Засгийн газар өнгөрсөн 2022 оны дөрөвдүгээр сард дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэсэн. Тодруулбал, уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл эхлэх энэ үед дизелийн түлшний үнийг өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл бууруулж, тонныг нь тэг төгрөг болгосон билээ.
Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 496 тогтоолоор Засгийн газрын мөн өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 161 тогтоолын 2 дахь заалтын 1 дэх дэд заалт болох “Дизелийн түлшний онцгой албан татварын хувь хэмжээг “0” хувь хэмжээгээр тогтоосон тогтоолын хугацааг энэ оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл гэж сунгажээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 106,611 тонн шатахууны үлдэгдэл байгаа аж. Тодруулбал,
А-80 шатахуун 6,109 тонн,
АИ-92 шатахуун 39,125 тонн,
АИ-95 шатахуун 4,164 тонн,
Дизель түлш 53,254 тонны үлдэгдэлтэй байна.
Хоногийн ердийн хэрэглээгээр тооцвол А-80 шатахуун 37 хоног, АИ-92 шатахуун 29 хоног, АИ-95 шатахуун 31 хоног, дизель түлш 21 хоногийн үлдэгдэл нөөцтэй байгаа аж.
Оны эхний 10 хоногт нийт 38,600 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Тухайлбал, АИ-92 шатахуун 6,400 тонн, Дизель түлш 27,500 тонныг импортоор авсан байна.
Холбоотой мэдээ