Хэнтийн “ах, дүү” хоёр хэдийнэ муудалцсан гэх хэвлэл, олон нийтийн сүлжээний хов живэнд Л.Оюун-Эрдэнийн өгсөн хариулт нь “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хамгийн сайн ойлголцож ажиллаж байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэвэл бид хоёр байх”.
Мэдээж, тэднийг хагаралдуулах, муудалцуулах сонирхол гадаад, дотоодын улстөрчдөд бий биз. Хулгай, луйвар нь илчлэгдсэн авлигачид, хулгайчид “үхэхдээ үхэр буугаа тавьж” буй ч байх. Одоохондоо, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр тангараг арай тасарчихаагүй байна.
Гэвчиг Ерөнхий сайдын хэлсэнчлэн өнөөдрийн энэ тогтолцоогоо өөрчлөхгүй аваас У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрын эрх ашиг салах нь цаг хугацааны асуудал болно. Муу амлаж байгаа юм биш, эрх мэдлээ булаацалдсан институци хоорондын зөрчилдөөн нь нөхдийг ноход болгодог гэмтэй. З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёр яалаа. У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр яав.
Иймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийх хамгийн гол шинэчлэлт нь тогтолцоогоо тодорхой болгох нь МАН-ын үнэмлэхүй олонхын үндсэн даалгавар болжээ. Өнгөрсөн 30 жил Монгол Улс хагас парламентын, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай явж ирсэн. Энэ нь эцэг хуулийн гол зовлон болсон байна. Үндсэн хууль дахь үндсэн зовлонг нь өөрчлөхгүйгээр парламентын гишүүдийн тоог нэмж, сонгуулийг холимог хувилбараар явууллаа гээд Монголын улс төр, эдийн засаг холимог хуурга хэвээрээ үлдэнэ.
Золоор өнөөгийн ҮАБЗ-ийнхөн парламентын тогтолцоог бэхжүүлж, ардчиллаа хамгаалах ёстой гэдэгт нэг амтай, нэгдмэл байр суурьтай байгаа нь яамай. Х.Баттулга шиг Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг Ерөнхийлөгчтэй байсан бол яана.
ХОЁР ТУУЛАЙ ХӨӨВӨЛ ХООСОН ХОЦОРДОГ!
Нэг тэнгэрт хоёр нар мандвал ган нүүрлэнэ. Нэг улсад хоёр хаан байвал дажин үүснэ гэж үгтэй. Тогтолцооны тодорхойгүй байдлаас болж өнгөрсөн хугацаанд Монгол Улс албан ба албан бус хоёр Ерөнхий сайдтай явж ирсэн. Учир нь, Ерөнхийлөгч нь бүх ард түмнээс сонгогддог. Ард түмнээс сонгогдохын тулд сонгуулийн амлалт өгдөг. Амлалтаа биелүүлэхийн тулд Засгийн газрын ажилд хуруу, хошуу дүрдэг. Эндээс институци хоорондын тэмцэл, зөрчил эхэлдэг.
Монголчууд хоёр засаглал хөөгөөд хоосон хоцорсноо одоо ойлгож байна. Засаглалын тодорхой бус байдлаас болж Засгийн газар нь хэврэг явж ирсэн. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг эс тооцвол Монголын Засгийн газрын дундаж наслалт 1.5 жил. Улс төр нь тогтворгүй ийм нөхцөлд урт хугацааны бодлого улс оронд хэрэгжих боломжгүй, хэрэгжиж чаддаггүй. Монголын эдийн засагт нэн чухал төслүүд урагшилж өгдөггүй нь улс төрийн тогтворгүй байдлаас улбаатай. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад нэн чухал өч, төчнөөн төсөл, хөтөлбөр цаасан дээр үлдсэн нь хүнээсээ ч болсон, тогтолцооноосоо ч хамаарсан.
Нэг үгээр хэлбэл, эдийн засгийн хөгжлийн чөдөр тушаа нь эцэг хууль дахь засаглалын хямрал болжээ.
ОДОО Л ХИЙХГҮЙ БОЛ ОРОЙТНО
Үндсэн хууль нь өөрөө хулгайчдыг орогнуулдаг, хамгаалдаг үүр овоохой болсон нь бодит үнэн. Үүнийг өөрчлөх үгүй нь У.Хүрэлсүхийн ухаан, Л.Оюун-Эрдэнийн эр зоригоос шалтгаална. Хэрэвзээ, улс төр, эдийн засагт нүүрлэсэн хулгайг зогсоож, тогтолцооны гажигаа засъя гэвэл бүү ай.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд УИХ-ын гишүүдийн дөрөвний гурвын дэмжлэг хэрэгтэй. Улс төрийн намуудын рейтинг, эрх баригчдын эсрэг иргэдийн жагсаалыг харахад ирэх 2024 оны сонгуульд аль нэг нам үнэмлэхүй олонх болох бараг боломжгүй. Үнэхээр иргэдийн саналыг эрх баригчид мөнгөөр худалдаад авчихдаггүй юм бол шүү дээ.
Монголд улс төрийн нам гэж байхгүй. Зарим нь хувийн компани шахуу болсон. Жишээ нь МАХН бол Н.Энхбаярын хувийн компани байлаа. МАН-д зараад идэхэд намынх нь хэн ч эсэргүүцээгүй юм даг. Тэгвэл парламентад суудалтай гэр АН, МАН хоёр ч ялгаагүй, үнэт өгье гэхнээ үнэт зүйл үзэл бодолгүй эрх мэдлээ булаацалдсан эрх ашгийн “бүлэглэл”-үүд байна. АН гэхэд ороо, жороогоороо хуваагдаж талцаад оронгоо нураачихсан. Морь унасан толгой нам болоод удаж байгаа. Тиймээс Ерөнхий сайдын хэлсэнчлэн нүүрсний, зэсийн хоёр том бүлэглэл Монголын улс, төрд эдийн засгийг эзэгнэж байна. Ордны бүлэглэлүүдийн зөрчилдөөнийг эцэслэхийн тулд одоо л Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй.
2019 онд Ардын намынхан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гаргасан гол алдаа нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэвээр шахуу үлдээсэн явдал. Ихэнх нь Х.Баттулгад “бөлдөгдүүлчихсэн”-дээ бантаад эрхэнд нь халдахаас айсан хэрэг. Хаа очиж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх парламентын тогтолцоогоо бэхжүүлж, тогтолцооны гажуудлаа засахыг дэмждэг. Иймээс үнэмлэхүй олонх үүнийгээ засч, Үндсэн хуулийг өнөөдөр л өөрчлөхгүй бол оройтно. Оросын Элчин сайд И.Азизов хаа байсан Эрхүүд очоод Монголын засаглалын тухай ярьж явсан нь зүгээр ч нэг хов базаагүй гь ойлгомжтой.
Нөгөөтэйгүүр, Төрийн ордон архичин, авлигачин, хүчирхийлэгч, галзуучуудын орогнодог, нуугддаг газар болжээ. Үүнээс үүдээд парламентын нэр хүнд сонгуулиас сонгуулийн хооронд унаж байна. Атал муу,сайн ч гэсэн парламентын тогтолцоо Монголын ардчиллын хамгаалалт. Жишээ нь, У.Хүрэлсүх ШХАБ-д элсэх шахалтаас Монгол ардчилсан улс гээд эвтэйхэн аргалаад ирсэн нь парламентын тогтолцооны ач. Иймээс парламентын тогтолцоог бэхжүүлэхийн тулд засаглалаа тодорхой болгох нь нэн чухал, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь нэгдүгээр асуудал болсон байна.
Монголчууд Ерөнхийлөгчийг сөрөг хүчин гэж ойлгодог. Үндсэн хуульд зааснаар Эв нэгдлийн тэргүүн. Иймээс Ерөнхийлөгч нь сөрөг хүчин хийгээд эхэлбэл эрх мэдлээ булаацалдсан засаглалын хямрал үүснэ.
Сөрөг хүчин бол парламентад байх ёстой. Харамсалтай нь, өнөөгийн парламентад сөрөг хүчин алга. АН хүний хэргийг хэлэлцэх нь бүү хэл өрөөний хэрүүлээс хэтрэхгүй байгаа. ХҮН бол эхнээсээ хүний хүн байсан. Тиймээс сөрөг хүчний хяналт алдагдсанаар МАН-ынхан авдар дүүрэн мөнгөтэй болсон байх. Нөгөө талаасаа МАН, МАН-даа дайсан болцгоож байна.