Нийгмийн сүлжээ сүүлийн өдрүүдэд инээд наргиан, харамсал, шогшролтоор дүүрэн байна. Учир юун гэвээс Эрүүл мэндийн шинэ сайд С.Чинзориг хүн хазсан нохдыг олж илрүүлээд, хазуулсан иргэдтэй нь “халз тулалдуулсан” байх юм. Нохойд хазуулсан есөн иргэнд галзуугийн вакцин бус, сүрьеэгийн вакцин андуурч хийсэн тохиолдол гарсан тухай мэдээллээр ажлаа эхлүүлсэн түүнийг хазагч, хазуулагч этгээд хариуцсан сайд гэсэн албан тушаалд томилчихвол зүйтэйг иргэд хэлж байна.
Тэрбээр вакцин андуурч хийгдсэн тухай мэдээллийнхээ араас хүн хазсан нохдыг олж тогтоосон, иргэд ч хазуулсан нохойгоо таньсан тухай хөгжилтэй яриа "дэлгээд" амжсан. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдтан "Иргэдийг хазсан гээд байгаа нохдыг олж тогтоож, "Энэ нохой мөн үү, үгүй юү” гэдгийг хазуулсан иргэдээр өөрсдөөр нь таниулсан. Иргэд хазсан нохой нь мөн байна гэж таньсан байна лээ” гэж ярьжээ.
Чааваас даа, хүн ардын эрүүл мэндийн төлөө сэтгэлээ чилээх ёстой “номер нэг” хүн ийм юм яриад зогсож байна гэдэг эмгэнэлтэй, харамсалтай, бас даажинтай биш гэж үү гэж иргэд шүүмжилж, шогширч байна. Түүний энэ байдлаас бид ямархан нөхдөд төрийн жолоо атгуулснаа төвөггүйхэн ойлгож болох юм.
Засгийн газар түгжрэл хариуцсан сайд томилж чадсан юм, одоо хүн хаздаг ноход, нохойд хазуулсан иргэд хариуцсан сайд томилж яагаад болохгүй гэж!
Холбоотой мэдээ