Э.Болормаа: Би Ховдын хүн болсон

Хуучирсан мэдээ: 2023.01.11-нд нийтлэгдсэн

Э.Болормаа: Би Ховдын хүн болсон

Э.Болормаа: Би Ховдын хүн болсон

Тэр анхдагч. Улс төрийн “шинэ салхи”. Тэрбээр “Би өөрийгөө улс төрд орсон гэж хардаггүй. Мэргэжлээрээ дуртай ажлаа л хийж байна гэж боддог” хэмээн өөрийгөө тодорхойлсон юм. Энхбатын Болормаа гэх бүсгүйг энэ удаа хувь хүн талаас нь танилцуулахыг зорилоо. Түүний хувьд ирээдүйн олон Болормаагийн замыг түүчээлж яваа учраас багагүй саад бэрхшээлтэй нүүр тулж буй. Тэглээ гээд зовлон тоочихыг хүссэнгүй. Харин ч илүү эрч хүчтэйгээр, хариуцсан ажлаа нэр төртэй хийхийг хичээж байгаагаа хэлсэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.


-Хотод хэзээ ирсэн бэ. Хөдөөнөө хэр товхинож амжив?

-Би өчигдөр /2023.01.09/ Улаанбаатар хотод ирлээ. Энэ долоо хоногт бүх аймгийн Засаг дарга нар хотод Нийгмийн зөвшилцөл чуулга уулзалтад оролцох юм. Мөн Пүрэв гаригт Засгийн газрын гишүүдтэй энэ жилийнхээ төлөвлөгөөг хэлэлцэх уулзалтад бүх аймгийн Засаг дарга нар ирсэн байгаа.

Ховд аймагт очоод дөрвөн сар өнгөрчээ. Хүн ч юманд их амархан дасдаг юм байна. Гэр маань Ховдод учир тэндхийн хүн болсон.

Өмнө нь хотод амьдарч байгаагүй юм шиг түгжрэл маш хэцүү санагдах болж. Хурдан хөдөө рүүгээ явмаар санагддаг болчихдог юм байна.

-Ажил ихтэй байсан ч бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа?

-Би байнга хотод ирж чаддаггүй. Хийж, хэрэгжүүлж буй ажлаа олон нийтэд танилцуулж, мэдээлэл өгөх нь бидний үүрэг. Тийм учраас надад санал тавьж, ярилцаж байгаад баяртай байна.

-Таны хувьд аймгийн анхны эмэгтэй Засаг даргаар томилогдсон. Энэ албан тушаалд томилогдоход зарим иргэдийн төлөөлөгчид эсэргүүцлээ илэрхийлж байсан. Одоо уур амьсгал зөөлөрсөн үү?

-Энэ саналыг хүлээж авахдаа анхны эмэгтэй Засаг дарга болно гэж огт бодоогүй. Аймгийн Засаг даргын албан тушаал бол асар том хариуцлагатай ажил. Тэр аймаг орон нутгийн хөгжил дэвшил, эдийн засаг бүхий л асуудалд оролцоно. Гэтэл яагаад өмнө нь эмэгтэй Засаг дарга байж болоогүй юм бэ. Яагаад би анхных юм бэ гэж бодогдох үе байсан. Монгол Улсад өөрчлөлт шинэчлэл маш хурдтай явж байгаагийн нэг илрэл юм болов уу. Том зургаараа харахад Монгол сүүлийн 30, 100 жилийн өмнө ямар нөхцөл байдалтай байсан билээ.

Тийм болохоор өөрчлөлт шинэчлэлтийн нэг болж байгаадаа баяртай байгаа. Олон хүмүүс “Анхны эмэгтэй Засаг дарга болж байгаад баяр хүргэе. Амжилт хүсье” гэж хэлэх тоолонд маш том хариуцлагыг мэдэрдэг.

Би магадгүй ажлаа сайн хийхгүй, амжилттай байж чадахгүй бол олон хүний боломжийг хаах вий. Эмэгтэйчүүд Засаг дарга хийж чадах юм байна, байх ёстой ч юм байна гэж харуулах үүрэгтэй байтал чадахгүй байх вий дээ гэж их эмээдэг.

"НАМАЙГ УЛС ТӨРД ХӨТЛӨН ОРУУЛСАН ХҮН БОЛ ЕРӨНХИЙ САЙД"

-Тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүн гэх яриа гарсан. Таны хувьд энэ хүнтэй хэр ойр вэ?

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй анх 2015 онд танилцаж байлаа. Тухайн үед Ерөнхий сайд Харвардын их сургуульд магистрын оюутан байсан бол би АНУ-ын Нью-Йорк хотноо Колумбийн их сургуульд бас хөгжлийн бодлогын чиглэлээр магистр хамгаалж байсан. Тэр үед Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, дэд сайд асан О.Батнайрамдал, УУХҮЯ-ны газрын дарга Б.Уянга, Монгол Улсад хоёрхон Харвардын докторын зэрэгтэй мундаг эмэгтэй гэх мэтчилэн монгол залуус хоорондоо танилцаж байлаа. Бид өөрсдийн суралцаж, мэдсэн чиглэлээрээ эх орноо хэрхэн хөгжүүлэх вэ гэж ярьж байснаас хэн нь ч улс төрийн албан тушаалтан болно гэж бодоогүй. Тэрнээс хойш бие биенээ таньдаг найзууд болсон.

Өнгөрсөн 2021 оны нэгдүгээр сард Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсон. Тэгэхэд би Бээжин хотноо Азийн дэд бүтцийн Хөрөнгө оруулалтын банкинд анхны монгол ажилтан болоод удаагүй байсан юм.

Тэгсэн Ерөнхий сайдын зүгээс “Миний ажлын албаны дарга болооч” гэдэг саналыг тавьсан. Хүн болгонд ийм боломж олдохгүй учраас үнэхээр талархалтай хүлээн авсан. Монгол төрийн төлөө зүтгэнэ гэдэг нэр төрийн хэрэг. Би маргааш нь  ажлаасаа гарах өргөдлөө өгч байлаа.  Цар тахлын үе байсныг ч хэлэх үү, Бээжингээс шууд гарах нислэг байхгүй, вагоноор Тяньжин руу очиж, тэндээсээ Сөүлээр дамжин эх орондоо ирсэн. Тэгээд 14 хоног каринтинд тусгаарлагдсаны дараа ажилдаа орж байлаа.

Намайг ажилдаа дөнгөж ороход 10 их наяд, цар тахлын вакцинжуулалт, хөл хорио гээд энэ болгоныг Засгийн газар даван гарах шаардлагатай болж, эдгээрийн нэг хэсэг нь болж ажилласандаа баярладаг.

Бид тодорхой хэмжээнд амжилт гаргаж, дэлхийд цар тахлыг даван гарсан амжилтаараа үнэлэгдсэн. Тийм болохоор намайг Л.Оюун-Эрдэнийн хүн гэж ярих нь аргагүй. Намайг улс төрд хөтлөн оруулсан хүн бол тэр. Гэхдээ намайг ажилд авахдаа улс төр талаасаа бус хөгжлийн бодлогын чиглэлээр олон улсын байгууллагад ажиллаж байсан мэргэжилтний хувьд улс эх орондоо хэрэгтэй гэж бодсон учраас энэ саналыг тавьсан болов уу.

-Тантай Ховд аймгийн Засаг даргаар томилогдохын өмнө утсаар холбогдож ярилцсан. Тухайн үед аавынхаа төрсөн нутагт томилогдон ажиллаж байгаадаа их бэлгэшээж байгаагаа хэлж байсан шүү дээ?

-Манай аав Ховд аймгийн Мөст сумын уугуул хүн. Мөст сумандаа төрж өсөөд, арван жилийн сургуулиа Ховд аймагт төгссөн. Их сургуульд суралцах шалгалтаа онц дүн өгч, тухайн үеийн ЗХУ, одоогийн Беларусь улсад дээд боловсролоо эзэмшсэн. Тэнд манай ээжтэй танилцсан. Ээж минь Дорнод, Завхан аймгийн гаралтай, хотын унаган хүүхэд. Тэгэхээр Дорнод, Завхан, Ховд аймаг бол өвөө эмээгийн минь нутаг гэсэн үг.

Манай аав насаараа төрийн албанд ажиллаж, ажилдаа чин сэтгэлээсээ зүтгэж ирсэн.  Яг байгаль орчин, уур амьсгалын чиглэлээр мэргэжлийн ажлаа ярихад байнга ааваасаа суралцаж явдаг.

Аав охин хоёрын хоорондох харилцаа, ажлын харилцаагаа аль болох тусдаа байлгах гэж хичээдэг учраас хоорондоо аль болох ажил ярихгүй байхыг хичээдэг.

"ҮЙЛДЭЛДЭЭ МАШ ХЯНАМГАЙ ХАНДАЖ, ХУВЬ ХҮНИЙ ОРОН ЗАЙ ХЯЗГААРЛАГДМАЛ БОЛЖ ИРСЭН"

-Ер нь шүүмжлэл, сөрөг сэтгэгдэлд хэр эмзэглэдэг вэ? 

-Би өөрөө эмзэглэх гэхээс илүү гэр бүл, ойр дотныхонд маань илүү эмзэг тусдаг юм шиг байна лээ. Ээж минь “Миний хүүхэд зүгээр ажлаа хийж байхад” гээд л. Би өөрөө аль болох тэр болгонд эмзэглэхийг боддоггүй. Яагаад гэвэл Ерөнхий сайдын ажлын албаны даргаар ажиллаж байхад Ерөнхий сайд ямар их хичээж ажиллаж байгааг ойроос хардаг байсан.

Монгол Улсын хөгжлийн төлөө ямар их хичээж, зорьж ажиллаж байхад хүмүүс яаж шүүмжилдэг байсныг хардаг байсан учраас сэтгэлийн бэлтгэлтэй байсан. Гэхдээ яг өөр дээр ирэхээр бас амаргүй юм билээ.

-Олны танил болох мэдрэмж ямар байна вэ?

-Нэг их хүсэх юм бас биш байна лээ. Тэрийг бас ерөөсөө бодож байгаагүй. Өмнө нь ажлын албаны дарга байхдаа “арын фронт”-д ажиллаж байсан. Тийм ажил хийх маш их дуртай. Ажилдаа бүрэн төвлөрч, ажиллах боломжтой. Жишээлбэл, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулах ажлын хэсгийг ахалж, ажиллаж байхдаа яг л ажлын хэсгээрээ бодлогын ажилдаа төвлөрч ажиллаж байлаа. Одоо олны анхаарлын төвд байхаар ажилд анхаарах цагаас жаахан хумсалдаг юм шиг. Олон нийтэд ямар мэдээллээ хэрхэн хүргэх вэ гэж олон нийтийг мэдэрдэг байх ёстой. Гэхдээ нэг их сүртэй хүмүүс таниад байгаа юм байхгүй дээ. Аймаг орон нутагт маань намайг сайн таньдаг болсон.

Ард иргэд “Засаг дарга тэнд явж байна” гэдэг. Тэр болгонд үйлдэлдээ маш хянамгай хандаж, хувь хүний орон зай хязгаарлагдмал болж ирсэн. Залуу хүн хэдий ч үе тэнгийнхэн шигээ гадуур чөлөөтэй явах боломжгүй.

Өнөөдөр нийгэм, эдийн засгийн байдал ямар байгаа билээ. Зүгээр найзуудтайгаа гадуур хоолонд ороход ч гэсэн шүүмжлэлд өртөнө. Тийм болохоор амьдралаа нэлээн хязгаарласан. Миний амьдралын хэмнэл ер нь ажил гэр хоёрын хооронд л байдаг. Би үнэхээр ажилдаа хайртай хүн. Эдийн засагч хүний хувьд хөгжлийн бодлогын чиглэлээр мэргэшсэн хүний хувьд энэ ажилдаа хайртай учраас хүндрэлтэй санагддаггүй. Харин олон нийтэд танигдах сонин юм билээ.

-АНУ-ын Колумбийн их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан гэсэн.  Яагаад заавал энэ сэдвийг сонгосон юм?

-Би олон сургууль сонгож, материалаа явуулаад шалгарч чадах эсэхээ мэдэхгүй догдолж байлаа. Тэгээд тэтгэлэгтээ тэнцсэн тухай дуулаад үнэхээр их баярласан. Тухайн хөтөлбөрт тэнцсэн анхны монгол оюутан болсон. Одоо манай хөгжлийн бодлогын магистрын хөтөлбөрт хэд хэдэн монгол оюутан суралцаж байгаа гэж сонссон. Тэнд олон улсын хөгжлийн бодлогыг цогцоор нь заадаг сайхан хөтөлбөр. Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй, боловсролын хичээлүүд орно. Миний хувьд АНУ-д 2012-2014 онд маш олон сайхан дурсамжтай үе маань өнгөрсөн. Дараа нь дэлхийн банкны үндсэн ажилтнаар авах хөтөлбөрт хамрагдаж, ажилд орсон. Тэр үед дэлхий даяар 14 мянган залуус материалаа өгч, анхны 14 хүний нэгээр шалгарч байлаа.

Тэнд уур амьсгалын өөрчлөлтийн алба, гүйцэтгэх захирлын ажлын албанд бас ажилласан. 2015 онд Дэлхийн банкны анхны уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрийг батлахад оролцож, түүхэн 13 тэрбум ам.долларын санхүүжилт босгох ажилд оролцож, олон улсын төрийн албанд ажиллаж туршлага хуримтлуулж, суралцсан.

Дэлхийн банк олон улсын ядуурлыг бууруулах зорилготой байгууллага. Тэгэхээр ядуу буурай орнуудад очиж ажиллахдаа гял цял хувцаслаж болохгүй, ёс зүйтэй байж даруу хувцаслах ёстой гэдэг байсан.

-Зарим хүмүүс таны хувцаслалтад шүүмжлэлтэй хандах нь бий. Эмэгтэй хүнийхээ хувьд хувцаслалтдаа хэрхэн анхаардаг вэ?

-Миний хувьд энэ соёлоос одоогийн  албандаа ч хэрэгжүүлэхийг хичээдэг. Бид олон нийтэд үйлчлэх үүрэгтэй. Төрийн албан хаагч гэдэг үгийг англиас махчлан орчуулбал “нийтийн үйлчлэгч” гэсэн үг. Бид сэтгэхүйгээ, соёлоо өөрчлөх ёстой юм шиг санагддаг.

Дарга гэхээр л үнэтэй зүйл эдэлж, хэрэглэж, хүнд сурталтай, иргэд үүдэнд нь сахиж хүлээдэг соёлыг бид хамтдаа халах ёстой. Гэхдээ мэдээж бүх төрийн албан хаагчид ийм биш, дийлэнх нь сэтгэлээсээ ажилладаг гэж би боддог.

Соёлын өөрчлөлт гэдэг аль нэг хувь хүний буруу гэхээс илүүтэй системийн тогтолцоог нь өөрчлөх шаардлагатай байх. Төрийн үйлчилгээ авч байгаа иргэд ч мөн соёлоо өөрчлөх зүйлс бий. Энэ нийтдээ Шинэ сэргэлтийн бодлогын Төрийн бүтээмжийн сэргэлтийн зорилтын хэсэг юм. Энэ ганц манай оронд байдаг асуудал биш, Дэлхийн хөгжиж буй орны туулдаг л зовлон.

-Засаг дарга болсны дараа таны ХОМ олон нийтэд ил болсон. Ийм залуухан байж яаж энэ хөрөнгийг хураасан бэ гээд. Нууц биш бол гадаадад ажиллаж байхдаа хэр өндөр цалин авч байв?

-Жаахан эвгүй асуулт юм. Гэхдээ сонирхож байвал мэдээж нуух зүйл байхгүй. Зөвхөн гар дээр ирдэг цалингаар бус ажилчдынхаа эрүүл мэндийн даатгал, хүүхдийн сургалтын төлбөр, тэтгэврийн санд нь мөнгө хийх гэх мэт цалингаас гадна дэмжлэг их байдаг. Тодорхой олон улсын байгууллага татвар төлдөггүй учраас татвартай цалингаас ч мөн өөр дүнтэй байдаг. Бусад дэмжлэг орохгүйгээр гар дээр сард монгол мөнгөөр 30 гаруй сая төгрөгийн цалин авдаг байсан.

-Хотын унаган охин Ховдод "ганцаардаж" байна уу?

-Зүгээр ээ. Би хоёрдугаар төрөхөд төрж, хоёрдугаар 40 мянгатад өссөн. Эцэг эхээс гурвуулаа. Нэг ах, эгчтэй. Айлын бага охин. Өөрийгөө нэг их эрх өссөн гэж боддоггүй юм. Манай аавын талын өвөө, эмээ маань одоо хүртэл Ховд аймагтаа амьдардаг. Ээжийн талын өвөө, эмээ маань хэвлэл мэдээллийн салбарын хүмүүс. Нагац өвөө маань насаараа “Хөдөлмөр” сонинд ажилласан бол эмээ маань “Монцамэ” агентлагт ажиллаж байсан. Тийм болохоор би хэвлэл мэдээллийн салбарыг бас хүндэтгэдэг.

Би эх орондоо арван жилийн сургуулиа төгсч, олон залуусын адил гадаадын тэтгэлгээр АНУ-д очсон. Тэндээ эдийн засгийн мэргэжлээр суралцаж байлаа.

-Таны сонголт байв уу. Аав ээж нь зөвлөсөн үү?

-Миний сонголт байсан. Ер нь манай эцэг эх надад маш их итгэдэг. Нэлээн олон мэргэжлийг судалж, сонгосон. Би анх байгаль орчны чиглэлээр мэргэших хүсэлтэй байсан. Учир нь аав минь байгаль орчны чиглэлээр ажилладаг учраас их ойр дотно санагддаг байлаа. Тэгсэн хими, биологи гэх мэт шинжлэх ухааны хичээлүүдээс минь илүүтэй эдийн засгийн хичээлүүд сонирхолтой санагддаг болсон. Тэгж явж байгаад л эдийн засагч мэргэжлийг сонгосон доо.

Гадаадын их дээд сургуулиудад шууд их сургуульд орохоосоо мэргэжлээ сонгох бус гуравдугаар дамжаанаасаа сонгох боломжтой байдаг. Тэр болтлоо өөр хичээлүүд үзэж, яг хүссэн мэргэжлээ олох боломжийг бий болгодог. Одоо Монголд оюутан залуус маань ийм болж байгаа гэж ойлгосон. Энэ бол маш зөв санагдаж байгаа.

-Урлаг, спортын авьяастай хүүхэд байв уу. Эсвэл онц сурлагатай ангийн дарга охин байв уу?

-Сурагч насандаа ангийн дарга байсан үе бий. Нэг их гоц авьяастай хүүхэд байгаагүй ч хамт олонтойгоо их нийтэч, хичээлдээ сайн сурагч байсан. Аав ээж хоёр хичээлдээ шамдан сур гэж захидаг байсан.

"ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО ХЭРЭГЖИЛТИЙН ШАТАНД УНАХ ВИЙ ГЭСЭН ТОМ АЙДАС БАЙСАН"

-“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг гардан боловсруулсан хүний нэг. Энэ бодлогод улс орны хөгжлийг хэрхэн тодорхойлсон бэ?

-Ер нь “Шинэ сэргэлтийн бодлого” бол Монгол Улсын эхний 10 жилийн төлөвлөгөө гэсэн үг. Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар Монгол Улс нэг л урт хугацааны хөгжлийн бодлоготой байна гэж заасан. Тэр нь 2019 онд УИХ-р батлагдсан “Алсын хараа-2050” буюу Ерөнхий сайд ЗГХЭГ-ын дарга байхдаа ахалж, гардан хийсэн урт хугацааны бодлогын баримт бичиг. Тэрний өмнө олон хөгжлийн бодлого, баримт бичигүүд байдаг байсан. Энэ болгоныг нэг багц болгон зангидсан гэсэн үг. Нийт есөн бүлэгтэй, эдийн засгийн зургаан тэргүүлэх чиглэлтэй. Монгол Улс 2050 он гэхэд хөгжлийнхөө аль түвшинд хүрсэн байх вэ. Бид 2050 оны тэр олон зорилтод хүрэхийн тулд өнөөдөр, эхний 10 жилд юу хийх ёстой вэ гэдэг бол “Шинэ сэргэлтийн бодлого”.

Ерөнхий сайд дөнгөж 2021 оны нэгдүгээр сард томилогдож, наймдугаар сард цар тахлын эсрэг вакцинжуулалтыг нийт хүн амын 60 хувьд хүргэсний дараа эдийн засагтаа илүү анхаарах боломж гарч ирсэн. Тэгээд 2021 оны наймдугаар сараас арванхоёрдугаар сарын 30 хүртэл ажлын хэсэг нэлээн ажиллаж, боловсруулж, УИХ баталсан.

Ерөнхий сайд бидэнд маш тодорхой даалгавар өгсөн. Улсын эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд яг юу хийх ёстой юм бэ гэсэн. Дан төрийн албаны залуус нэгдэж, гадны зөвлөх байгууллагаар хийлгүүлэлгүй эдийн засгийн тусгаар тогтнол гэж юу юм бэ, өсөлтийг эрчимжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ гэдгийг багцалж гаргаж ирсэн. Эрчим хүч, хилийн боомт гэх мэт өмнө нь ярьдаг байсан асуудлыг зөв багцалж, эрэмбэлж чадсан гэж боддог. Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлс нь юу вэ, тэднийг арилгах зорилготой бодлого. Жишээлбэл, бид 100 хүнээс юу хийвэл улс хөгжих вэ гэж асуувал магадгүй 100 өөр хариулт хэлнэ. Харин бид үүнийг онолын аргаар гаргаж, эрэмбэлснээр эхний зургаа нь “Шинэ сэргэлтийн бодлого” болж байгаа. Бид дотооддоо хэдий их хэмжээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ч гарах гарц нь хязгаарлагдмал байвал яах вэ. Цар тахал бидэнд хилийн боомт ямар чухал вэ гэдгийг ойлгуулсан.

Нэгдүгээрт, боомтын сэргэлт байсан. Хоёрдугаарт, цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр. Одоо шинэ орон сууцны хороолол барьсан ч эрчим хүчээр хангах боломжгүй байдалд хүрсэн шүү дээ. Үүний дараа аж үйлдвэржилт. Монгол улс түүхий эдээ хямдаар гадаад руу гаргадаг ч нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүнээ өндөр үнээр эргэн худалдан авдаг. Жишээлбэл, бид Дорнод аймагт түүхий нефть олборлож  Хятад руу экспортолдог. Эргээд боловсруулсан шатахуунаа ОХУ-аас өндөр үнээр импортолж байна. Тиймээс дотооддоо нефть боловсруулах үйлдвэртэй байх ёстой.

Энэ мэтчилэн зургаан хязгаарлагч хүчин зүйл тус бүртээ бодлогын чанартай хийх ёстой төсөл, арга хэмжээнүүдийг тодорхойлсон. Зарим төсөл нь аль хэдийнээ эхэлсэн бол нөгөө хэсэг нь эхлэхээр бэлтгэлээ хангаж байна.

Мөн УИХ-ын тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тав дахь хавсралт нь  хийх ёстой хууль эрх зүйн шинэчлэлүүд, түүний хүрээнд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалт юм. Энэ бас их чухал асуудал. Багцалж хэлэхэд, Монголын эдийн засгийг эрчимжүүлж, тэлэхийн тулд эхний 10 жилдээ юу хийх вэ гэдэг нь “Шинэ сэргэлтийн бодлого”.

-Энэ хүрээнд хотын төвлөрлийг бууруулах ажлыг хийхээр орон нутагт ажиллаж, амьдарч байгаа шүү дээ?

-Би хөгжлийн бодлогын чиглэлээр ажилладаг хүний хувьд яг л газар дээр нь очиж ажиллах боломж гэж харсан. Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулж, батлуулахад маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн. Ерөнхий сайд маань санаачилж, манлайлж, мэргэжлийн хүмүүсийн боловсруулсан дүгнэлтийг хамгаалж УИХ-аар батлуулсан. Жишээ нь гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд “Монголын хөгжлиийг хязгаарлаж буй хамгийн том хүчин зүйлсийн нэг нь төр өөрөө юм” гэж хэлэх бол асар том улс төрийн зориг болов уу.

Өөрөө гар бие оролцсон Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжилтийн шатанд унах вий гэсэн том айдас байсан. Өөрөө хэрэгжилт дээрээ очиж ажиллах зорилго тавин Ховд аймагт ажиллах шийдвэрийг гаргасан.

Өнөөдөр Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээр жагсч байна: Үнэхээр азтай ард түмэн. Гэтэл Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь нийт газар нутгийнхаа 0.3 хувьд амьдарч байна.  Хүн амын нэг хувь ч хүрэхгүй нь хотод төвлөрсөн гэсэн үг. Ийм их төвлөрлөөс болж, хөдөөгийн хөгжлөө орхигдуулаад байна. Тиймээс иргэд хотоос хөдөө рүү шилжиж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах нь зүйтэй. Энэ бол хот хөдөөгийн сэргэлтийн зорилт юм.

Гэхдээ хөдөө орон нутагт Шинэ сэргэлтийн бодлогын бусад зорилтын хүрээнд явагдаж чухал ажлууд бий. Жишээлбэл манай Ховд аймагт улсын хэмжээнд баруун таван аймгийн эрчим хүчийг бүрэн хангах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэх гэж байгаа.

Өнөөдөр баруун бүсийн аймгийнхан ОХУ-аас эрчим хүчээ авдаг. Ховд аймгийн урд гурван сум БНХАУ-аас эрчим хүчээ худалдан авдаг. Бид урд, хойд хөрш улсаасаа эрчим хүчээ өндөр үнээр худалдан авч, иргэддээ арай хямдаар зараад, зөрүүг нь төсвөөс гаргадаг. Тиймээс эрчим хүчний хараат байдлаас салах зорилтын нэг хэсэг бол Эрдэнэбүрэнгийн УЦС юм. Ирэх хавраас бүтээн байгуулалт нь эхэлнэ. Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн дөрвөн сумын нутаг дэвсгэрийг хамарсан маш том төсөл. Дийлэнх усан сан нь Увс аймгийн Өмнөговь сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд байгаа.

-“Мөнгөлөг шагшуурга” арга хэмжээг зохион байгуулах талаар мэдээлэл өгөөч?

-Жил бүр зохион байгуулдаг “Мөнгөлөг шагшуурга” арга хэмжээ нэгдүгээр сарын 21, 22-нд Хар ус нуурын эрэг дээр болох гэж байна. Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотоос хөдөө рүү хийх шилжилтийг нэмэгдүүлэх зорилгоор бүх аймгууд Засаг даргын орлогч, дэд сайд нар оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг томилсон. Нэг үгээр хэлбэл аймгууд хоорондоо өрсөлдөж байгаа гэсэн үг. Яаж сайн боловсон хүчинтэй болж, аж ахуйн нэгжүүдийг орон нутагтаа татах вэ гэж. Тийм болохоор нэгдүгээр сарын 19, 20-нд "InvestKhovd" хөрөнгө оруулалтын чуулганыг хийж, араас нь “Мөнгөлөг шагшуурга” арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулна.

Засгийн газраас 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүний албан ёсны арга хэмжээ нь Ховд аймгаас “Мөнгөлөг шагшуурга” арга хэмжээгээр эхэлж байгаад бэлгэшээж байна.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Хар ус нуурын эрэг аймгийн төвөөс 30 минут засмал замаар явж хүрдэг газар. Нуурын эрэг дээрх хоёр метр зэгс нь зундаа очиход хүндрэлтэй байдаг бол өвөл нуур хөлдөхөд очиж үзэх боломжтой болдог. Үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Гадаад, дотоодын 13-15 мянган хүн хүлээн авахаар төлөвлөж байна.

-Ховд аймгийн төсвийн хувьд улсаас татаас авдаг. Аймгийнхаа төсвийг ирээдүйд хэрхэн төлөвлөж байна вэ?

-Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн хувьд бие даасан байх зорилт байдаг. Засгийн газрын тогтоолын дагуу аймгийн төсвөө бүрдүүлдэг тав зургаан аймагт урамшуулал өгсөн. Энэ бол нэг төрлийн сэдэлжүүлэлт гэж харж байгаа. Бид аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдыг орон нутагтаа татах ёстой. Тэдэнд боломжийг бий болгох ёстой.

Засгийн газраас хөдөө орон нутагт ипотекын зээлийг бууруулж, аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтүүдийг баталж, бодлогын түвшинд бодит дэмжлэг үзүүлж байгаа. Харин аймгууд бид үүнийг газар дээр нь хэрэгжүүлэх ажилтай.

Энэ ч хүрээнд бид хөрөнгө оруулалтын чуулган Ховд аймагт зохион байгуулж, олон шинэ зүйлсийг хийх төлөвлөгөөтэй байгаа. Үүний нэг нь хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэдээ зориулан нэг цэгийн үйлчилгээг бий болгож байгаа. Ховд аймагт хаанаас ч иргэд амьдарч, бизнес эрхлэх боломжоор хангах дээр төвлөрч ажиллаж байна.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж