Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нэг энхийг сахиулагч хумхаагийн халдварын улмаас нас баржээ. Нийт есөн цэргийн алба хаагчаас хумхаагийн халдвар илэрч, долоо нь эдгэж, эмнэлгээс гарсан талаар албаныхан мэдээлж байсан юм. Харамсалтай тохиолдлоор өмнө нь нэг алба хаагч хумхаа өвчний хүндрэлээр нас барсан. Тэгвэл дахин нэг алба хаагч биеийн байдал нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна.
Цэргийн төв эмнэлгийн дарга, хурандаа Б.Энх-Од өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ "Ажиллагааны өмнөх бэлтгэлээс эхлэн дуусах хүртэл албан хаагчдын эрүүл мэндийг байнга хянадаг. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд тодорхой хэмжээнд хумхаа өвчний халдвар ёс мэт гарч ирсэн. Африк дахь 10 шумуул тутмын нэг нь хумхаагийн халдвартай гэж үздэг. Цэргийн төв эмнэлгийнхэн өнгөрсөн хугацаанд хумхааг маш сайн судалж, оношилж ирсэн. Үүнтэй холбоотойгоор оношилгоо, эмчилгээгээ маш сайн хийдэг. Энэ өвчин шумуулаас хүнд дамждаг. Африкийн орон хуурай, борооны улиралтай. Борооны улиралд тээгч шумуулууд идэвхиждэг. Хүнээс хүнд халдвар халдахгүй.
Өнгөрсөн 21 жилийн хугацаанд хумхаа өвчнөөр нас барсан тохиолдол гарч байгаагүй.
Хумхааг илрүүлэх тестээр гурван удаа сөрөг гарсан тохиолдолд эрүүл гэж үздэг. Бас 14 хоногийн дараа дуудаж, цусны эсээс шинжилгээ авдаг. Цусны улаан эсийг эвдэж, хавсарсан бөөр, элэгний дутагдалд оруулдаг өвөрмөц өвчин. Бид цогц оношилгоо, эмчилгээг хийж, жилд хоёр удаа урьдчилан сэргийлэх үзлэгийг хийдэг. Хумхаа өвчний эсрэг эмээ уусан тохиолдолд хөнгөн өвдөнө.
Монголын албан хаагчид ажиллагааны өмнөх бэлтгэлээс эхлэн эх орондоо ирээд 14 хоногийн дараах хүртэл хумхаагийн эсрэг 250 милограммтай эмийг байнга хэрэглэдэг.
Цэргийн албан хаагчид бүтэн жилийн хугацаандаа, болон нийтдээ 58 удаа эмийг урьдчилан сэргийлж уудаг. Дэлхий нийтэд энэ өвчний эсрэг вакцин гэж байдаггүй. Өмнө нь дунджаар 850 энхийг сахиулагчдаас 10 хүртэлх тооны өвчний тохиолдол илэрч, бүрэн эмчилж, эдгээсэн. Тэр дунд хүнд шинж тэмдэгтэй тохиолдлууд байсан" гэдгийг хэлж байв.
Холбоотой мэдээ