Жилд 100 мянган нохой, муур устгах төлөвлөгөө гаргасан

Хуучирсан мэдээ: 2023.01.11-нд нийтлэгдсэн

Жилд 100 мянган нохой, муур устгах төлөвлөгөө гаргасан

Жилд 100 мянган нохой, муур устгах төлөвлөгөө гаргасан

Нийслэлийн гэр хороолол төдийгүй, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин нохой, муур ихээр байх нь иргэдийн амгалан тайван байх эрхийг зөрчдөг. Устгалын ажлын хүрээнд нэг жилд 100 мянган нохой, муур устгах төсөв батлагддаг байна. Энэ хэмжээгээр устгал хийгээд ч иргэдийн ухамсаргүй байдлаас шалтгаалан золбин ноход нэмэгдсээр байдаг гэнэ. Тиймээс эм нохойд спэй суулгах, эр нохойд үржлийг хязгаарлах мэс засал хийх нь үр дүнтэй арга гэдгийг албаны хүн хэллээ.

Энэ талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Б. Мөнхжаргалаас тодрууллаа.

– Гадуур золбин нохой, муур их байна. Нийслэлийн хэмжээнд нохой, муур устгалын хэчнээн байгууллага байдаг вэ?

–Нийслэлийн хэмжээнд захирагчийн ажлын албатай гэрээтэй гурван компанитай хамтран эзэнгүй нохой, муур устгалын ажлыг дүүрэг тус бүрээр хариуцан зохион байгуулдаг. Эдгээр гурван байгууллага нийслэлийн есөн дүүргийг гурав, гурваар нь хариуцаад явж байна. Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүрэгт “Өлтэ” компани, Чингэлтэй, Баянгол дүүрэгт “Базалт нэгдэл” компани, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт “Их булаг” компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Эзэнгүй нохой муур устгадаг энэ гурван компаниас өөр байгууллага байдаггүй. Нийслэлийн хэмжээнд нохой, муур устгах чиглэлээр сонгон шалгаруулалт явуулахад мэргэшсэн бөгөөд буу эзэмших зөвшөөрөлтэй, хөдөлмөр аюулгүй байдлын сургалтад хамрагдсан байгууллага ховор байдаг. Яг нохой, муур устгах чиглэлээр дагнаж ажилладаг 12 анчин байдаг. Эдгээр 12 анчдыг хариуцсан гурван байгууллага бий.

-Эзэнгүй нохой, муурын устгалын ажилд нийслэлийн хэмжээнд хэчнээн төгрөг төсөвлөдөг вэ?

-Нийслэлийн хэмжээнд жилд 100 мянга хүртэл нохой, муур устгана гэж төсөвт төлөвлөгөө гаргасан байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 96 дугаар тогтоолоор нэг нохойг 12 мянган төгрөгөөр устгана гэж баталсан байдаг. Энэ үнийн дүнгийн дагуу нэг жилд 100 мянган нохой устгахаар нийслэлийн төсөвт 1.2 тэрбум төгрөгийн төсөв батлагддаг. Төлөвлөгөөний дагуу 80 орчим хувьд нь хяналтгүй нохойг устгадаг, үлдсэн 20 орчим хувьд нь муур багтдаг.

-Эзэнгүй нохой, муур өвөл их байдаг. Устгахад улирал хамаатай юу?

-Эзэнгүй нохой муур устгал нь ажлын өдөр тутам хийгдэж байдаг. Даваагаас Бямба гариг бүр иргэдийн санал болоод өөрсдийн журмын дагуу устгалын ажил хийгддэг.

-Их хэмжээгээр  устгасан хэдий ч байгаад л байдаг. Энэ ажилд хэн хяналт тавьдаг вэ?

-Энэ ажилд дүүрэг, хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай гэрээтэй хөндлөнгийн хяналтын төрийн бус байгууллага гэх газрууд хяналт тавиад явж байгаа.

-Буудсан нохой, муурыг хэрхэн устгалд оруулдаг вэ?

-Буудсан нохой, муурын сэг зэмийг төвлөрсөн хогийн цэг дээр хүлээн авч дарж, булж, шатааж устгадаг. Тухайн цэгийн ажилчид хэчнээн нохой муур устгалд орсныг хүлээн авч, тоогоор нь хяналт тавьж, гүйцэтгэлээр нь устгалын компаниуд санхүүждэг.

-Гэр хорооллын гудамд нохой буудчихаад авч явахгүй байгаагаас болоод сэг зэм нь үлддэг?

-Устгал хийж буй байгууллагуудын хувьд нохойг буудчихаад үлдээх асуудал байхгүй. Тэд устгал хийсэн тоогоороо гүйцэтгэл авдаг. Харин өвчнөөр, осол аваарт орох гэх мэтээр гудамд үхсэн ноход гудамд бий. Тэгж үхсэн нохой, муурыг дуудлага мэдээлэл өгвөл очиж авч, устгалд оруулдаг. Хэрэв тийм асуудал гарвал нийслэлийн шуурхай удирдлагын зохицуулалтын төвийн 310005 утсанд шууд дуудлага өгч болно.

-Нийслэлийн хэмжээнд байдаг эзэнгүй муур, нохойн тоог судалж гаргадаг уу?

-Эзэнгүй нохой, муурыг тоолох нь хомс байдаг. Мал эмнэлгийн газар, Зооноз өвчин судлалын төв болон Нийслэлийн захирагчийн алба хамтран 2018 онд судалгаа хийхэд 300 мянга орчим эзэнгүй нохой, муур байна гэсэн магадлалын тоо гаргаж байсан. Эзэнгүй гэхээсээ илүүтэй гэр хорооллын айлууд хашаандаа тэжээдэг, ихэнх хувь нь эзэнтэй нохой, муур байдаг. Тэр айлууд өдрийн цагаар нийтийн эзэмшлийн зам талбайд явснаар эзэнгүй ноход олон харагддаг. Одоо хавар болоод үржлийн үе нь эхлэхээр гадуур ноход ихсэнэ. Мөн нохой тэжээдэг айлууд үржилд орохоор нь гөлгийг нь төөрүүлдгээс золбин нохдын тоо нэмэгддэг.

-Золбин нохой ихээр бий болж байгаа шалтгаан нь юу вэ?

-Олон улсын байгууллагуудын хийгдсэн судалгаагаар нэг эм нохой зургаан жилийн хугацаанд 67-72 мянган ширхэг болж үржих боломжтой. Нэг эм нохой жилд хоёр удаа үржилд орж төрөхдөө 6-13 гөлөг төрүүлдэг. Эдгээр төрөлтийн 80 орчим хувь нь охин гөлөг байдаг. Монголчууд охин гөлөг тэжээхгүй төөрүүлдгээс золбин гэх нохойн тоон нэмэгдэнэ. Иргэдийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан үржил зогсдоггүй. Эм гөлөг зургаан сарын дараагаас үржилд орох боломжтой. Бид жилд 80-100 мянган нохой устгаж байна. Ихээр устгал хийгээд ч золбин нохойн тоо буурахгүй байгаа үндэслэл нь нохойн үржил болоод нохой тэжээж байгаа иргэдийн ухамсар үүрэг хариуцлагатай шууд холбоотой.

-Нохой, муурыг үржүүлэхгүй байх олон улсын ямар арга байдаг вэ?

-Олон улсын туршлагаар эм нохойд спэй суулгах, эр нохойн үржлийг хязгаарлах мэс заслын аргууд байдаг. Энэ аргыг хэрэгжүүлснээр золбин нохой багасана. Үүнийг нохой тэжээж байгаа хүн үржлийн бус зорилготой бол заавал хэрэгжүүлэх шаардлагыг олон улсад тавьдаг. Энэ аргыг нэвтрүүлэхэд үйлчилгээний хөлс нь өндөр байдаг тул иргэд сонирхдоггүй. Нэг нохойн үржлийг хязгаарлах мэс засал 80-150 мянган төгрөг. Энэ үржлийг хязгаарлах асуудлыг тэжээвэр амьтдын тухай хуулийн журмуудаар нарийвчлан зохицуулна.

Б.Нарангоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж