Инфляци 2023 онд алгуур буурах хандлагатай байна

Хуучирсан мэдээ: 2023.01.11-нд нийтлэгдсэн

Инфляци 2023 онд алгуур буурах хандлагатай байна

Инфляци 2023 онд алгуур буурах хандлагатай байна

Дэлхийн инфляцийн түвшин 2023 оноос эргэн буурах төсөөлөл бий. Инфляцийн өндөр өсөлт 2021 оны дунд үеэс эхтэй. Энэ нь цар тахалтай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, 2020, 2021 онд цар тахал дэлхийн өнцөг булан бүрд хурдтай тарж, тахлыг дарах эмчилгээний арга, аргачлал, вакцин гарах, их хэмжээгээр үйлдвэрлэх хүртэл хугацаа шаардсан.

Улс орнуудын эрх баригчид төсвөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд татаас, мөнгөн дэмжлэг олгосон. Мөн зээлийн хугацааг хойшлуулах зэргээр мөнгөний зөөлөн бодлого баримталсан. Өөрөөр хэлбэл, санхүүгийн зах зээл дээр төлөвлөөгүй их хэмжээний мөнгө хэвлэж нийлүүлэгдсэн билээ.

Иргэдийн хэрэглээ давсан худалдан авалт зах зээл дээр нийлүүлэлтийн хомсдол үүсэхэд нөлөөлсөн. Энгийн үед зах зээл дээр эрэлт нийлүүлэлтээс үүдэж үнэ тогтдог бол цар тахлын үед иргэд хэрэглээгээ давсан худалдан авалт хийж байв. Дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүн хоосорч, гэрээсээ ажиллах, гэр бүлтэйгээ хамт байхад ашиглах өндөр технологийн тоног төхөөрөмжийн бараа, бүтээгдэхүүний хэрэглээ, эрэлт нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүний үнэ тогтох алхамд цар тахал нөлөөлсөн.

Энэ онд дэлхийн эдийн засгийн хямралын шалтгаан инфляцийн өндөр өсөлт хэвээр байхаар байна. Монгол Улсын хувьд энэ онд ам.доллараар төлөх зээл, бондын төлбөр өндөр байгаа нь эдийн засгийн ашиггүй нөхцөл байдлыг бүрдүүлж буй.

Эрчим хүч, ялангуяа нефтийн бүтээгдэхүүний үнэ, хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ, мөн олон улсын тээвэр ложистикийн хүндрэлээс улбаатай үнийн өсөлт нь хэрэглээний үнийн өсөлтөд нөлөөлж байгаа гол эрсдэлүүд юм.

Орос-Украинтай холбоотой олон улсын геополитикийн нөхцөл байдал, урд хөрш дэх цар тахал болон түүний эсрэг арга хэмжээ, дэлхийн гол боомтууд дээрх гацаа, хил гаалийн нөхцөл байдлаас үнийн өсөлт ихээхэн хамаарч буй.

Төв банк инфляцид нөлөөлөх эрсдэлүүд нь нийлүүлэлтийн гаралтай, мөнгөний бодлогоор удирдах аргагүй бөгөөд бодлогын хүүг өөрчиллөө гээд шийдэгдэхгүй асуудлууд бийг мэдээлсэн. Гэвч төв банк зорилтоо өөрчлөхгүй, ямар шалтгаантай, хэр өндөр нам байхаас үл хамаараад инфляцийг дунд хугацаанд зорилтот 6±2%-ийн интервалд хүргэх мөнгөний бодлогоо тууштай хэрэгжүүлэхээ мэдэгдэж буй. Дээрх нийлүүлэлтийн шокууд инфляцийг зорилтот түвшинд хүргэх хугацаанд нөлөөлөх эрсдэлтэй юм.

Мөн цаг агаар, өвөлжилтийн байдал гэх зэрэг манай орны өөрийн онцлог эрсдэлүүд нь хэдийгээр урьдчилж таамаглахад хүндрэлтэй, тодорхой бус зүйлс боловч инфляцийн төсөөлөлд хүчтэй нөлөөлөх эрсдэлтэй хүчин зүйлс билээ.

2023 онд Монгол Улсад инфляцийн түвшин алгуур буурах хандлагатай байна. Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Цэнд-Аюуш хэлэхдээ “Инфляцийн түвшин 2022 оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд өнгөрсөн сараас буурч, 2021 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн бага түвшинд хүрсэн. Инфляци ийнхүү алгуур буурах төлөв ажиглагдаж байна. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн.

Тодруулж хэлбэл, тээвэр логистикийн нөхцөл байдлын хувьд 2022 оны эхэн үеийг 2021 оны сүүл үетэй харьцуулахад сайжирсан нь эргээд зардлын шалтгаантай инфляци буурах хүчин зүйл болж байна. Жишээ авч үзвэл, 2021 оны арванхоёрдугаар сард тахианы махны хувьд нийлүүлэлт доголдсонтой холбоотойгоор нэгхэн сарын дотор үнэ нь 34 хувиар өссөн. 2022 оны арванхоёрдугаар сарын өсөлтийг аваад үзвэл, хасах буюу арваннэгдүгээр сарынхаас 1-2 хувиар буурсан. Эндээс тээвэр логистик буюу нийлүүлэлтийн гинжин сүлжээ үнийн түвшинд хэчнээн чухал вэ гэдэг нь харагдаж байна.

Урд хөршийн нөхцөл байдал, тээвэр сайжирч байгаа нь үнийн өсөлтийг сааруулах нөхцлийг бүрдүүлж байна гэж ойлгож болохоор байна. Хоёрдугаар хүчин зүйл бол Монгол Улс төдийгүй дэлхий нийтээр үнийн эрчтэй өсөлтийн эсрэг бодлогын хариу арга хэмжээ авч эхэлсэн. Монгол Улсын хувьд Монголбанкны бодлогын хүү 6 хувьтай байсан бол өнөөдрийн байдлаар 13 хувьд хүрч нэмэгдээд байна.

Макро эдийн засгийн бусад үзүүлэлтүүдийг аваад үзэхэд, мөнгөний нийлүүлэлт өнөөдөр 0.3 хувийн өсөлттэй, оны эхэнтэй харьцуулахад бараг 10 нэгж хувиар саарсан байна. Мөнгөний бодлогын төлөвийг чангаруулж, үнийн өсөлттэй тэмцэж байгаа нь нөгөө талаас инфляцийг сааруулах хүчин зүйл болж байна гэж хэлж болохоор байна.

Нийт инфляци хэрэглээний үнийн сагсан дахь 200 гаруй бараа, бүтээгдэхүүн импортоор орж ирдэг. Гадаад үнэ, валютын ханш инфляцид том нөлөөтэй. Иймд Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд инфляци алгуур тогтворжиж, саарах хандлага ажиглагдаж буй нь худалдааны түнш орнуудын үнийн өсөлтийг сааруулах боломж бүрдүүлж байна. Жишээ дурдвал, дэлхий нийтээр хүнсний үнэ Украины нөхцөл байдлаас шалтгаалсан үнэтэй харьцуулахад сүүлийн саруудад саарсан.

Ялангуяа тос, тосон бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр сүүлийн саруудад эрчтэй буурч байгаа нь манай улсад ч тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Жишээлбэл, өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар хэрэглээний үнийн индекст багтдаг импортоор орж ирдэг зарим нэр төрлийн, тухайлбал тос тосон бүтээгдэхүүний үнэ дэлгүүр, зах хоршоодын байдлаар өмнөх сараасаа буурсан үзүүлэлттэй гарсан нь статистикийн хорооноос гаргасан мэдээллээс ажиглагдаж байгаа юм. Энэ нь дэлхий нийтийн үзүүлэлттэй нийцтэй байна.

Инфляцийн цаашдын төлөвт тодорхой бус байдал өндөр. Глобал эдийн засагт дэлхий нийтэд өрнөж буй олон улсын харилцаанаас хамаарч үнийн түвшин буюу нийлүүлэлтийн гинжин сүлжээ хүнсний бүтээгдэхүүн зэрэг барааны нийлүүлэлтээс ихээхэн шалтгаалж буй учраас тодорхой бус байдал хэрхэн өрнөх вэ, цаашид хүндэрвэл үнэ нэмэгдүүлж болзошгүй байна. Гэхдээ ямар нэгэн байдлаар гэнэтийн шок орж ирэхгүй гэж үзвэл инфляцийн түвшн 2023 онд алгуур саарах хандлага үргэлжлэх төлөвтэй байна” гэв.

Инфляци өнгөрсөн оны сүүлийн сар буюу арванхоёрдугаар сард улсын хэмжээнд 13.2 хувь, Улаанбаатар хотын  хэмжээнд 12.9 хувьд хүрч буурчээ. Энэ нь өнгөрсөн оны 2022 оны зургадугаар сарын оргил үетэй харьцуулбал 16.9-3.7 нэгж хувиар, арваннэгдүгээр сартай харьцуулбал 1.3 нэгж хувиар буурсан үзүүлэлт юм.

ИНФЛЯЦИ 2022 ОНД

Улсын инфляци (%), жилээр

2021.11           11.0%

2021.12           13.8%

2022.01           15.1%

2022.02           15.3%

2022.03           15.7%

2022.04           15.8%

2022.05           16.2%

2022.06           16.9%

2022.07           16.4%

2022.08           14.4%

2022.09           13.8%

2022.10           14.5%

2022.11           14.5%

2022.12           13.2%

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж