“Б.Билгүүн,Т.Санчир ах нар шиг мундаг сагсчин болох мөрөөдөлтэй” гэж ярих хүүхдүүд байр, гудамж бүрийн сагсан бөмбөгийн талбай дээр бий. Бөхийн орон гэж яригддаг Монголд сүүлийн 30 жил хамгийн сайн хөгжсөн спорт бол яахын аргагүй сагсан бөмбөг. Багийн спорт дотроо хол тасарчихсан хөгжилтэй, сайн зохион байгуулалттай гэхэд хилсдэхгүй. Ялангуяа хуваагдмал байдал нь нэгдмэл болж, холбоо нь шинэ бүтэцтэй, эрс шинэчлэлт хийснээр нэг биш нэлээд хэдэн шат урагшилжээ. Үүний тод илрэл бол энэ жилийн үндэсний дээд лиг.
Шагналын сан нь нэг тэрбум төгрөг эрэгтэйчүүдийн дээд лигт арван баг, 200 сая төгрөгийн шагналтай эмэгтэйчүүдийн дээд лигт зургаан баг өрсөлдөж байна. Өчигдөр/2022.01.10/ эрэгтэйчүүдийн лигийн эхний тойрог өндөрлөж, багуудын ерөнхий зураглал, энэ улирлын өнгө харагдлаа.
Лигийн тоглолтууд өнгөрсөн онд ашиглалтад орсон “UG” аренад болж буй. Нэгдүгээр тойргийн сүүлийн тоглолтууд гэдэг утгаараа том багууд хоорондоо учраа таарч, ширүүн өрсөлдөөнийг үзүүлэв. Хөгжөөн дэмжигчид ч хэдийнэ “Танай, манай” дээрээ тулж, өөрсдийн багаа хоёргүй сэтгэлээр дэмжиж, зохион байгуулалтад орсон байх аж. Багуудын мерчандайз тоглолтын өмнө зарагдаж, дэмжигчид дуртай тоглогч, багийнхаа өмсгөлөөр жигдэрсэн харагдана.
Энэ өдрийн хоёр дахь тоглолт "Налайх Бизон" болон Эрдэнэтийн "Уурхайчид" багуудын хооронд болсон. Улирлыг нэг ч хожигдолгүй үргэлжлүүлж буй "Уурхайчид" өчигдөр дахин ялалт байгуулж, 9-0 гэсэн амжилттай болсон бол "Бизон" зургаа дахь ялагдлаа хүлээн 4-6 амжилттай болжээ. Хүчирхэг бүрэлдэхүүнтэй Эрдэнэт хотын багийг энэ жил аварга авах хамгийн өндөр магадлалтай баг гэж олон хүн харж байна.
Тус тоглолтын дараагаар дэмжигчдийн сэтгэгдлийг сонслоо. Завгүй өдрийн дараа дүүргийнхээ багийг дэмжихээр ирсэн "Налайх Бизон" хөгжөөн дэмжигч н.Баярбат “Лигийн зохион байгуулалтад сэтгэл хангалуун байна. Манай баг ч тоглолтоос тоглолтод сайжирч байна. Ер нь шинэ хоёр легионер маань багийн системд уусч байна. Манай баг цаашдаа амжилт үзүүлэх байх“ гэв.
Мөн лигийн тоглолт үзэх нь халуун ам бүлээрээ, хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх тохиромжтой газар. Найз охинтойгоо лигийн анхны тоглолтоо үзэх гэж буй “IHC Apes” багийн дэмжигч “Лигийн тоглолт үзье гэж бодож байгаад өнөөдөр найз охинтойгоо үзэх гэж байна. Өнгөрсөн жилээс “IHC Apes” багийн тоглолыг үзье гэж боддог байлаа. Анхны тоглолтоо үзэх гэж байна. Энэ улиралд багаасаа аваргын цом л хүлээж байна” гэсэн юм.
Энэ үдшийн оргил тоглолт “IHC Apes” болон "М Гарьд" багуудын хооронд болсон. Дасгалжуулагчийн алба, бүрэлдэхүүндээ салхи оруулсан “Apes” баг лигийн он удаан түүхтэй "М Гарьд"-ыг дийлсэнгүй. Хэдий тоглолтыг сайн эхлүүлж, ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн ч дөрөвдүгээр үед "М Гарьд" оноогоор тасарч, 82-67 гэсэн харьцаатай улирлын дөрөв дэх ялалтаа авчээ.
Тоглолтын дараа "М Гарьд"-ын холбон тоглогч М.Тэлмэн ярихдаа “Улирал хүнд эхэлсэн. Бэртэл гэмтэл, ханиад томуу, легионер тамирчид таарч тохирохгүй гээд асуудлууд байсан. Харин өнөөдөр хүчирхэг багийг буулгаж авсандаа баяртай байна. Ерөнхийдөө хамгаалалт, довтолгоон дээр бэлтгэл дээр бэлдсэн зүйлс хэрэгжсэн. Цаашдаа хамгаалалтаа л сайжруулна. Довтолгоо бол боломжийн байна” гэлээ.
Лигийн зүгээс “MBA Care” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь хүүхэд залуусыг сагсан бөмбөгийн спортод дур сонирхолтой болоход дэмжлэг болох зорилготой. Энэ өдөр тус хөтөлбөрийн хүрээнд “Тулнууд” болон “Багануур баллерз” клубын сурагчид лигийн тоглолтыг үзэж сонирхжээ.
Баг, хамт олноо төлөөлөн Багануураас ирсэн н.Жавхлантөгс “Лиг гоё болж байна. Тоглолтыг ойроос үзэх нь гоё мэдрэмж өгдөг юм байна. Энэ жил Хасын Хүлэгүүдийг дэмжиж байгаа. Б.Билгүүн ахыг дэмждэг. Багтаа сэтгэл дундуур байгаа. Багийнхныгаа их амрааж байна. Үр дүн нь плей-оффд гарах байх. Багаасаа илүү их амжилт л хүлээж байна. Одоо хожигдолгүй яваа Эрдэнэтийн "Уурхайчид"-ыг хожих зорилготой” гэж ярив.
Эцэст нь энэ бүхний ард ажиллаж буй баг хамт олны төлөөлөл болгон Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргалтай цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Энэ жилийн лиг олон зүйлээрээ онцлог болж байна. Түүхэндээ шинэчлэл хийсэн гэж хэлж болно. Гол онцлог нь “UG” арена ашиглалтад орсон. Багууд, хөгжөөн дэмжигчид олон улсын стандарт нийцсэн ордонд тав тухтай байх нөхцөл бүрдлээ. Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сард зохион байгуулсан олон улсын тэмцээнийхээ жишгийг энд хэрэгжүүлэхээр зорьсон. Лигийн багууд өөр өөрийн гэсэн үйл ажиллагаатай, клубын зарчмаар явж байна. Үйл ажиллагаанд нь лигийн зүгээс талархаж байгаа. Баг бүр мерчандайзаа гаргаж байна. Үзэгчид ч баяртай байгаа байх. Багууд бараг бүгд импорт тоглогчтой, бэлтгэл сайтай байна. Олон улсын шүүгчид лигийн эхний тоглолтоос эхлэн ажиллаж байгаа” гэлээ.
Холбоотой мэдээ