"Холбоодын нэгдсэн УАШТ бол Азийн наадмын хөрс суурь"

Хуучирсан мэдээ: 2023.01.11-нд нийтлэгдсэн

"Холбоодын нэгдсэн УАШТ бол Азийн наадмын хөрс суурь"

"Холбоодын нэгдсэн УАШТ бол Азийн наадмын хөрс суурь"

“UNC-2023” 15 спорт холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-22-ны өдрүүдэд Степпе аренад болно. Өнөөдөр/2023.01.11/тус тэмцээнийг зохион байгуулагч болон холбоодын төлөөллөөс мэдээлэл хийлээ.


Хоёр дахь жилдээ болж буй энэхүү тэмцээнд Монголын хүндийг өргөлтийн холбоо, Монголын байт харвааны холбоо, Монголын жюү жицүгийн холбоо, Монголын корнхолын холбоо, Монголын дугуйн холбоо, Монголын кэндогийн холбоо, Монголын дугуйт тэшүүрийн холбоо, Монголын бүжгийн спортын холбоо, Монголын тэргэнцэртэй сэлмийн холбоо, Монголын уулчдын үндэсний холбоо, Монголын электрон спортын холбоо, Монголын орчин үеийн таван төрөлтийн холбоо, Монголын тусгай олимпын хороо, Монголын брейк бүжгийн холбоо хамтран ажиллаж байна.

"15 ХОЛБООНДОО 15 САЯ ТӨГРӨГНИЙ ТУСЛАМЖИЙГ ӨГӨХӨӨР БОЛЛОО"

 Монголын спортын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Хосбаяр:

Манай компанийн гол төслүүдийн нэг холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Гол утга учир нь спортын холбоод тус бүртээ улсын аваргаа тодруулж, Монголын хамгийн шилдэг тамирчнаа шалгаруулдаг бол бид нар хамтын үнэ цэнийг бий болгон бүх зохион байгуулалт, менежментийг оновчилж холбоодын улсын аварга төрсөн. Бүх зүйлийг нь Азийн наадмын стандартаар зохион байгуулахаар эрмэлзэж байгаа. Манай компанитай хамтран ажилладаг 19 холбоо байдаг. Үүнээс 15 холбоо нь улсын аваргаа арван өдрийн турш нэгдсэн форматаар зохион байгуулна. Азийн наадмын хөрс суурийг л Монголдоо тавихаар зориг шулуудаад явж байгаа.

Монголын спортын корпораци холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээнийхээ дэргэд “UNC Charity Foundation” буюу Холбоодыг дэмжих сан байгуулан өнөөдрөөс үйл ажиллагаагаа та бүхэндээ зарлахад бэлэн болоод явж байна. Энэ сангийн зорилго нь холбоод өөрсдөө чадавхжиж, хөгжиж ёстой, бид нар арга зүй болон хэрэглэл материалын тусламж өгдөг системийг бий болгоё хэмээн ажиллаж эхнийхээ зарыг түгээх гэж байна. Манай сангаас холбоодын нэгдсэн улсын аваргадаа оролцож буй 15 холбоондоо 15 сая төгрөгний тусламжийг өгөхөөр боллоо. 15 сая төгрөгийг спортын ирээдүйн хөгжилд, өсвөр үе залуучууд ирээдүйгээ бэлдэх, тухайн спорт чанаржих, Монголд даяар хөгжихөд түлхүүц үзүүлнэ гэдэгт итгэж байна.

"ПАРАЛИМПИЙН ДАРАА ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН МОНГОЛДОО ЗОХИОЁ ГЭСЭН АМБИЦТАЙ"

Монголын тэргэнцэртэй сэлэмний холбооны ЕНБД О.Анударь:

-Монголын тэргэнцэртэй сэлэмний холбооны зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортоор хичээллэх тэгш эрх болон оролцоог нь хангах журмаар Монгол Улсын бахархалт тамирчин төрүүлэх. Зорилгынхоо хүрээнд бид 2018 оноос хойш тасралтгүй дотоодын тамирчнаа бэлдэхэд чиглэж тэмцээнээ зохион байгуулж явж байгаад өнгөрсөн онд анхны олон улсын тэмцээндээ оролцсон. Мөн анхны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээ спортын корпорацитай хамтран зохион байгуулсан. Үүний ачаар бидэнд хоёр том боломж нээгдсэн. Нэгдүгээрт, пара спорт тусдаа биш нэг дээвэр дор дэлхийн жишигт нийцсэнээр зэрэг явах, тэгш эрх, оролцоог хангаж чадсан. Паралимпийн спортын төрөл, энгийн спортын төрлүүдтэй хамт нэгэн дор явагдсан анхны тохиолдол болсон. Мөн өнгөрсөн жилийн тэмцээнээсээ улбаалан олон улсын тэмцээнийг Монголд зохион байгуулах бүрэн боломж бололцоо байгааг ойлгосон. 2024 оны паралимпийн дараа олон улсын тэмцээн Монголдоо зохиоё гэсэн амбицтай ажиллаж байгаа. Манайх Дарханд клубээ нээсэн. Энэ утгаараа энэ удаагийн тэмцээнд 40-45 тамирчин оролцоно гэсэн урьдчилсан төлөв байна.

Мөн Монголын дугуйн холбоо анхдугаар виртуал улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулах гэж байгаа нь онцлог байна. Тэмцээн Элит – эрэгтэй, эмэгтэй, Өсвөр үе – Эрэгтэй, Эмэгтэй (16-18 нас), I зэрэгтэй эрэгтэй (18+ нас), II зэрэгтэй эрэгтэй (18+ нас), I зэрэгтэй эмэгтэй (18+ нас), II зэрэгтэй эмэгтэй (18+ нас) ангиллаар зохиогдох юм. Нэгдсэн Улсын аварга шалгаруулах анхны “e-cycling” тэмцээнийг виртуал уралдааны хамгийн том талбар болох Zwift платформ дээр зохион байгуулахаараа онцлог юм.

"БҮГД ИЖИЛ ТЭГШ ГАРААНААС ОРОЛЦОЖ БАЙГАА"

Корнхоллын холбооны ЕНБД Г.Баяраа:

-Манай спорт өөрөө сонирхолтой, хэн ч тоглож болно. Энэ жил 18-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, багийн төрлөөр анхдугаар тэмцээнээ явуулах гэж байна. Мэргэжлийн тамирчин байхгүй. Бүгд ижил тэгш гараанаас оролцож байгаа. Харин цаашдаа мэргэжлийн тамирчин гарч, хөгжих байх гэж найдаж байна. Спортын корпорацидаа талархаж байна.

Монголын орчин үеийн таван төрөлтийн холбоо “UNC-2023” 15 спорт холбоодын нэгдсэн улсын аваргад нэгдээд байна. Орчин үеийн таван төрөлтийнхөн тэмцээнээ гүйлт болон лазер буудлагаар зохион байгуулна. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй насанд хүрэгчдийн төрлөөр зохиогдох бөгөөд мөн 16-21 насны залуучууд аваргаа тодруулна.

  1. Гүйх тойрог – 5х300 метр
  2. Нийт гүйх зай – Урьдчилсан шат – 1,500 метр, Шигшээ – 3,000 метр
  3. Лазер буудлагын зай – 10 метр
  4. Буудлага хийх давтамж – тойрог бүрт 5 бай буудах
  5. Буудлага хийх хугацаа – 50 секунд /богино хугацаанд 5 байг оновчтой буудсан тохиолдолд шууд гүйлтээ үргэлжлүүлэх/

"МАНАЙ ХОЛБОО 18 ДАХЬ УДААГАА УЛСЫН АВАРГАА ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА"

Кэндогийн холбооны дотоод хэрэг хариуцсан нарийн бичгийн дарга А.Нямжав:

-Манай холбоо 18 дахь удаагаа улсын аваргаа зохион байгуулах гэж байна. Гол онцлог нь холбоодын улсын аваргад анхны жилдээ оролцох гэж байна. Ерөнхийдөө манай холбоо 1994 онд үүсгэн байгуулагдсан. Анхны улсын аваргаа 2003 онд зохион байгуулсан. Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас заалны зохион байгуулалтын улмаас улсын аваргаа зохион байгуулаагүй. Нэгдүгээр сарын 13-нд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж