Авлигачдын өмссөн хувцаснаас бусдыг хураая !

Хуучирсан мэдээ: 2023.01.12-нд нийтлэгдсэн

Авлигачдын өмссөн хувцаснаас бусдыг хураая !

Авлигачдын өмссөн хувцаснаас бусдыг хураая !

“Авлигачдын мөнгө гэрт нь багтахгүйгээс алтан гулдмай болгон хурааж байна” гэж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хэлсэн үг хоосон цуурхал биш болохыг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрт хийсэн нэгжлэг нотолж өгөв.

Төрийн өмчит компанид ажилд ороод ердөө нэг жил болж буй хурган даргын гэрээс бэлнээр 7 тэрбум төгрөг хураагдана гэдэг нь Монголд авлига хэрхэн хүчээ авсныг  харууллаа.

Нөгөөтэйгүүр, энэ хэргийг тэр ганцаараа үйлдэх боломжгүй. Заавар өгдөг, авлигаас нь хувь авдаг том дарга сууж буй нь ойлгомжтой. Гагцхүү хуулийнхан энэхүү авлигын сүлжээг үндсээр нь илрүүлж чадах уу, эсвэл зөвхөн С.Батдөлөөр туг тахиад өнгөрөх үү гэдэг нь хамгийн их анхаарал татсан асуудал юм. Тодруулж хэлбэл, энэ хэргийг зөвхөн С.Батдөл үүрээд, бусад нь сугараад үлдвэл “Улаанбаатар төмөр зам”-д үүрлэсэн авлига зогсохгүй, цаашдаа ч үргэлжилнэ гэсэн үг.

Ер нь Монголд авлига дан ганц “Улаанбаатар төмөр зам” –д нүүрлээгүйг өнгөрсөн хугацаанд явуулсан хуулийнхны гүйцэтгэх ажиллагаанаас харж болохоор буй.

Тухайлбал, Авлигатай тэмцэх газрынхан "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Хаянхярваагийн албан өрөөнд нэгжлэг хийснээр 315 мянган ам.доллар,  Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн гэрт нэгжлэг хийснээр 250 мянган ам.доллар, Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал С.Ганбатын гэрээс 500 мянган ам.доллар тус, тус хураан авч байв. Өөрөөр хэлбэл, авлигачдын мөнгө саяар бус тэрбумаар яригддаг болсон нь эндээс харагдана.

Мөн монголчууд намд элсч, төрд ажиллахаар зүтгэдэг болсны цаад шалтгаан нь бизнес эрхлэгчдээс илүү баян тансаг амьдрал “хүлээж” байдагтай холбоотой ч гэж тайлбарлаж болох юм. Учир нь, Монголоос бусад оронд төрд алба хаадаг албан тушаалтнууд хувийн бизнес эрхлэгчдээс даржин амьдардаг. Харин Монголд эсрэгээрээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн тэд Зайсангийн амнаас Санзайн зуслан хүртэл Жи класс хөлөглөж, тансаг хаусанд амьдарч байна. Нэг үгээр хэлбэл, цалингаасаа давсан хэрэглээтэй атал түүнийг нь шалгадаг, хянадаг газар гэж алга. Уг нь Авлигатай тэмцэх газарт төрийн өндөр дээд албан тушаалтнуудаасаа эхлээд хөрөнгө орлогын мэдүүлэг жил бүр гаргаж өгдөг ч тэр нь ёс төдий зүйл болсны нотолгоо нь энэ юм.

Хэрэвзээ хэрэглээнээс нь давсан орлогыг ямар замаар яаж олов гэдгийг нэгбүрчлэн шалган нягталж, цаг тухай бүрт нь хариуцлага тооцож явдаг байсан бол өнөөдөр төрийн албанд С.Батдөл мэтийн авлигачид багтах шингэх газар олдохгүй.

Гэвч нэг нь хөрөнгө орлогын мэдүүлэг гаргасан болж, нөгөө нь хянасан болж оромддог нүд хуурсан энэ тогтолцоо нь авлига цэцэглэх үндэс болж байна гэж хэлсэн ч буруудахгүй.

Хэдийгээр Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газрынхан хамтын ажиллагааны үр дүнд авлигачдыг илрүүлж, хууль бусаар олсон байж болзошгүй хөрөнгийг илрүүлж байгаа нь нэг том дэвшил ч шүүх рүү энэ төрлийн хэрэг боогдоод очихлоор тохирсон ял шийтгэлийг нь ногдуулж чадах уу гэдэг нь бас нэг асуултын тэмдэг үлдээдэг болоод удаж буй.

Учир нь, өчнөөн жил хойноос нь хөөцөлдөж, ажилласан зарим хэрэг шүүхийн шатанд очоод хэрэгсэхгүй болох, эсвэл торгууль төлөөд өнгөрөх зэргээр авлигачдыг өршөөж ирсэн жишээ цөөнгүй.

Тиймээс УИХ-аас авлига, албан тушаалтнуудад оногдуулах ялын бодлогыг чангатгаж өгснийг бодсон ч, авлигачдын өмссөн хувцаснаас бусдыг хураан авч, улсын орлого болгохгүй бол хэдэн жил шоронд сууснаар төрийн албанд нүүрлэсэн авлига буурахгүйг өнгөрсөн хугацаанд гарсан хэргүүдээс харагдаж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж