Дэлхийн өнцөг булан бүрт энэ онд нээлтээ хийх, заавал үзэх ёстой кинонуудыг “BBC” агентлаг нэрлэжээ. Ингээд та бүхэнд нээлтээ хийх дарааллаар нь кинонуудын товч тайлбарыг хүргэе.
“Cocaine Bear”: Тус киног хар тамхины наймаачны кокаиныг санаандгүй залгиж орхисон баавгайн бодит түүхээс сэдэвлэжээ. Харамсалтай нь баавгай тэр дороо нас барсан түүхтэй. Дараа нь уг баавгайг “Kentucky Fun Mall”-д "Pablo Escobear" гэсэн шошоготойгоор чихмэл болгон мөнхөлсөн байна. “Pitch Perfect 2”, “Charlie’s Angels” зэрэг киноны найруулагчаар ажилласан Элизабет Банкс уг киног найруулжээ. “Cocaine Bear” учиргүй олон Оскар авахгүй ч тэсрэлт хийнэ гэж ажиглагчид үзэж байна. Кино хоёрдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ.
65: Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэнгийн үлэг гүрвэлүүд устаж үгүй болсон ч “65” киноны дэлгэцнээс та илүү олон үлэг гүрвэл олж харах нь. Киноны гол дүрд Адам Драйвер тоглосон. Адам Драйвер буюу командлагч Миллс сансарт үүрэг гүйцэтгэж яваад осолдож, зэлүүд гариг дээр газардсанаар үйл явдал өрнөдөг. Гэтэл энэ нь 65 сая жилийн өмнөх дэлхий байдаг. Тэгэхээр Миллс цаг хугацаагаар аялсан уу, эсвэл харь гаригийн хүн үү гэдгийг киног үзэж байж мэдэх боломжтой. Нээлтээ хийх огноо гуравдугаар сарын 9.
“John Wick” 4-р бүлэг: Киану Ривз алуурчин, бас баатар Жон Уикийн дүрээр эргэн ирлээ. Тэр яг л Жэймс Бонд шиг Парис, Берлин, Осакагаар аялах ба гэмт хэргийн ертөнцийн нөлөө бүхий эрхмүүд бүгд түүний хойноос хөөцөлдөнө. Киану Ривзээс гадна Лоуренс Фишбөрн, Иан МкШэйн нар тус кинонд тогложээ. Кино нээлтээ хийх огноо гуравдугаар сарын 24.
“Renfield”: Аймшиг, инээдэм хосолсон төрлийн уг киноны гол дүрд “The Great”, “The Favourite” кинонуудаараа бидэнд танигдсан Николас Хоулт тоглосон. Хоулт өмнө нь “Warm Bodies” нэртэй мөн л аймшиг, инээдэм хосолсон төрлийн кинонд тоглож байв. Кино дөрөвдүгээр сарын 14-нд нээлтээ хийнэ.
“The Little Mermaid”: Уолт Диснейн 1989 оны сонгодог бүтээлийн шинэчилсэн хувилбар, загасан хүний түүх тавдугаар сарын 26-нд нээлтээ хийнэ. Тус кинонд Ариэл гүнжийн дүрд Халле Бэйли тоглодог. Тэрбээр хайртай ханхүүтэйгээ хамт байхын тулд хүнтэй адил хөлтэй болохыг хүсдэг.
“Spider-Man: Across the Spider-Verse”: 2018 онд “Spider-Man: Into the Spider-Verse” кино гарч байв. Энэ анги дээр хэд хэдэн төрлийн хүн аалзууд нэгддэг ба зургаан зэрэгцээ ертөнцөд үйл явдал өрнөдөг. Аалзтай холбоотой 240 дүр тус кинонд бий. Кино зургадугаар сарын 2-нд нээлтээ хийнэ.
“Asteroid city”: “The Grand Budapest Hotel”, “The French Dispatch” зэрэг шилдэг киног найруулсан Уэс Андерсон уг киноны найруулагчаар ажилласан. Түүний кинонууд тодорхой логикгүй, хачирхалтай, гайхалтай уран сэтгэмжтэй гэдгээрээ алдартай. Түүнчлэн Том Хэнкс, Скарлет Иоханссон, Мэргот Робби зэрэг шилдгүүдийг тоглуулсан нь анхаарал татаж байна. Кино нээлтээ хийх огноо зургадугаар сарын 16.
“Elemental”: “Pixar” студийн хамгийн сүүлийн үеийн уран бүтээл болох тус хүүхэлдэйн киноны үйл явдал дэлхий, ус, агаар, гал гэсэн дөрвөн сонгодог элементийн аль нэгээс бүтсэн метрополис хотод өрнөдөг. Гэвч ус эрэгтэй гал эмэгтэйд татагдахад юу болох бол? Нээлтийн огноо зургадугаар сарын 16.
“Indiana Jones and the Dial of Destiny”: Индиана Жонс дэлгэцнээ гараад хэдийнэ 15 жил өнгөрсөн ч өдгөө 80 настай Харрисон Форд дахин нэг археологийн адал явдлаар эргэн ирлээ. Энэ бол түүний тав дахь археологийн адал явдал болж байна. Киноны үйл явдал 1969 онд өрнөх юм. Нээлтийн огноо зургадугаар сарын 30.
“Mission: Impossible – Dead Reckoning Part One”: “Top Gun: Maverick” кино 2022 оны хамгийн шилдэг кино болсон. Тэгвэл энэ онд мөн л Том Крузын тоглосон шинэ Биелэгдэшгүй даалгавар шилдэгүүдийн жагсаалтад орж ирэх нь. Тагнуулын нууц хуйвалдаан хэвээрээ ч Том Крузын аюултай үзүүлбэр хамгийн их анхаарал татах болно. Том Круз орлон тоглогчгүйгээр өндөрт байрлах нарийхан налуу зам дээгүүр мотоцикл жолоодсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Нээлтийн огноо долдугаар сарын 14.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ