Залуухан, туршлагагүй Европын удирдагчид

Хуучирсан мэдээ: 2023.01.12-нд нийтлэгдсэн

Залуухан, туршлагагүй Европын удирдагчид

Залуухан, туршлагагүй Европын удирдагчид

Германы канцлер Олаф Шольц бол Европын удирдагчдын дунд ховорхон тохиох “хөгшин” хүн юм. Тэр 1990-ээд оноос хойш улс төрд хүчин зүтгэж буй бөгөөд өдгөө 64 настай. Олаф Шольцоос гадна Португалийн ерөнхий сайд Антонио Коста, Румыны ерөнхийлөгч Клаус Иоханнис нар л төрсөн өдрөөрөө 60 гаруй лаа үлээдэг аж. Европын холбооны 27 удирдагчийн ес нь 40 гаруй настай. Тэдний нэг бол гялалзсан амжилт хараахан үзүүлж амжаагүй байгаа Финландын ерөнхий сайд Санна Марин юм.

“Bloomberg”-ийн 2019 оны тайланд дурдсанаар, дэлхийн удирдагчдын дундаж нас 1950-иад оноос хойш өсчээ. Харин Европын удирдагчдын хувьд 1980-аад оны эхэн үед дундаж нас нь 67 байв. Энэ үеэс хойш Европын удирдагчид харьцангуй залуужжээ. Судалгаанаас харахад өнөөдрийн байдлаар тэдний дундаж нас 53 байна.

Ерөнхий сайд, ерөнхийлөгч нарын нас залуужихын хэрээр тэдний улс төрийн туршлага нимгэн байгааг “Euronews” хуудас онцолжээ. Түүнчлэн хамгийн чухал хүчин зүйл нь залуу удирдагчид эрх баригч намуудаас бага хамааралтай болсон байна. Энэ нь ахмад үеийнхний бухимдлыг төрүүлэх болжээ.

Залуу удирдагчдаас нэр цохвол, Эммануэль Макрон 2017 онд дөнгөж 39 насандаа Францын ерөнхийлөгчөөр сонгогдсон. Үүнээсээ өмнө тэр ердөө тавхан жил улс төрд хүчин зүтгэжээ. Ингэснээрээ тэр Наполеоноос хойших Францын хамгийн залуу удирдагч болсон юм.

Их Британийн ерөнхий сайдаар сонгогдоод удаагүй байгаа Риши Сунак 42 настай. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард ерөнхий сайд болохоосоо өмнө Нийтийн танхимд долоон жил ажилласан туршлагатай. Сунак бол 1812 оны Ливерпүүлийн хоёр дахь гүн Роберт Женкинсоноос хойших хамгийн залуу ерөнхий сайд юм.

Итали улс 2014 онд хамгийн залуу ерөнхий сайдтай болсон бол түүний араас 2017 онд Ирланд, 2019 онд Украин улсууд энэ номинацийн эзэн болж байлаа. Себастьян Курц 2017 онд дөнгөж 31 настайдаа Австрийн канцлер болсон. Ингэснээр тэр дэлхийн хамгийн залуу засгийн газрын тэргүүн гэх алдрын эзэн болсон.

Дублины Тринити коллежийн улс төрийн шинжлэх ухааны профессор Ян Берзийн бичсэн “Европын ерөнхий сайдууд: Ажлын туршлага, тогтсон хэм хэмжээг өөрчлөхүй” нэртэй ном бий. Тус бүтээлд Европын ерөнхий сайд нарын ажлын туршлагыг хоёр үед ангилан харьцуулж үзжээ. Гэтэл 2000-2019 онд албан тушаалд очсон удирдагчдын тал орчим хувь нь парламентын гишүүнээр зургаагаас доош жил ажилласан туршлагатай байсан. Энэ нь 1945-2019 оны ерөнхий сайд нарын ажлын туршлагаас нэг жилээр бага үзүүлэлт юм.

Ян Берзийн олж тогтоосноор Европын удирдагчид өмнөх шигээ улс төржихөө байжээ. Жишээлбэл, Макрон, Сунак, Бельгийн ерөнхий сайд Александр Де Кроо нар бизнесийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Ирландын ерөнхий сайд Лео Варадкар л гэхэд улс төрд орохоосоо өмнө эмч байжээ. Түүнчлэн Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийг жүжигчин байсан гэдгийг та бид сайн мэднэ. Румыны ерөнхий сайд Николае Чука 2019 он хүртэл цэргийн хүн байсан бөгөөд 2021 онд ерөнхий сайд болохоосоо өмнө сенатор, Батлан хамгаалахын сайдаар тус тус ажиллаж байжээ.

Словенийн ерөнхий сайдаар саяхан сонгогдсон Роберт Голоб албан тушаалд очих хүртлээ орон нутгийн засаг захиргаанд ажиллаж байсан. Түүний адилаар хотын дарга эсвэл зөвлөлд ажиллаж байгаад засгийн газар луу дэвшсэн удирдагч хэд хэд бий.

ОЛОН НИЙТЭД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДДӨГ СЭТГЭЛ ТАТАМ ЧАНАР

Залуу удирдагчдыг олон нийт харьцангуй өндрөөр үнэлэн, хүлээн зөвшөөрч байгаагийн нэг гол шалтгаан бол эрх баригч намууд өөрсдөө юм. Тэд улс төрийн арвин туршлагатай нэгнийг бус сэтгэл татам зан чанартай, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэр дэвшигчийг илүүд үзэх болжээ. Ингэснээр туршлагагүй улстөрчид залуудаа хялбархан тушаал дэвшиж байна.

Шинжээчид үүнээс гадна өөр нэг шалтгааныг онцолж байна. Энэ бол телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь улстөрчдөд илүү том индэр, эрх мэдлийг өгч, хувь хүний шинж чанарт нь илүү их анхаарал хандуулах маягтай байдаг. Удирдагчид залуужиж буй нь нэг талаасаа Европын улс төрийн тогтворгүй байдлыг илэрхийлэх аж. Цахим сүлжээний ач холбогдол улам нэмэгдэж буй өнөөгийн эрин үед улс төр илүү стресстэй болсон. Тиймээс илүү тэсвэр тэвчээртэй, харилцааны ур чадварыг өндөр түвшинд эзэмшсэн залуу улстөрчдөд энэ нь ашигтай байгааг ажиглагчид хэлж байна.

Онцлон анхаарах нэг зүйл бий. Энэ нь эрэгтэй улстөрчид. Өдгөө 55 настай Марк Рютте 2010 оноос хойш Голландын ерөнхий сайдаар ажиллаж байна. Харин Шведийн ерөнхий сайд Ульф Кристерссон өнгөрсөн сард 59 хүрлээ. Метте Фредериксен 2019 онд Данийн хамгийн залуу ерөнхий сайд болсон ч үүнээсээ өмнө парламентад 20 орчим жил ажиллаж байжээ. Харин Исландын ерөнхий сайд Катрин Якобсдоттир ерөнхий сайд болохоосоо өмнө арван жил улс төрд хүчин зүтгэсэн. Эстонийн ерөнхий сайд ч ялгаагүй, удирдах албан тушаалд очихоосоо өмнө арван жил парламентын тогоонд чанагдсан хүн юм.

Тэгвэл эднээс ялгаатай нь Финландын ерөнхий сайд Санна Марин албан тушаалд томилогдохоосоо өмнө парламентын гишүүнээр ердөө дөрвөн жил ажилласан. “Улс төрийн урт удаан карьераас татгалзах хандлага эмэгтэй удирдагчдын дунд цаашид улам  түгээмэл болно. Санна Марин бол үүний нэг жишээ” гэж Ян Берз хэллээ.

АХМАД УДИРДАГЧИД ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА МӨН ҮҮ?

Австралийн канцлер асан Курц анх гарч ирэхдээ улс төрийн шинэ хэв маягийг амлаж, тун дуулиантайхан байжээ. Гэвч түүний засгийн газар хоёрхон жил л дэнжигнэсний эцэст, авлигын дуулианд орооцолдож, газарт унасан. Хэдэн сарын дараа тэр дахин сонгогдсон ч хоёр дахь засгийн газар нь мөн л авлигын хэргээс болж хоёр жил хүрэхгүй хугацаатай ажилласан юм.

Таави Ройвас 2014 онд 35 насандаа Эстонийн ерөнхий сайд болсон. Түүний засгийн газар мөн л хоёр жил хүрэхгүй оршин тогтноод таржээ. Улмаар Таави Ройвас 2020 онд улс төрөөс зодог тайлж буйгаа зарласан.

Эндээс харвал, арвин туршлагатай улстөрчид буулт хийж, зөвшилцөх чадвар сайтай байдаг ч байж болох юм. Энэ нь тэдний засгийн газруудыг илүү тогтвортой байлгах хүчин зүйл болдог. Гэхдээ залуу, туршлагагүй улстөрчид олширлоо гээд Европын улс төр хохироогүй гэдгийг Берз онцолжээ. “Улс төрийн удаан карьергүй залуу удирдагчдыг сонгох нь намуудад сонгогчидтойгоо холбоотой байх боломжийг олгож, тэдэнд тохирсон хариу үйлдэл үзүүлэхэд нь тус болдог.

Эцэст нь дүгнэхэд, аливаа зүйл хоёр талтай, бөмбөг хүртэл бөөрөнхий. 70 настай Владимир Путин 1990-ээс оноос хойш ОХУ-ын ерөнхий сайд, ерөнхийлөгчөөр ажилласан ч олон жилийн туршлагатай байлаа гээд ёс суртахуунтай байж, ухаалаг шийдвэр гаргадаггүйн тод жишээ болж байна.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж