НЭМЭЛТ
Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Иргэний төлөөлөл парламентад төлөөлж оролцож эхэлснээр хяналт сайжирна. Нэг талаар энгийн иргэд дэвшээд гарахад хүнд нөхцөл үүссэн нь үнэн. Мөн гуравдагч, дөрөвдөгч хүчин хүчтэй байсан бол парламентын хяналт сайжирна. Энэ хяналт сайн байвал тогтолцоо сайжирна.
Парламент бүтэн биш буюу нийт иргэдийг төлөөлж чадахгүй байна. Парламентад ард түмэн түр хугацаанд эрхээ шилжүүлдэг.
Олон нам парламентад орох ёстой. Бид өнөөгийн мажоритар тогтолцоогоо хувь тэнцүүлсэн болговол иргэдийн санал гээгдэхгүй, харин асуудал хугацаа сунжрах эрсдэлтэй. Яагаад ийм байдалд хүрэв гэж бид сууриа харах хэрэгтэй. 1990 оны хувьсгалаас хойш бид 30 жилийг өнгөрөөлөө.
Би авлигын эсрэг хатуу тэмцэнэ. Гэхдээ би шүүхэд нөлөөлөх эрхгүй тул Засгийн газар олж авсан баримтаа ил болгох боломжтой.
Нийгмийг бухимдууллаа хэмээн намайг шүүмжилдэг. Би хэн нэгний мууг үзэх гэсэндээ биш цаашид ийм алдаа дахин битгий гараасай гэсэндээ зарим зүйлийг ил болгосон. УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах эрх надад байхгүй. Далд байгааг ил гаргаж л асуудлыг шийднэ.
АН, МАН гэж ярьдаг ч нүүрс, зэсийн хоёр л нам бий. Бид сэтгэл хөдлөлөөр, экстрим аргаар хандаж болохгүй.
Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал хамгийн чухал. Би Хууль зүйн сайдад жагсаж буй иргэдэд хүндэтгэлтэй хандан, эрхийг нь зөрчихгүй байхад анхаараарай хэмээн байнга хэлдэг. Засгийн газрын тэргүүн гарч, жагсагчидтай уулзсан тохиолдол байхгүй.
"Бодлогод залуусын хяналт" ТББ-ын тэргүүн Т.АМАРЗАЯА:
-Өнгөрсөн 2022 онд хоёр том жагсаал болсон. Залуучууд буюу 18-35 насныхан жагсч, ажлаа хийхийг шаардсан. Хэн ч УИХ тар гээгүй. Бид та бүхнээс хариуцлага тооцохыг л шаардсан. Гэтэл өнөөдрийн энэ хуралд залуус цөөн оролцож байна. Та нар залуусын нэр барьж, Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгааг эсэргүүцэж байна.
Улс төрийн намын тухай хуулиа хурдан батлах ёстой.
Авлига нам дамжин явдгийг бүгд мэдэж байгаа. Мөн ямар хэргийн баримт ил болж, ямар нь далд өрнөдөг юм бэ? Бүх зүйл сценарын дагуу болж байгааг бид харж байна. Шударга байна иргэдтэй тэмцэнэ гэж ам гардаг шиг ээ бодит хариуцлагыг нэхдэг, тооцдог байх хэрэгтэй.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулж буй “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” сэдэвт чуулга уулзалт өнөөдөр /2023.01.11/ төрийн ордонд болж байна. Тус чуулга уулзалтыг “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хүрээнд зохион байгуулж байгаа юм. Чуулга уулзалтад улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэлцүүлгийн үеэр оролцогчид буюу нүүрсний хулгайчдад хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн цуглуулсан 50 мянган хүний гарын үсэгтэй шаардлагыг хүлээн авч байгаа талаар хэллээ. Мөн цаашид үүсээд буй нөхцөл байдалд бодит хариуцлага тооцдог жишиг бий болгоно гэдгийг онцлов.
ХЯНАЛТ ШАЛГАЛТ САЙЖИРСНААР БУГШСАН ОЛОН АСУУДАЛ ИЛ БОЛСОН
Энэ үеэр УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:
-Монгол Улс ардчилсан тогтолцоог сонгосноос хойш 30 жил өнгөрлөө. Бидний сонгосон ардчилал, хүний эрх, эрх чөлөө, парламент ёс, чөлөөт зах зээлийн зарчим бүхэлдээ буруу биш. Гэхдээ алдсан, буруудсан, засах ёстой асуудлууд бий. Ардчилал бол төгс төгөлдөр зүйл гэж хэн ч хэлэхгүй. Хүн төрөлхтөн үүнээс илүү засаглалын сайн хэлбэрийг олж тогтоож чадаагүй байна. Тиймээс парламентын ардчиллаа төгөлдөржүүлэх, ардчиллын үнэ цэнийг тодорхойлох, бэхжүүлэх асуудал хамгийн чухал. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санааг хууль тогтоомжид тусгаж эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор УИХ-ын Хяналт шалгалтын тухай хууль зэрэг 17 хуулийг баталж гаргасан. Цаашид 13 хуулийг шинэчлэх хэрэгтэй байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-ын Хянан шалгалтын тухай анхдагч хуулийг баталж өнгөрсөн оноос мөрдөж эхэлсэн. Үүний дагуу Хянан шалгалтын 24 ажлын хэсэг Хөгжлийн банк, нүүрсний хулгай, эмийн чанарын асуудлаар гурван хянан шалгах түр хороо байгуулж ажилласан.
Нийт найман нээлттэй сонсгол зохион байгуулж ард түмний мэдэх эрхийг хангаж ажиллаж байна. Ингэснээр хяналт шалгалтын ажил шинэ шатанд гарч, бугшсан асуудлууд ил болсон.
Цаашид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу төрийн эрх мэдэл хоорондын хяналт тэнцлийг бэхжүүлэх, парламентын ардчилал, ард түмний засаглах эрх мэдлийг баталгаажуулахад нэн чухал ач холбогдолтой Ерөнхийлөгчийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилттэй холбоотой тухай хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулж эрчимжүүлэх шаардлагатай байна.
Иргэн, Ардын их хурлын төлөөлөгч асан, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийн гишүүн Д.ЛАМЖАВ:
-Монгол Улс авлигын тогтолцоо руу гулсан орлоо. Үүнд засгийн эрхийг авахын төлөө улайрсан, одоо эрх мэдэлд хүрсэн хүмүүс буруутай. Үндсэн хуулийн улмаас энэ байдалд хүрсэн нь үнэн ч Үндсэн хуулийн нөлөө маш бага. Баахан ярианаас өөр юмгүй, урагш ахихгүй хоцрох вий гэж би болгоомжилж байна.
Өнөөдрийн хурал халуун болж байна. Монгол Улсад үйлчилж буй хуулиар Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн хийсэн гэрээг УИХ батлах ёстой. Гэтэл ийм биш болсон талаар Ерөнхий сайд сая илтгэлдээ дурдлаа.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг хүчингүй болговол Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж болно. Үүнд УИХ манлайлах нь зөв. Бүх ард түмний санал асуулга явуулж болно.
ОЛОН ЗАЛУУС ЖАГССАН Ч ТӨЛӨӨЛӨЛ НЬ ӨӨР ХҮМҮҮС БАЙГААД ХАРАМСЧ БАЙНА
Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах ажлын хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал, уулзалт, хэлэлцүүлгүүд цувралаар үргэлжилнэ. Мөн зөвхөн эрдэмтэн судлаачдаас гадна иргэдийн төлөөлөл санал хүсэлтээ илэрхийлэх боломжтой. Тэгвэл өнөөдрийн хэлэлцүүлэгт нүүрнсий хулгайчдыг илчлэхийг шаардсан иргэдийн төлөөлөл оролцож байна. Гэхдээ оролцогч иргэдийн төлөөлөл санал хүсэлтээ хэлэхдээ “Жагсаалд оролцогчдын ихэнх нь залуус байсан. Нийт 50 мянган хүний гарын үсэг цуглуулж, нүүрсний хулгайд холбогдсон хүмүүсийг илчилж хариуцлага тооцохыг шаардсан. Гэвч өнөөдөр төлөөлөл гэж ирсэн хүмүүсийн дийлэнх нь тэдгээр залуус биш, өөр хүмүүс байна. Зорилготойгоор иргэдийн тэмцлийг үнэгүйдүүлж байгаад харамсч байна” гэсэн юм.
Мөн улс төр, бизнес холилдож төрийг хувийн ашиг сонирхолдоо ашигтай байлгаж байгаа нь өнөөгийн бодит төрх.
Тэгэхээр нийгмээ сайн сайхан болгохын тулд өндөр дээд албан тушаалтнуудад давуу байдал олгохоо зогсоох хэрэгтэй гэсэн юм.
Холбоотой мэдээ