Төр, татвар хоёр байж улс оршин тогтноно гэдэг. Тиймдээ ч Үндсэн хуульд иргэн бүр эрх тэгш байхаас гадна олсон ашиг орлогоосоо тодорхой хэмжээний албан болон бусад татварыг заавал төлөх заалттай. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн иргэн, албан тушаалтныг 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялтай. Мөн эдгээрээс гадна нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэдэг.
Гэхдээ ялын хэмжээ болон зүйл ангийг харгалзаж энэ төрлийн гэмт хэрэг нь “хөнгөн” ангилалд хамаардаг байна. Үүний жишээ бол Улаанбаатар төмөр замын ТЭЗБ-ны орлогч дарга С.Батдөлийн хэрэг.
Иргэн Б-ийн хамаарал бүхий орон сууцуудад нэгжлэг хийж 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх валют бэлнээр хураан авсан талаар Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Мөн зургаан орон сууцны гэрчилгээ, үл хөдлөхийн баримт бичгийг хурааж авсан. Хэргийн яллагдагч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 мөнгө угаах, 18.3 татвараас зайлсхийх, 22.10 үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 22.4 хахууль авах гэсэн зүйл ангиудад холбогдуулан шалгалтын ажлыг хийж байгаа аж. Гэхдээ хэрэгт холбогдогч өөрийгөө хөнгөн гэмт хэрэг хийсэн учир хорих шаардлагагүй гэдгийг шүүхийн танхимд хэлсэн. Тэгэхээр хэрэв мэдүүлэг болон эдгээр холбогдсон зүйл ангиудаар гэм буруутай нь тогтоогдвол дээд тал нь 20 жилийн ял эдлэх нь. Харин гэм буруутай гэж үзэхгүй бол сар хоригдоод л суллагдана гэсэн үг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.6 зүйлчлэл дээр зохион байгуулалттай бүлэг үйлдсэн тохиолдолд хүндрүүлсэн заалтаар 12 жил хүртэлх ял оноодог. Зохион байгуулалттайгаар мөнгө угаасан тохиолдолд.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3-т зааснаар татвар төлөхөөс зайлсхийсэн нь тогтоогдвол хөнгөн гэмт хэрэгт хамаарах юм. Мэдээж тодорхой хэмжээний хариуцлага тооцож ял шийтгэл эдлэх хэдий ч энэ нь шударга биш.
Жирийн ажилчин иргэний олон арван жилийн татвараа төлөөд ч хурааж чадахгүй их хэмжээний мөнгийг ганцхан хурган дарга эрх мэдлээ ашиглаж авлигаар олж, татвараас зайлсхийнэ гэдэг иргэдийн дургүйцлийг хүргэхгүй байхаас ч аргагүй. Энэ бол нийгэмд ил болсон ганц жишээ биш. Өмнө нь татвараас зайлсхийж их хэмжээний бэлэн мөнгө нь олны өмнө ил болсон албан тушаалтнууд олон бий. Тэдгээрийн талаарх мэдээллийг энд дарж унших боломжтой. Эдгээр нэр бүхий албан тушаалтнуудын хувьд бүгд л Авлигатай тэмцэх газар болон Цагдаагийн ерөнхий газраас хийсэн хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нийтэд ил болсон. Гол нь иргэд нийтээр жигшээд өнгөрдөг ч энэ төрлийн гэмт хэрэгт тооцох хариуцлагын тогтолцоо зөв эсэх дээр олон хүн талцаж буй.
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулууны хэлснээр “Татвараас зайлсхийх гэмт хэрэгт холбогдсон этгээдийг хуулийн дагуу хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг учир хорих ял оноодоггүй” гэсэн юм.
Тэгвэл их хэмжээний мөнгийг хууль бусаар олж татвараас зайлсхийсэн этгээдийн хэргийг хөнгөн зүйл ангид холбогдсон гэж торгох болон нийтэд тустай ажил хийх эсвэл зорчих эрхийг хязгаарлах нь хангалтгүй. Мэдээж торгохоос гадна хураасан мөнгийг улсын орлого болгож байгаа ч тухайн этгээдэд тооцох хариуцлага чанга байх нь зүйтэй.
Холбоотой мэдээ