр банкууд орж ирэхгүй болчихож байгаа юм. Үнэт цаас гаргана гээд байгаа. Гадаадын зах зээл дээр үнэт цаас гаргаж босгоод өр нэмэхээр Монгол Улсын өр л нэмэгдэнэ. Хөгжлийн банк шиг асуудал үүсвэл энэ аюултай зүйл шүү.

Хууль гарсны дараа Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк зэрэг газрууд хяналт тавьж ажиллах ёстой шүү. Монголбанк хяналтаа сайн тавиагүйгээс Хөгжлийн банкны асуудал үүссэн шүү. 

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Гадаадын төрийн өмчит банк Монголд хөрөнгө оруулалт хийвэл аливаа нэг улсын хөрөнгө оруулалт 1/3-нээс илүүгүй байх ёстой гэсэн заалтын дагуу Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар явна. Хэрвээ зөвшөөрөл хүсч, лимит хэтэрсэн байвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс санал авч байж Монголбанк шийднэ. 

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван: 

-Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хуульд зааснаар гадаадын төрийн өмчит банк тусгай зөвшөөрөл хүсвэл Монгол Улсын Засгийн газраас буюу Эдийн засгийн хөгжлийн яамнаас урьдчилан зөвшөөрөл авна. Үнэт цаас гаргаж гадаад эх үүсвэрээс хөрөнгө татаж байгаа нь Монгол Улсын өрийг нэмнэ. Гэхдээ бид үүнд хязгаар тавиагүй. Гэхдээ энэ нь хөрөнгө оруулалт гэж бүртгэгддэг тул Хөрөнгө оруулалтын сангаас хяналтаа тавиад явна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

-Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк компанийн хувьцааг тав хүртэлх жилээр эзэмшиж болно. Харилцагч, түүний холбогдох компанийн хувьцааны 20 хүртэлх хувийг эзэмшиж болно. Ингэхдээ саналын эрхгүй байна гэсэн байна. Энэ заалтаар харвал зориуд зорилготойгоор зээл авчихаад зээлээ төлж чадахгүй тохиолдолд компанийн хувьцааны 20 хүртэлх хувийг 5 жилийн хугацаанд  эзэмшиж буй хөрөнгө оруулалын банк эрсдлийг яах вэ?

Нөгөө талд хөрөнгө оруулалтын банкууд орж ирсний дараа томоохон төслүүд, төрийн өмчит компаниудад зээл өгч, наагуур цаагуур хуйвалдсаар байгаад эцэст нь хөрөнгө оруулалтын банкны мэдэлд оччихвол яах вэ? Үүнээс хамгаалсан ямар арга хэмжээ авах вэ? 

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкнаас зээл авч буй зээлдэгч барьцаа байршуулахдаа банкны тухай хуулиар зохицуулагдана. Зээлд эрсдэл гараад тухайн банк зээлдэгчээ барьцаанд тавьсан лицензийг нь хураахаар бол лицензийг нь банк эзэмшихгүй. Харин өр барагдуулалтаар хохирлоо барагдуулаад одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй бусад хуулиудаар зохицуулагдаад явна. 

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван: 

-Анх өргөн мэдүүлсэн хуульд хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны эзэмших хувьцаа нь 49 хувь гэж оруулж ирсэн байна. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үндсэн үүрэг нь төсөл санхүүжүүлэх байна. Энэ үндсэн үүрэгтэй холбоотойгоор тухайн компанийн хувьцааны 20 хүртэлх хувийг эзэмшдэг байх юм. Одоо мөрдөгдөж буй хуулиар арилжааны банкууд хуулийн этгээдийн хувьцааны 10 хүртэлх хувийг л эзэмшдэг. Энэ банк нь зөвхөн төслөө санхүүжүүлж, үндсэн үүргээ л биелүүлье гэж зааж өгсөн. Төслийн хэмжээнээс хамаараад олон улсад хувь эзэмших хугацаа нь 5-9 жил байдаг. Өөрийн хөрөнгө оруулж буй төсөлд хувьцааг нь 5 жил хүртэлх хугацаагаар эзэмшээд, дараа нь буцаагаад тухайн компанидаа зарах юм. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Нэгэнт гадны хөрөнгө оруулалтын банк оруулах гэж байгаа бол гайгүй хууль хийж, томхон юм оруулж ирмээр байна. Баахан заалтаар хязгаарлачихаар банк бус санхүүгийн байгууллага шиг л юмнууд орж ирнэ дээ. Эрх үүргийг нь ч тавиад том банк орж ирэх боломжийг нь олгох ёстой.

Манай уул уурхайн компаниуд гадаадын банкнаас лицензээ тавиад зээл авахаар мөнгө нь орж ирдэггүй. Эцэст нь лиценз нь гадаадын банкинд оччихдог. Монголбанк үүнд хяналт тавьдаггүй. Тиймээс гадаадын банкийг оруулж ирэх нь зөв. Дээр нь банк, ашигт малтмалын тухай хуулиуддаа авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж буйд, мөнгө нь орж ирсэн эсэхэд хяналт тавихыг зааж өгсөн заалтуудыг оруулах ёстой. Гадаадынхан Монголд хөрөнгө оруулж байгаа нэртэй лиценз тавиад зээл аваад алга болчихдог. Ийм бүлэглэл ч үүссэн. Саусгоби дээр ийм жишиг болсон. Ашигт малтмалын болон банкны тухай хуульд үүнийг яаж оруулж ирэх вэ? Одоо байгаа ашигт малтмалын хууль бол лицензээ тавиад туучихсан хууль байгаа шд.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Хязгаарлалт гэж хэлж байгаа нь цөөн хэдэн зүйлд байгаа юм. Жишээлбэл, хөрөнгө оруулалтын хэмжээ байгаа. Нөхцөл байдалдаа уялдуулж Монголбанк зохицуулна. 3 жилээс дээш ажилласан байх ёстой, тухайн улсын холбогдох байгууллагаас тухайн банкны талаар мэдээлэл авахаар заасан. Хязгаарлалт уг хуульд маш байгаа шүү. Лиценз барьцаалчихаад мөнгө босгодог зүйл байгаа нь энэ хуульгүй учраас гардаг байсан. Хууль гарснаар хөрөнгө оруулалтын банк  Монголд үйл ажиллагаа явуулж буй татвар төлж буй компанид хөрөнгө оруулалт хийвэл одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын бусад холбогдох хуулиар зохицуулагдаад явна. 

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван: 

-Гадаадын санхүүгийн байгууллага Монгол Улсад хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаа явуулахаар бол зөвхөн охин компани байгуулна. Салбар нээж үйл ажиллагаа явуулахгүй. Ингэснээр охин компани нь Монгол Улсад хуулийн этгээдийн бүртгэлтэй явна. Төв банкнаас нь тусгай зөвшөөрөлтэйгөөр үндэсний мөнгөний системд орж явна. Бусад хууль, олон улсын гэрээ конвенцийн дагуу бид олон улсын мөнгөн урсгалд хяналт тавихгүй байх үүрэг хүлээдэг. Охин компани хэлбэрээр байгуулагдаж байгаа учраас Төв банк хяналтаа тавиад явна. Бид дүрмийн сангийн хэмжээг Монголбанкинд авснаар илүү уян хатан байдлыг бий болгож байгаа юм. Олон улсад төрөлжсөн болон арилжааны банкнаас дүрмийн сангаар 4-5 дахин их байдаг. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль батлагдсанаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтраад хэд хэдэн журам батална. Зээлээ зориулалтын дагуу ашиглахад Төв банк хяналт тавиад, торгуулийн болон бусад хуулиар батлагдсан албадлагын арга хэмжээ авна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

-Аливаа хууль, шийдлийн ард бодлого байдаг. Энэ хуулийн ард ямар бодлого байна вэ? Хууль батлагдсанаар гуравдагч орны банкны хөрөнгө оруулалт, салбар нь орж ирэх юм уу? Орж ирнэ гэж бодвол манай хоёр хөршийн төрийн өмчит банкууд л салбараа байгуулах байх. Аль эрт 2010 онд ч юмуу, Монгол Улсын эдийн засаг гайгүй байхад нь энэ хуулиа оруулж ирээд батлахгүй яасан юм. Нэг нам хэтэрхий олонх байгаа нөхцөлд энэ хуулийг оруулж ирээд батлах нь Монгол Улсын газар нутаг, байгалийн баялаг бусад улс орнуудын мэдэлд оруулах зүйл харагдаад байна.

Бусад орнуудад бол бодлого нь өөрийн иргэд, аж ахуй нэгжээ хамгаалах чиглэлд байдаг. Манайд бол хулгайчид Монгол Улсын ашигт малтмалын баахан лицензийг авчихаад гадаадын банкны барьцаанд тавьчихаад гараад явчихдаг. Тэгээд лицензийг нь дуртай нь дуртайдаа шилжүүлдэг. Цаана нь гадаадын иргэн байдаг. Монгол Улсад энэ хууль бүрэн хэрэгжихэд хууль шүүхийн систем маш чухал. Гэтэл манайд хууль шүүхийнхэн авлигад эдэгдэж, бүгд хэн нэгний захиалгатай гар хөл болчихсон. Ломбард, банкны зээлийн хүүг буулгана гэсэн эсрэгээрээ болчихсон. Энэ мэтээрээ Монгол Улсыг Пакистан гэж хэлмээр байна. Хамгийн эхэнд ямар улсын банк орж ирэхээр байна? Судалгаа нь яаж гарсан бэ? Лицензийг шүүхийн шийдвэргүйгээр дамжуулах нь эрсдэлтэй. 

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Гуравдагч орны банкийг оруулж ирэхийн тулд л энэ хуулийг баталж байгаа юм. Компаниуд дотоодоосоо зээл авч чадахгүй болохоороо л лицензээ барьцаалж, гадаадын банкнаас зээл аваад байна шүү дээ. Тиймээс бид хууль эрх зүйг нь тодорхой болгож, хуулиа гаргах хэрэгтэй. Хоёр хөршөөс банк орж ирээд гадаадын хөрөнгө оруулалтын тэнцвэр алгадахад санаа зовниж буйд Монголбанк зөвшөөрөл олгохдоо Засгийн газраас зөвшөөрөл авна. Цаашлаад УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ч хэлэлцэгдээд явна. Хууль гаргахдаа энд ашигтай, хортой эсэхэд биш Монгол Улсын хөрөнгө оруулагчдад, дотоодын хөрөнгө оруулагчдад банк санхүүгээр хангахад анхаарсан. 

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван: 

-Манай улсад гадаадын гурван банкны төлөөлөгчийн газар ажиллаж байгаа. Үүнээс Япон улсын банк төлөөлөгчөөрөө дамжуулан Монголд хамгийн их хэмжээний зээлийг олгосон. Харин Хятад улсаас 2017 оноос хойш манайд зээл олгоогүй. Тиймээс манайд хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах сонирхол Японд их байна гэж Төв банк харж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудал, шийдлүүд хуулиар нарийн зохицуулагдаагүй байна. Хураан авсан лицензийг дуудлага худалдаагаар худалдана, нийтэд борлуулна гэдгийг ард гадаадынхны олз болох асар том эрсдэл байна. Монголбанк нь харилцан хамааралгүй аж ахуй нэгжүүдэд яаж өгөх вэ гэдгээ сайн бодохгүй бол нэг улсад бүх лиценз орчих вий. 

УИХ-ын гишүүн С.Амарсайхан:

-Хуулийн хэрэгжилт дээр Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хатуу хяналт тавьж ажиллах ёстой. Хөрөнгө оруулалтын банк 3 төрөл байдаг. Гэхдээ манайх төрөлжсөн хөрөнгө оруулалтын банк гэсэн тодотголтой баталж байна. Хуульд Санхүүгийн зохицуулах хороо Монголбанкнаас хамааралтай мэтээр заасан нь байж болохгүй зүйл шүү. Санхүүгийн зохицуулах хороо бол бие даасан институц. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

-Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк түүний толгой компани, актив, пассив зэрэг харилцааг Монгол Улсын холбогдох хуулиуд болон Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтран баталсан журмаар зохицуулна гэж. Хамтран баталсан журмаар зохицуулна гэдгийн цаана хуулийн хулгай, асуудлыг үзэмжээрээ шийддэг. Баталсан хуулийн араас Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо журам гаргаад үзэл баримтлалаас нь зөрөөд явчих вий дээ. Эхэндээ хүрзээр хулгайлдаг байсан одоо вагоноор нь зөөдөг болсон. Ийм зүйл рүү энэ хоёр баталсан журмаараа боломж олгох вий. Хуулиас давсан журам гаргахгүй байх ёстой шүү. 

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. 

10 : 13
2023-1-12

Хууль зүйн байнгын хорооны даргаар Б.Энхбаярыг сонголоо

Чуулганы хуралдааны өмнө гишүүд үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Хоёр асуудлыг хэлэлцэх асуудалд оруулахыг хүсч байна. Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгаланд Ховд аймгийн Халзан бүрэгтэйн ордны талаар арваннэгдүгээр сарын 3-нд УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд асуулга тавьсан. Энэ асуулгын хариуг хуульд заасан хугацаанд нь өгөөгүй. Зөвхөн албан тоот өгсөн.

Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг Баруун бүсийг эрчим хүчээр хангах мега төсөл гэдгээр нь дэмжиж яаралтай эхлүүлэхийн төлөө байгаа. Энэ төслийг эхлүүлэх хүрээнд нөлөөллийн бүсэд байгаа гурван аймгийн 300 өрхийн 1500 иргэнд нэг удаагийн нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг арваннэгдүгээр сарын 8-нд өргөн барьсан. Гэтэл он дамжиж байхад хэлэлцэхгүй байна. Энэ хоёр асуудлыг УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэж өгнө үү. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-2017 онд Монгол Улс ОУВС-нд хамрагдсанаар ахмадын тэтгэврийг долоон жилээр тооцож тогтоох болсон. Би сүүлийн долоон жилийн хугацаанд тэтгэврийг 5 жилээр тооцож боддог болохыг шаардан ажилласан. Бараг бүх аймагт жагсаал хийлээ. Тэмцлийн үр дүнд тэтгэврийг долоо биш таван жилээр тооцохоор Нийгмийн даатгалын багц хуульд оруулсанд талархаж байна. Гэхдээ Боловсролын багц хууль шиг битгий замхруулаарай гэж хүсч байна. Тиймээс би өнгөрсөн долоон жилийн хугацаанд долоон жилээр тэтгэврээ бодуулсан ахмадуудад нөхөн бодуулахыг шаардаж эхлэх болно. 

Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны даргад Баттөмөрийн Энхбаярыг сонгохоор байнгын хорооны гишүүд дэмжжээ. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

-Хууль зүйн байнгын хорооны даргад Б.Энхбаяр гишүүнийг дэмжиж байна. Хянан шалгалтын түр хороо гэж байдаг. Хөгжлийн банкны хянан шалгалтын түр хорооны даргыг байнга сольчих юм. Дарга нь дэвшээд явчих юм. Сайн ажиллаад дэвшээд байна уу, эсвэл Хөгжлийн банкны шалгалтыг замхруулах гээд байна уу? Хяналт, шалгалтын анхны сонсголыг ирэх долоо хоногоос хэрэгжүүлнэ. Шалгалтын үр дүн хараахан гараагүй байна.

УИХ, Засгийн газрын хөл толгой нь олдохоо байлаа. Овоо гайгүй ажиллаж байгаа гишүүнийг нь сайд болгоод амыг нь таглачих юм. Таван гишүүнийг нүүрсний хулгайчаар зарласан. Энэ таван гишүүн бид муу муухайг ил болгож гаргаж тавина, нэрээ цэвэрлэнэ гэсэн. Тэд яагаад дуугүй болов. Хэрэгт шийтгэгдэж байгаа хүмүүс нь ханш нь унасан хэдэн төгрөгөөр торгуулиад ял завшаад байна. Энэ талаар та юу бодож байна. Эдгээр асуудлыг тодруулъя. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын түр хороог байгуулсан. Энэ бол 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлт хийж, ард түмний хяналтыг сайжруулах хэрэгтэй. УИХ-ын хууль тогтоох байгууллага нь хууль батлахаас гадна баталсан хуулийнхаа хэрэгжилтийг шалгадаг болсон. Үүний эхний үр дүн болж УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг гаргасан. Энэ хуулийн дагуу анхны байгуулагдсан түр хороо нь Хөгжлийн банкийх. Өнгөрсөн хугацаанд энэ түр хороо найман удаа хуралдсан. Харин ирэх долоо хоногт Хөгжлийн банкийг мөрдөн шалгах гэж хэлж болохоор Нотлох баримтыг шинжин судлах сонсголыг зохион байгуулна. Нэг сарын хугацаанд энэ сонсгол МҮОНРТ-ээр зохион байгуулагдана. Д.Ганбат энэ төр хорооны гишүүн. Би энэ хяналт шалгалтыг үргэлжлүүлээд ирэх Даваа гаригт эхний үр дүн ил болно. Тиймээс би энэ хянан шалгах түр хорооныхоо даргаа ирэх дөрөвдүгээр сард дуусгана. Би айхгүй. Байнгын хорооны дарга болсноор Хянан шалгах түр хороог даргалж болохгүй гэсэн үндэслэл би олж харахгүй байна. Харин заавал түр хорооны даргаас болих ёстой гэвэл би байнгын хорооны даргаас татгалзана. Улиран одсон 2022 он бол бүхэлдээ хулгай ярьсан жил байсан. Энэ онд ч үргэлжлүүлээд ярина. 

Хууль зүйн байнгын хорооны даргад Б.Энхбаяр гишүүнийг дэмжлээ. 

10 : 06
2023-1-12

Чуулганы хуралдаан эхэллээ

 Чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

  • “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, эцсийн хэлэлцүүлэг/
  • Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж