Esports 2022: Бахдал дүүрэн энэ он монголчуудынх байлаа! 

Хуучирсан мэдээ: 2023.01.11-нд нийтлэгдсэн

Esports 2022: Бахдал дүүрэн энэ он монголчуудынх байлаа! 

Esports 2022: Бахдал дүүрэн энэ он монголчуудынх байлаа! 

"IHC ESPORTS3 ГЭДЭГ НЭРИЙГ БИД МАРТАХГҮЙ!

2022 оны Монголын испортын эхний нүсэр арга хэмжээ "MESACon" байлаа. "CS:GO"-ийн Монголын хамгийн том лиг "MESA League"-ийн аваргыг тодруулах зорилготой тус арга хэмжээний оргил нь мэдээж тус лигийн гранд финал байлаа. Тайланд, Өмнөд Солонгос, Монгол, Сингапурын тамирчдаас бүрдсэн "Team NKT" Монгол улсад ирж, нутгийн эзэд "Checkmate"-тэй тулсан нь энэ оны Монголын испорт сонирхолтой болох эхний дохио байлаа. Ийнхүү Монголын испортод анх удаагаа гадны тамирчид хүрэлцэн ирж тэмцээнд оролцсон тохиолдол болов.

Финалын тоглолтод талбайн эзэд "Checkmate" үзэгчдийнхээ өмнө нэр төрөө хамгаалж, "NKT"-ийг 3:0-ийн харьцаатайгаар буулган авч, "MESA League S2"-ийн цомыг хүртсэн. Баяраа тэмдэглэхийн сацуу тэд "Checkmate" нэрнээс шилжиж "IHC Esports" байгууллагын дор цаашид тоглох болсоноо зарлав. Мэдээж энэ том шилжилт 2022 оны испортын тод үйл явдлуудын эхлэл болсоныг бид сайн мэднэ.

Үүний дараа тэд "MESA Nomadic Masters 2022" буюу "BLAST Premier"-т Ази тивийг төлөөлөх эрхийн төлөө дахин нутгийн дэвжээнд, "Steppe Arena"-ийн тайзан дээр дахин "NKT"-тэй хүч үзсэн. Магадгүй Монголын испортын хамгийн нүсэр, өрсөлдөөнтэй, сенсацитай, мартагдашгүй тэмцээн бас финал байсныг дурдах нь зүйн хэрэг. "Steppe Arena"-д  5000 хүн нэг дор цуглаж испортын гайхамшгийг бодитоор мэдэрсэн нь энэ байлаа.

Финалд "IHC Esports" төвөггүй ялна гэж олон хүн таамаглаж байсан ч эсрэгээрээ 2:0-ийн харьцаатайгаар "NKT" ялалт байгуулж төсөөлөгүй зүйлийг биелэл болгов. Эцсийн раунд дээр "Dobu"-ийн хийсэн "1v5 clutch" магадгүй бидний Азийн түүхэнд үзэж байсан "CS:GO"-ийн хамгийн төгс "clutch" байх.

"IHC"-ийн гомдол дүүрэн энэ ялагдал гэхдээ үлдсэн хугацааны илүү хүчирхэг зүйлийн учиг байлаа. Тэд үүнээс сар хүрэхгүй хугацааны дараа Монгол фэнүүдийн мөрөөдөл болсон "Asian RMR"-т Хятад, Австралын шилдгүүдийг дараалан бут ниргэж тивээ дэлхийн аварга "major"-т төлөөлөх эрхтэй болсон юм. Мэдээж "major"-т оролцож буй гэдгээрээ "major"-ийн "sticket"-ийн эзэд болсоноор түүхэнд нэрээ мөнхөлсөн. Гэхдээ энэ нь энэ удаагийнхаар зогссонгүй. Тэд намрын улирлын "major"-т дахин Ази тивээ тэргүүлэн оролцсон нь тэднийг Монголын "Counter-Strike"-ийн түүхэн дэх хамгийн шилдэг, мартагдашгүй нэртнүүд болгож мөнхлөв.

Үүнд тамирчдын хичээн зүтгэл, ур чадвар, урт хугацааны тогтвортой байдал, багийн суурь зэргийг тодотгохгүй байхын аргагүй. Үүнээс гадна "IHC Esports" багийн удирдлагууд, арын албаныхны хүч нэмэр, мөн энэ оны онцлох хамтын ажиллгаануудын нэг "1XBETx IHС" гэсэн хамтрал, "1XBET"-ийн түүхэн дүнтэй хөрөнгө оруулалтыг дурдахгүй байхын аргагүй.

Ямартай ч "IHC" хэмээх энэ гэр бүл мартагдашгүй 2022 оныг испортын төлөө гэсэн Монгол хүн бүрт бэлэглэж чадлаа. Тэдний нэр мөнхлөгдсөн!

"PUBG MOBILE" БОЛ МОНГОЛЧУУДЫНХ!

Монголчуудын энэ онд хамгийн их тоглосон, хамгийн их үзэгчтэй, хамгийн их тоглогчтой гээд хамгийн гэж хэлж болох бүх тодотголыг "PUBG Mobile" эзэмшлээ. Нас хүйс, шашин шүтлэг харгалзахгүй, том жижиггүй “ПАБЖЭ” гэдэг үгийг сонсоод л юу байдгийг нь, ямар шимтэм зүйл болохыг нь гадарлана. Тэгвэл энэ жил ч тэр хэмнэлээ "PUBG Mobile" алдсангүй.

Испортын олон улсын тавцанд Монголын "Stalwart Esports", "IHC Esports" багууд тэргүүлэн ялгуусан амжилтыг үзүүлж, энд дурдагдаагүй олон нэр Монголын нэрийг олон улсын тавцанд бахархалтайгаар зарласныг дурдах нь зүйтэй.

Оны төгсгөлд Монголын "PUBG Mobile"-ийн "Team Mongolia" улсаа төлөөлөн Туркийн Истанбулд "Global Esports Games"-д амжилттай оролцож, "IHC Esports" болон "Stalwart Esports" багууд "PUBG Mobile"-ийн дэлхийн аваргад Монгол улсаа төлөөлөн оролцох эрхээ авсаныг илүүтэйгээр онцольё. Өмнө нь "IHC" 2020-21 онд дэлхийн аваргад гуравт, 2021-22 онд "Stalwart" 7-р байранд орж байсан бол энэ удаад хоёр баг хоёулаа хамт эрхээ авсан нь тэмдэглүүштэй зүйл байв.

"TEAM LILGUN" – ХҮЧТЭЙ ЭХЛЭЛ, ЭРГЭЛЗЭЭТЭЙ ҮРГЭЛЖЛЭЛ

"DOTA2"-ийн Монголчуудын орон зайг олон улсад нөхсөн нэр "Lilgun" гэх залуу авъяастнуудын нэгдэл байлаа. Монголчууд магадгүй "DOTA"-аар дэлхийн өрсөлдөж чадахгүй юм болов уу гэсэн эргэлзээг тэд тайлж 2022 оны туршид тасралтгүй ахицыг, үе шаттайгаар үзүүлж чадсан.

"DPC" улирлын сэтгэл хөдөлгөм тоглолтууд, "Steppe Arena"-д "DOTA2"-ийн "MESA League"-ийн финалд Филиппиний хүчирхэг "Execration"-ийг нутагтаа буулган авсан тоглолт, "Lilgun" гэдэг брэндийн хөгжил, "organization" талын гэгээлэг ирээдүй, "1XBET"-тэй хийсэн жилийн гэрээ, хөрөнгө оруулалт, "Division II" аварга болж азийн топ найман багийн нэг болж дэвшиж чадсан зэрэг хурдтай ахиц яалт ч үгүй дотагийн фэнүүдэд том итгэл найдварыг үүсгэсэн.

Дотагийн үзэгчдийн мөрөөдлийн тэмцээн "TI"-д ч орчих юм бишүү гэсэн хүлээлт бодитой оршиж байсныг ч нуух юун. Дотооддоо ч тооломгүй их ялалтын цувралыг үргэлжлүүлж "MESA"-ийн "MESA League", "MESA Champions Spring", "MESA Champions Summer", "MESA Champions GEG Edition" гээд байж болох бүх хожлыг тэд эзэмшсэн. Гэвч их хүлээлтийн эцэст "TI"-ийн сонгон шалгаруулалтад амархан бүдэрсэн нь хүлээлт өндөртэй байсан залууст том цохилт өгсөн биз ээ.

Түүнээс хойш чимээгүй болсон "Lilgun" энэ 12 сард "Team Mongolia"-ийг төлөөлөн Туркийн Истанбул хотод "Global Esports Games 2022"-д өрсөлдөж хүрэл медалийг нутагтаа авчирч чадсан. Гэхдээ тэр бүрэлдэхүүнд дотагийн Монгол фэнүүдийн хайрт "Sanctity", "Hishka3 нар байсангүй. Тэд багаа орхижээ.

Үнэхээр төсөөлөмгүй давамгай жил, гэхдээ эргэлзээтэй төгсгөл. "Lilgun" 2023 онд үргэлжлэх үү гэдэг асуултын тэмдэгтэйгээр бид энэ оныг үдлээ.

"1XBET", "STEPPE ARENA", "TEAM MONGOLIA" БА БУСАД

Үнэхээр энд дурдаж амжихгүй, багтахгүй, хүрэлцэхгүй өөр олон үйл явдал, олон нэрс 2022 оны Монголын испортыг чимжээ. Дотоодын олон багууд дэвшил үзүүлж, тус багууд амжилтаар хэмжигдээд зосгохгүй бүгд байгууллагын хэмжээнд маш том ахиц үзүүлж, байгууллагын соёл, зохион байгуулалтад суралцсан, өргөжсөн гэдгийг дурдах нь зүйн хэрэг.

Энэ оны яалтачгүй онцлохгүй байхын аргагүй зүйл нь "1XBET"-ийн Монголын испортод хийж буй хөрөнгө оруулалт байлаа. Бооцоот сайтуудын спортыг дагалдан хийдэг бизнесийн буцаад нийгэм, олон нийтэд өгч буй зүйл нь спортдоо өгч буй хөрөнгө оруулалт байдаг. Тэр ч утгаар "1XBET" энэ онд "IHC Esports", "Team Lilgun", "Team Mongolia" гээд олон багтай гэрээ үзэглэж, маш том дүнгээр спонсорлож, үйл ажиллагаанд нь том түлхэц өгсөн явдал байлаа. Дэлхийн топ баг, байгууллагуудын гол ивээн тэтгэгч "gambling" байгууллагууд байдгийн адилаар Монголд ч энэ нь ижил бууж буй. Гэхдээ энэ нь хөрөнгө оруулалт байдлаар ирж байгаа тул дэмжлэг муутайхан байдаг багуудын маань хувьд зүйрлэшгүй том түлхэц, тэтгэлэг, дэмжлэг байлаа. Эдгээр багууд ч түүнийх нь шанг хүчтэй барьж олон улсын болон дэлхийн тэвцээнд өндөр амжилт үзүүлэв. Цаашдаа ч өөр олон хөрөнгө оруулалт, ивээн тэтгэлэг гаднаас орж ирэх нь Монголын испортын экосистемийг өргөжүүлэх, багуудын тогтвортой байдлыг хангах, хөгжих хурдыг нэмэх ач холбогдолтой билээ. Үүнээс гадна дотоодын гол тэмцээн зохион байгуулагч, төсөл хэрэгжүүлэгч "MESA"-ийн бүх үйл ажиллагааг дэмжиж, контентын гол тоглогч болох "META" зэрэгтэй хамтарч ажилласан нь Монголын испортод ирж буй олон талын зөв дэмжлэг байлаа.

Мөн "Steppe Arena"-д болсон "MESA Nomadic Masters" 5000 гаруй испортын фэн нэг дор цуглаж, түүнээс сар хүрэхгүй хугацааны дараа дахин 3000 гаруй үзэгч "Lilgun vs Execration"-ийн "MESA League" финалыг үзэж олон улсын багуудыг нутагтаа ийнхүү хүлээн авч цэнгэлдэх дүүргэсэн нь бас л тэмдэглэхгүй байхын аргагүй баяр байлаа. "BLAST Premier" Монголын холбоотой хамтарсан тэмцээн, major-ийн албан ёсны шууд дамжуулалтууд, торгон мөчүүд, цуврал дотоодын тэмцээнүүд гээд дэндүү баялаг 2022 бидэнтэй хамт байлаа.

"Team Mongolia" хэмээх Монгол улсын шигшээ багийг төлөөлсөн залуучууд "IESF World Championship"-д Индонезийн Балид гурван төрлөөр хүчээ сорьлоо. Нэг мөнгөн медаль авчирлаа. Үүний дараа Туркийн Истанбулд "Global Esports Games"-д Team Mongolia дахин дөрвөн төрлөөр хүч үзэж нэг хүрэл медалийг Монгол улсад нэмлээ.

Бид клубын түвшинд, шигшээ багийн түвшинд ч, тэмцээн зохион байгуулалтын түвшинд ч, контентын түвшинд ч, гэрээ хэлцлийн түвшинд ч ярих юм ихтэй, мундаг жилийг үдлээ. Харин ирэх 2023 ямар байх бол?

Хариултыг бид бүгд хамтдаа бүтээнэ. Баярлалаа 2022, Баяртай 2022!

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж