Монголчууд болгоомжилж байна. Монгол хэмээх оршихуйн бэлэгдэл болсон Цагаан сараа хамгийн дургүйчүүдээс хамгаалах гэж хэлээрээ, гараараа, хөлөөрөө анхааруулж байна. Манжид эзлүүлж явсан монголчууд Хятадаас нүгэлтэй айна. Хятадын хар хогийг битгий цагаан сараараа өгөөрэй гэх уриалга өнөөдөр эрчээ авчээ. Цуснаасаа хятадад дургүй монголчуудын хүлээн зөвшөөрдөг хятад нь Күнз эсвэл Жэки Чан байж мэднэ. Дэндүү туйлширсан бид тэднээс дэндүү хамааралтай юмсанж. Хүсэвч эс хүсэвч бид бөгсөө арчихдаа хүртэл тэдний хийсэн цаасыг хэрэглэж байх бол амны хаалтаа тэднээс л авч байна. Монголчууд түүхэндээ ганц удаа ч болов үйлдвэрлэгч үндэстэн байж үзсэнгүй. Харин наймаачин байж чадсан байж мэднэ. Хүн төрөлхтний туулан өнгөрүүлсэн хорин зууны 200 гаруй жилийн өнгө төрхийг тодорхойлсон Монголоос өөр нэг ч улс үндэстэн байгаагүй гэж омогшдог ч үнэндээ тэднээс бид дэндүү хамааралтай аж.
Тэднээс бид тусгаарлагдахад 500 төгрөгийн амны хаалтыг 20 мянган төгрөгөөр худалдан авах төслийг төр боловсруулж, хүж хүртэл хүний нүд бүлтийлгэж, ам ангайтал үнэд оров.
Барилгын материал байдгаасаа 2-3 дахин өссөн нь бүхнийг бусдаас авдаг монголчууд “муухай хятадын далд бодлого” гэх хардлагыг төрүүлснээс бус бидний бодит байдал гэдгийг харуулж чадсангүй. Нөөцөлсөн мах нь муудахад мөнөөх л өмнийхөн буруутан болов. 70 сая малтай хэр нь дэлхийн зах зээлээс өндөр үнээр худалдан авч буйн буруутныг бид олж тогтоосон агаад буруутан нь Хятад гэх оюун дүгнэлтийг хийжээ.
Монголыг тэжээж, улстөрчдийг ундаалж буй нүүрсийг энхрий хайрт хойд хөрш бидэнд хайртай болохоор авсангүй. Муухай санаатай өмнөд хөрш л авав. Хэтэрхий, бүр тэнэг зоригтой монголчууд тэдэнд 36 сая тонн нүүрс нийлүүлнэ гэж байсан ч цар тахлаас болоод чадсангүй. Буруутан нь төмөр замаа бариагүй төр засгийн түшээдийнх бус бас л тэд болов.
Гэтэл данс тооцоогүй монголчууд нүүрсний хулгайчдыг илрүүлсэн бөгөөд хэн гэдгийг харин олсонгүй. Гуравхан сая хүнтэй хэр нь тэрбум илүү тэднээс нүүрсний хулгайчдыг нэрсийг өгөхийг хүсчээ. Жалга довоороо талцсан бидэнд тэд л хайнаагаа хагалж, хэн нь хулгайчийг зарлаж өгөх ёстой гэнэ. Хятад дэлхийд хэлээ нээгээд өөрсдийнх нь эдийн засагт ямар том ашиг болсныг гадна, дотногүй гар уралдан бичиж, ам уралдан ярьж байна. Харин монголчууд хогоо бидэнд шахах вий гэж болгоомжилж байна. Хэн юу худалдан авах нь тухайн хүний хэрэг атал одоо хэр нь монголчууд юу авахаа мэдэхгүй, тэд л мэдээд байдаг юм шиг ярих нь нэн гайхмаар…
Одоогоос 25 жилийн өмнө “Монголчууд гадаад хэл их сурч байна. Тэгж сураад юунд хэрэглэх, ямар зорилготой вэ? Бизнес, мөнгө, нэр алдар бодохоос бус, эх орондоо хэрэгтэй хүн болмоор байна, эх орны төлөө сурах ёстой гэж бодох хүн байхгүй” гэж бичсэн япон эмэгтэйн үгийг одоо хэр нь монголчууд ойлгосонгүй.
Дэлхийг дур тавиулж буй хятадыг бид үзэн ядсан хэр нь өөрсдөө ч мэдэлгүй тэдний хийснийг өмсөж, бүтээснийг ашиглаж, ургуулсныг идэж, усалсныг тарьж байна. Аргаа бараад цагаан, ногоон сараа өнжье гэх үгсийг уриалах болов. Гэтэл тэр л баяр, наадмаар бидний өчүүхэн эдийн засгийн цус нь гүйж, зүрх нь цохилдог гэдгийг өөрсдөө ч мэдэхгүй. Хятадыг хараах хэр нь бид өөрсдөө юу ч хийдэггүй, зүхэх хэр нь зүгээр л халамжийг хүсэмжилдэг нь тэд хог хийгээд байгаадаа бус хогийг нь худалдаж авдаг тархитай бидэнд асуудал буйг хэлээд байх шиг. Гэхдээ хятад хүн монголыг үхүүлэх эсвэл хараах тарнийг хийж буй зүйлдээ бичих завтай гэдэгт итгэхгүй болсон тэр цагт бид арай өөр амьдрах юм шиг. Та юу гэх бол…
Холбоотой мэдээ