Дайныг удирдах Суворовын төгсөгч

Хуучирсан мэдээ: 2023.01.12-нд нийтлэгдсэн

Дайныг удирдах Суворовын төгсөгч

Дайныг удирдах Суворовын төгсөгч

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн оны хоёрдугаар сард хөрш Украин улсад түрэмгийлж, бүрэн хэмжээний дайн өдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд Путин Украинд хийж буй дайныхаа тактикийг олон удаа өөрчилж, тухай бүрт ерөнхий командлагчийг томилж, сольж байв. Тэгвэл өчигдөр /2023.01.12/ Украинд явуулж буй  дайны ерөнхий командлагчаар Валерий Герасимовыг томилов. Энэ удаагийн хүмүүс буландаа түүнийг танилцуулж байна. 


Валерий Герасимов нь өнгөрсөн аравдугаар сараас хойш Украин дахь Оросын дайныг удирдсан генерал Сергей Суровикиний оронд томилогдсон. Ингэснээр Суровикин тушаал буурч, Герасимовын дор орлогчоор ажиллах болов. Герасимов нь 2012 оноос хойш ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар ажилласан. Түүний томилгоо нь олон сарын турш Украинд хийж буй дайнд ахиц муутай байгаа Оросын армийн нөхцөл байдлыг өөрчлөхийг хичээж байна гэж ажиглагчид дүгнэжээ.

Путин сүүлийн хэдэн сарын турш Украины хүчирхэг хариу арга хэмжээтэй тулгарсанаар оросууд эзлэн авсан хэд хэсэн газруудаас ухарсан юм. Оросын арми Солендар гэх уурхай түшиглэсэн жижиг тосгоныг эзлэх дөхсөнөөс өөрөөр өнгөрсөн наймдугаар сараас хойш дайнд томоохон ахиц дэвшил гаргаагүй.

ОХУ-ын батлах хамгаалах яамнаас Герасимовын томилгоог зарлахдаа, "Түүнийг Оросын зэвсэгт хүчний салбар хоорондын харилцаа холбоог сайжруулах, Оросын тэргүүлэх цэргүүдийн "үр нөлөө" сайжруулахад туслах зорилгоор сонгосон" гэж онцолжээ. 

Герасимов нь ОХУ-аас Украинд дайрах төлөвлөгөөг боловсруулсан хэсэг бүлэг хүмүүсийн нэг гэж үздэг. Энэ нь Путин, Герасимов болон Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Николай Патрушев нар аж.

Суровикин дайныг удирдаж байхад стратегийн өөрчлөлт хийж, Украины дэд бүтцүүдэд нисгэгчгүй онгоц болон пуужингаар дайралт өгөх болсон. Гэвч сарын дараагаас Оросын арми ялагдал хүлээж эхэлсэн бөгөөд эзлэн авсан Херсон хотоос цэргээ татсан юм.

Харин 67 настай Герасимов Казанийн Суворовын цэргийн сургуулийг төгссөнөөсөө хойш армид алба хаасан арвин туршлагатай нэгэн.

Герасимов 1955 онд Оросын Казань хот дахь ажилчин ангийн гэр бүлд төрж, өсчээ. Тэрбээр Улаан армид алба хаасныхаа дараа ЗХУ даяар цэргийн ангиудад ажиллаж, богино хугацаанд цол, тушаал ахисаар 2012 онд Путины томилгоогоор батлан хамгаалахын сайдын нэгдүгээр орлогч, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга болтлоо дэвшсэн. Түүний хувьд салан тусгаарлагчдын эсрэг зөрчлүүдийг удирдаж явсан туршлагатай бөгөөд 2014 онд Иловайскийн тулаанд ялалт байгуулсан гавьяатай. Тус тулаанд Украины 1000 гаруй цэрэг амь үрэгджээ.

Герасимов 1977 онд ЗХУ-ын армид нэгдэж, Польш дахь Хойд бүлгийн хүчний гишүүн болжээ. Дараа нь тэрбээр Алс Дорнод болон Балтын тэнгисийн цэргийн ангиудад ажиллаж байгаад 1999 онд Хойд Кавказын цэргийн ангийн даргаар томилогдсон байна. Түүний томилгооноос жилийн дараа чечений салан тугаарлагчид болон орос цэргүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн гарснаар Чечений хоёрдугаар дайн эхэлсэн юм. Үүний зэрэгцээ тэрбээр дайны үеэр чечень охиныг хөнөөсөн хэрэгт холбогдсон Оросын армийн хурандаа Юрий Будановыг баривчлах ажиллагаанд гар бие оролцож явжээ. Зөрчил үргэлжилж байх хугацаанд тэрбээр Армийн 58 дахь командлагчаар томилогдон ажилласан байна.

Герасимовыг Алс Дорнодын цэргийн ангийн даргаар ажиллаж байх хугацаанд 2003-2005 оны хооронд цэргүүдийн дунд өргөн хүрээтэй өвчлөл гарснаар албан тушаал буурч байв.  Дараа нь тэрбээр Санкт-Петербург, Москва хотууд дахь цэргийн ангид командлагч болсон бөгөөд ОХУ-ын төв хэсгийг бүхэлд нь хариуцдаг Цэргийн төв дүүргийн ангид ажиллажээ.

Герасимов төдийлөн олны өмнө гараад байдгүй нэгэн бөгөөд эргэн тойрныхон нь түүнийг дуу цөөтэй гэж тодорхойлдог байна. Гэхдээ 2013 онд Оросын хэвлэлд ярихдаа, "21-р зуунд дайн ба энх тайвны хоорондох зааг “бүдгэрсэн" тул дайныг албан ёсоор зарлахаа больсон" гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татаж байв. Түүний хэлсэнчлэн Путин өнгөрсөн хоёрдугаар сард Украинд эхлүүлсэн дайныг " цэргийн тусгай ажиллагаа" гэж нэрлэн ярьж байсан. Түрэмгийлэл эхэлснээс хойш олон сарын дараа буюу  өнгөрсөн сард Путин  яриандаа "Украины дайн" гэж анх удаа хэлсэн байна.  

Тэрбээр эхнэр, хүүтэйгээ амьдардаг гэдгээс өөрөөр хувийн амьдрал нь нууцлагдмал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж