"Гарьдад аваргын цомыг эргэн авчирмаар байна"

Хуучирсан мэдээ: 2023.01.12-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

"Гарьдад аваргын цомыг эргэн авчирмаар байна"

"Гарьдад аваргын цомыг эргэн авчирмаар байна"

“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор Монголын сагсан бөмбөгийн шилдэг залуу оддын нэг А.Энхбаясгаланг онцолж байна. Өсвөр үе, оюутны лигээс эхлэн олны хараанд өртсөн тэрбээр өдгөө шигшээ багийн гол тоглогчдын нэг болжээ. Ингээд түүнтэй танилцъя.


АМАРБАЯСГАЛАН ЭНХБАЯСГАЛАН

1997.08.14

Төгссөн сургууль

МУИС-ийн Бизнесийн сургууль

Булган аймгийн Эрдмийн өргөө цогцолбор сургууль

Мэргэжил

Бизнесийн удирдлага

Сошиал хуудас

А. Энхбаясгалан /facebook/, Abaysaa__ /Instagram/

ХҮҮХЭД НАСНЫ ТУХАЙ?

-Хүүхэд нас Булган аймгий Булган суманд өнгөрсөн дөө. Багадаа зуны амралтаараа хөдөө өвөөгийндөө, мал дээр их очдог хүүхэд байсан. Морь, малд дуртай. Ялангуяа хурдан морь маш их сонирхдог байлаа.

АНХ СПОРТТОЙ ХОЛБОГДСОН ТҮҮХ?

-2011 онд хүүхдийн спортын их наадмаар анх волейболын төрлөөр хангайн бүсийн аваргад оролцож байлаа. Ингэж спорттой холбогдсон. Тэр тэмцээн дууссаны дараа сагсан бөмбөгийн тэмцээн нь болсон. Сагсан бөмбөгт нь бас Булган аймгаа төлөөлөн хүүхдийн спортын их наадамд оролцсон. Анх ингэж л спорттой холбогдсон доо.

АНХНЫ АМЖИЛТ?

-Яг саяны хэлсэн хоёр тэмцээн. Ялгаа байхгүй. Волейболоор хангайн бүсдээ мөнгөн медаль аваад улсын аваргад оролцоод бас мөнгөн медаль авч байлаа. Сагсан бөмбөгөөр хүрэл медаль авч байсан. Энэ л анхны амжилт даа.

ЧУХАЛ ТОГЛОЛТУУДЫН ӨМНӨ ХЭРХЭН ӨӨРИЙГӨӨ БЭЛДДЭГ ВЭ?

-Бусад тамирчид дуу сонсоод жаахан чимээгүй байж, өөрсдийгөө тусгаарлаад байдаг юм шиг байлаа. Би бол тэгдэггүй. Аль болох багийнхантайгаа илүү ойр дотно маазраад л тоглолтын өмнө бүх юмыг мартаад гоё байхыг хүсдэг. Адерналин ялгаруулна гэдэг дээ. Тийм л байж өөрийгөө бэлддэг дээ.

ҮЛГЭР ЖИШЭЭ АВДАГ ТАМИРЧИН?

Монголоос гэвэл одоо Эрдэнэтийн Уурхайчидад тоглож байгаа Г.Баттөр ах байна. Г.Баттөр ахтай таван жил нэг багт цуг тоглож байгаад энэ жилээс анх удаагаа өөр багт тоглож байна.  Нэг багт тоглож байхдаа талбай дээр ч, талбайн гадна ч, хувийн зохион байгуулалт гээд бүхий л талаараа үлгэр жишээ авдаг байсан. Одоо ч гэсэн авсаар л байна.

МОНГОЛЫН ДЭЭД ЛИГТ ТОГЛОСОН СЭТГЭГДЭЛ?

-Анх 23 Стормс багаас тоглож байлаа. Тухайн улиралдаа “Шинэ шилдэг залуу тоглогч”-ийн шагналыг хүртэж байсан. Миний лигийн хамгийн анхны тоглолт одоо миний тоглож буй  М Гарьд багийн эсрэг байлаа. Манай баг хожигдсон ч би хувь тоглогчийнхоо хувьд +30 оноо авсан. Бараг залуу тоглогч лигийн дебют тоглолтдоо +30 оноо авсан тохиолдол байхгүй байх. Анхны тоглолтоо санахгүй ч юм уу, сандарсан зүйл болох байхгүй ээ.

М ГАРЬД БАГТ НЭГДСЭН ТАЛААРАА?

-Өнгөрсөн улирал дуусаад М Гарьд буюу тухайн үед Алдар Танан Гарьд баг маань манай дасгалжуулагч О.Баярцогт багшид ерөнхий дасгалжуулагчаар ажиллаач гэж санал тавьсан. Этүгэн Ирвэсүүд болон М Гарьд хоёр баг маань улирлаа эрт өндөрлүүлсэн байсан үе. Тэгэхэд нь О.Баярцогт багш болзол шахуу зүйл тавьсан нь Д.Дөлгөөнмөрөн бид хоёрыг хамт авч очно гэж ярилцсан юм шиг байна лээ. Тэгээд бид гурав цугтаа Гарьд багтаа ирсэн дээ.

Д.Дөлгөөнмөрөн бид хоёр 23 Стормс багт байхдаа анх танилцаж, найзууд болж байлаа. Тэгээд л одоо гурав дахь жилдээ хамт тоглож байна.

ЭНЭ УЛИРЛЫН ЛИГИЙН ӨРСӨЛДӨӨН?

-Энэ жил бүх юм гоё, шинэлэг байна. Холбоо ч тэр шинэ бүтцээр ажиллаад эхэлжээ. Манай “UG” арена гээд шинэ ордон ашиглалтад орлоо. Өнгөрсөн жилийн 13 багаас гурав нь хасагдаж шилдэг арван баг үлдсэн байна. Хэн нь хэнийгээ хожиж болохоор ур чадвартай, өрсөлдөөнтэй лиг болж байна. Манайх ч гэсэн амаргүй л эхний тойргоо өндөрлүүллээ.

Манай баг эхний есөн тоглолтын дараах байдлаар дөрөв хожиж, тав хожигджээ. Ерөөсөө бэртэл гэмтлийн л асуудлууд их байна. Багийн ахлагч О.Эрдэнэцогт нэгдүгээр тойргийн дундуур бэртлээсээ эргэн ирсэн. Гэтэл зөрөөд Б.Болдбаатар, О.Нямбаяр ах бид гурав бэртэл аваад хоёр тоглолт өнжчихсөн. Бэртэл гэмтэл л манай багаас салахгүй байна даа. Дундуур нь манай дасгалжуулагч, багийн удирдлагууд Сингапур руу “ABL” гээд Азийн лигийн уулзалтад явчихсан. Яг бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон тоглолт хараахан алга. Дандаа л дутуу бүрэлдэхүүнтэй тоглолоо.

ШИГШЭЭ БАГТ ДУУДАГДАХ МЭДРЭМЖ?

-Өнгөрсөн жил Этүгэн Ирвэсүүд багт байхад миний зорилго “Бүх оддын тоглолт”-д сонгогдох, шигшээ багт дуудагдах байлаа. Тэгээд аль аль нь биелсэн. Анх удаа шигшээ багтаа дуудагдаад сонгон шалгаруулалтын эцэст бүрэлдэхүүндээ багтаж тоглоно гэдэг нэр төрийн хэрэг. Улсынхаа нэрийн өмнөөс, өөрийнхөө талбай дээр хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тоглоно гэдэг гайхалтай байсан.

Эхний хоёр тоглолт дээр тийм том талбай дээр гарч тоглоогүй байсан учир сандрах ч гэх юм уу биеэ бариад өөрийнхөө тоглолтыг бүрэн гаргаж чадаагүй. Манай ах нараас ялангуяа нэг өрөөнд хамт байсан С.Өрнүүнбилэг ах маш их сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн л дөө. Тэгээд гурав дахь тоглолтод би бас гайгүй тоглосон. Ах нараасаа их зүйл сурсан. Тоглолтын түвшин ч нэг шат ахисан гэж бодож байна. Гэхдээ тэрийгээ энэ жил лиг дээр бэртэл гэмтлийн асуудлаас болж сайн харуулж чадахгүй л байгаа. Олигтой тоглож чадахгүй явна.

 

АЗИЙН АВАРГЫН УРЬДЧИЛСАН ШАТНЫ ТОГЛОЛТУУДЫГ ЭРГЭН ДУРСВАЛ?

-Монголд ч болж байгаагүй үйл явдал тохиосон. Манай тамирчид өөрийн талбай дээрээ тийм сайхан мөч тохионо гэж төсөөлөөгүй л байх. Миний хувьд ч төсөөлөөгүй байсан. Монголчууд тийм гоё сагсан бөмбөгөөр амьсгалж, нэг зорилгын дор багаа дэмжсэн тэр ордоны уур амьсгал, нэг оноо аваад л нэг хаалт, нэг бөмбөг таслалт хийхэд тэр үзэгчдийн сэтгэл хөдлөл бол сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлснээс минь хойших хамгийн гоё мэдрэмж.

ХАМГИЙН ДУРСАМЖТАЙ ТЭМЦЭЭН?

-Мэдээж түрүүн дурдсан Азийн аваргын урьдчилсан шатны тэмцээн хамгийн дурсамжтай тэмцээн. Үүнээс гадна гэвэл 17 хүртэлх насны улсын аварга. Би Булган аймгийнхаа шигшээ багт багтан оролцож байсан юм. Тухайн үед манай Булган аймаг түүхэндээ сагсан бөмбөгийн улсын аваргаас ганцхан хүрэл медаль 1980-аад онд л авч байсан юм билээ. Түүнээс хойш ямар ч медаль аваагүй байсан. Тэгээд 17 хүртэлх насны улсын аваргад бид түрүүлж байлаа. Манайх улсын аварга болоод би шилдэг тамирчнаар тодорсон. Хотод ирж оролцсон анхны тэр тэмцээн дурсамжтай.

ОЮУТАН НАС ХЭРХЭН ӨНГӨРСӨН БЭ?

-17 хүртэлх насны улсын аваргын үеэр МУИС-ийн дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэв багш маань намайг онцолж харсан юм шиг байна лээ. Тэгээд тэмцээний дараа одоо ШУТИС Шаркс багт тоглож буй Багануурын А.Дөлгөөн бид хоёрыг сагсан бөмбөгийн урилгаар МУИС-д авсан. Тэгээд 2015 оноос эхлэн Л.Эрдэнэпүрэв багш дээрээ МУИС-ийн нэрийн өмнөөс дөрвөн жил оюутны лигт тоглосон. Дөрвөн жил тоглохдоо гурван мөнгөн медаль хүртэж, нэгт нь мултарч байлаа.

Арван жилээ төгсөөд оюутан болно гэдэг бол хүн бүх зүйлээс өөрөөс шалтгаалдаг, өөрийнхөө төлөө л гүйдэг үе. Хэн ч араас чинь гүйгээд энийг ингэ, тэрийг тэг гэхгүй. Бүх зүйл чамаас 100 хувь шалтгаална. Суралцаад л явсан даа. Алдах үедээ алдаж, суралцах үедээ суралцаж л оюутан насаа өнгөрөөсөн дөө.

СПОРТТОЙ ХОЛБОГДООГҮЙ БАЙСАН БОЛ ӨӨР ЯМАР ЧИГЛЭЛЭЭР ЯВАХ БАЙСАН БЭ?

-Яаж ийж байгаад л спорттойгоо холбогдох байсан байх. Харин сагсан бөмбөгтэй холбогдоогүй бол волейболын тамирчин болох байсан байж магадгүй. Үгүй юмаа гэхэд усан сэлэлтийн тамирчин. Ер нь спортын хүн болох байсан биз.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Ер нь гэр бүлийнхэнтэйгээ хамт байхыг хүсдэг дээ. Тамирчид олон цагийг бэлтгэлдээ зориулдаг. Одоо мэргэжлийн тамирчин гэдэг утгаараа яг ажлын өдрүүдээр өдрийн хоёр бэлтгэлээ хийгээд манай баг яг амралтын хоёр өдөр амраадаг. Амралтын хоёр өдрөө яг гэр бүлдээ, хайртай хүмүүстээ зориулахыг хичээдэг.

ГЭР БҮЛЭЭ ТАНИЛЦУУЛААЧ?

-Манайх ам бүл тавуулаа. Эцэг эхээс гурвуулаа. Эгч, охин дүүтэй. Манай аав, ээж хоёр Булган аймагтаа хувиараа бизнес эрхэлдэг. Манай эгч шүдний эмч мэргэжилтэй. Дүү минь тавдугаар ангийн сурагч.

Манай гэр бүлд спорттой холбогдсон хүн гэвэл ээж ярьдаг л даа. Бүх спортод эвсэлтэй байсан гэж. Волейбол, сагсан бөмбөг гээд биеийн хүчний бүхий л спортод эвсэлтэй. Одоо ч хөнгөн шингэн байдаг. Ээжийнхээ эвсэл, хөнгөн шингэн байдлыг дуурайгаад илүү хөгжүүлээд явж байгаа гэж боддог.

ӨӨРИЙНХӨӨ ТОГЛОЛТЫГ ТОДОРХОЙЛВОЛ?

-Оновчтой, даруу л гэж хэлэх байх.

Хүмүүс үсрэлт, дундын зайн шидэлтээр л мэдэх байх. Дундын зайн шидэлтийг маш их шидэлтийн бэлтгэл хийж байж л тогтно. О.Баярцогт дасгалжуулагч дээр 2019 онд ирснээс хойш бэлтгэлийг маш шаргуу хийсэн. 2019 оноос хойш зун амарсан удаа байхгүй. Амраад нутаг руугаа явсан, шинэ жил, цагаан сар гээд нутаг явсан тохиолдол бараг байхгүй байна. Хотод л бэлтгэлээ хийгээд үлддэг. Манайхан шидэлтийн буу ч гэж мэднэ дээ. Шидэлтийн буун дээр шидэлт хийдэг. Өдөрт 1000-1500 орчим шиддэг. Их сонсогдож магадгүй. Буун дээр шидэлт гүйцэтгэх амар байдаг. Хамгийн хурдан дээр нь тохируулаад 30 минут л шидэхэд 600 шидчих боломжтой. Тэгэхээр цагаас цаг хагас шидэхэд 1000-1500 шиднэ. Өглөө бүр шидэлтийн бэлтгэл хийж, давтамжаар л шидэлт сайжирна даа.

137 ДАРААЛАН ЧӨЛӨӨТ ШИДЭЛТ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭСЭН ГЭЖ ҮНЭН ҮҮ?

-Өнгөрсөн жил л дээ. Бэлтгэлийн дараа ихэнхи багууд торгуулийн шидэлт гүйцэтгэж, сунгалт хийдэг. Ерөнхийдөө алдатлаа шиддэг. Тэгээд алдатлаа шидсэн чинь эхнээсээ оруулаад 137 хүртэл оруулсан гээд манай туслах дасгалжуулагч бөмбөг авч өгөхдөө хэлсэн.

М ГАРЬД БАГИЙН ОНЦЛОГ?

-Багтаа ороод бараг жил болох гэж байна. Манай баг баг гэхээсээ илүүтэйгээ “Гарьд Family” буюу гэр бүл гэж явдаг. Багийн уур амьсгал төрсөн ах дүүсээс ялгаа байхгүй. Бие биедээ маш их санаа тавьдаг, хаана явж, юу хийж байна гээд санаа зовдог. Нэгэндээ чадах чинээгээрээ тусалдаг. Манай багийн бүх зүйл таалагдаж байгаа. Одоо жил болж байна гэхээр шинэ хүн байхаа больж л байна.

 

МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ ТАМИРЧИН ХЭН БЭ?

-Аймар асуулт байна шүү. Амжилтаар нь үзвэл бид нарын дээд үеийн О.Баярцогт багшийн үеийн Т.Түвшинбаяр ах гэнэ. Лигт 12 жил тоглохдоо зургаан удаа аварга авч, зургаан удаа мөнгөн медаль хүртсэн. Амжилтаараа тэр хүн бүх цаг үеийн шилдэг нь. Ур чадвараараа гэвэл Томм буюу Б.Билгүүн ах л байна. Өнгөрсөн жил лиг дээр өөрийгөө баталж харууллаа ш дээ. Улирлын үнэ цэнтэй тоглогч болоод аварга авсан. Одоо ч мэдрүүлээд явж байна.

ЛИГИЙН ТОГЛОГЧДООС ХАМГААЛАХАД ХАМГИЙН БЭРХ НЬ ХЭН БЭ?

-Ялгаа байхгүй. Томм ах. Лигт, шигшээ багийн бэлтгэл дээр ч олон тоглолоо. Томм ах ур чадвартай, урт өндөр. Томм ахыг л хэлнэ дээ.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

-Лигтээ амжилт үзүүлж аварга авах. Гарьдад аваргын цомыг эргэн авчирмаар байна. Мөн манай баг ирэх арваннэгдүгээр сараас зүүн Азийн орнуудын лигт орох нь тодорхой болчихсон. Түүнд бэлдэнэ. Том зорилго гэвэл “ABL”. Хувь хүн талаасаа бол хөгжихийг төлөвлөж байна. Бүх талаараа нэг шат ахихыг зорьж байна.

 

АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ?

-Сагсан бөмбөг тоглох нас минь дуусах хүртэл зорилгууд бий. Сагсан бөмбөгөөс гадна нийгмийн харилцаа талын карьераа илүү хөгжүүлэхийг зорьж байгаа. Спорт бол залуу насных. Гуч гараад л дөч дөхөөд л спортоосоо хөндийрнө. Спортоос хөндийрөөд дахиад нэг шат амьдрал эхэлнэ.

Мөрөөдөл гэвэл эрүүл саруул байх. Эрүүл саруул байхад бүх зүйл болох байхдаа.

ҮЕИЙН ЗАЛУУСТАА ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ?

-Би ч нэг их зөвлөгөө өгөх хэмжээний хүн биш дээ. Зүгээр хүн болгоны амьдарч буй цаг хугацаа харилцан адилгүй байдаг гэдэг. Битгий өөрийгөө бусадтайгаа харьцуул. Миний үеийн залуу ингэж явж байна, ийм байна гэж өөрийгөө битгий харьцуулаарай. Хүн, хүний үзэж туулсан, амьдарсан цаг хугацаа өөр. Чи өөрийнхөө л цаг хугацаанд амьдарч байгаа шүү.

А.ЭНХБАЯСГАЛАНГ ДЭМЖДЭГ ХҮМҮҮСТ ХАНДАЖ ХЭЛЭХ ҮГ?

-Намайг анх сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн үеэс минь дэмжиж, тусалж буй хүмүүстээ баярлалаа. Илүү их хичээнэ, амжилт үзүүлнэ. Үргэлжлүүлэн дэмжээрэй. Багийнхаа дэмжигчдэд хэлэхэд амаргүй үеийг туулж байгаа ч биднийг үргэлжлүүлэн дэмжээрэй. Хожих, хожигдох үед хамт байгаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж