Д.Батлут: 1072 хувьцааны ногдол ашгийг нөхөн олгох ёстой

Хуучирсан мэдээ: 2023.01.10-нд нийтлэгдсэн

Д.Батлут: 1072 хувьцааны ногдол ашгийг нөхөн олгох ёстой

Д.Батлут: 1072 хувьцааны ногдол ашгийг нөхөн олгох ёстой

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.01.10) хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуультай холбогдуулан боловсруулсан Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд иргэн бүрийн эзэмшиж байгаа 1072 хувьцааны ногдол ашгийг төр нөхөн олгох ёстой гэдэг асуудлыг хөндсөн юм.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

1072 хувьцааг иргэн бүрт эзэмшүүлж байна гээд сенсацитайгаар идэвхжүүлэлт хийж, нэлээн хөл хөөрцөг болж байсан ч өнөөдрийг хүртэл үр өгөөжөө өгөхгүй байна. Иргэд маань хувьцаа байгаа эсэхдээ, баталгаатай эсэхдээ эргэлзэж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаад байгаа хэрнээ иргэдэд ашиг хүртээдэггүй. Хувийн компани ашигтай ажилладаг хэрнээ хувьцаа эзэмшигчиддээ ноглол ашиг тараагаагүй бол хувьцаа эзэмшигчид нь шүүхэд хандана.  Энэнтэй холбоотойгоор хувьцааныхаа ногдол ашгийг нөхөж авах асуудал үүснэ, магадгүй нөхөн төлбөрийн асуудал ч үүсэхийг үгүйсгэх харгагүй.  Гэтэл иргэд маань 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа хэрнээ ногдол ашгаа авахгүй яваад байгаа нь хэр зүй зохистой юм бэ. Тэгэхлээр С.Чинзориг гишүүний хэлээд байгаачлан 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэн бүр ногдол ашгаа нөхөж авах ёстой гэсэн байр суурьтай байна.

Хувьцаа нь үнэт цаас болоод баталгаажсан бол хувьцааны ашиг шимийг компанийн ашгаас өгөх ёстой.

УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.БатЭрдэнэ:

Батлут гишүүнтэй санал нэг байгаа. Засгийн газар компаниудынхаа үйл ажиллагааг хянаж чадахгүй байгаа. Компанийг ашигтай ажиллуул гээд захирлаар нь томилдог, томилж байгаа хүмүүс нь цаашаа харж байгаад нууц гэрээ хийдэг, үнэ ханшаа хаанаас тогтоодог юм, дундаас нь ашиг гаргах гэдэг юм уу, янз бүрийн юм хийдэг. Тэгэхээр УИХ-аас Биржийн тухай хуулийг баталсантай уялдуулаад УИХ аас тогтоолын төсөл боловсруулаад, хэлэлцүүлээд явж байна. Тогтоол батлагдсанаар “Эрдэнэс Тавантолгой” компанид тавих олон нийтийн хяналт оролцоог нэмэгдүүлж,  хөрөнгийн биржид бүртгэлтэй компани болсноор дураараа дургидаг зүйл алга болж, нээлттэй бирж дээр харагддаг, ард иргэдийн маань төлөөлөл энэ компанид хяналт тавиад явах бололцоотой болно.

1072 хувьцаа төвлөрсөн хадгаламжийн газар л байгаа болохоос бирж дээр эргэлтэд оруулаагүй байгаа. Цаашид гарах алдаа дутагдлыг хаахын тулд тогтоол батлах гэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

Нүүрсний хулгай гэж хашгирч, хашгирч гарч байгаа хууль нь уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр худалдаалах тухай хууль болж байна.

Биржээр бүтээгдэхүүнээ яаж хил нөхцөлөөр зарах тухай асууудлаа тогтоол дээрээ суулгаж өгч, цаашаа явна уу гэхээс биш хаа хамаагүй хууль дагалдуулаад “Эрдэнэс Тавантолгой”-н асуудал оруулаад ард түмннийг хуурдагаа боль. Ард түмнийг дэндүү их хуурч байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт үнэлгээ хэд болохыг бид нар,  Засгийн газар мэдэж байгаа юм уу. 1072 хувьцаа баталгаажсан хувьцаа мөн юм уу, бирж дээр ямар нэгэн бүртгэл байгаа юм уу, байхгүй шүү дээ. “Эрдэнэс Тавантолгой” 19 их наядын оффтейк гэрээ байгуулчихаад байгаа. Хэзээ ард түмэндээ ногдол ашгаа өгөх юм бэ, тэрийг тооцоолсон газар, Засгийн газар байна уу. Урьдчлсан төлбөрөөр 700 сая ам.доллар авчихсан юм билээ. . “Эрдэнэс Тавантолгой” –г нээлттэй хувьцаат компани болгоно гээд ярингуут “Монголын олигархиуд нь авах нь” гэж худлаа мэдээлэл зориудаар цацаад. Хятадын худалдан авагч талаасаа 2.4 их наядын зээл авангуутаа хүүтэйгээр нүүрс зээлээд явж л байна шүү дээ. Эхлээд бодитой боломжуудаа гаргаж ирээд “Эрдэнэс Тавантолгой” цааш яаж явах юм, хувьцаа нь яаж явах юм, хөрөнгө оруулалтаа яаж татах юм, Засгийн газар 300 сая ам.доллар “Эрдэнэс Тавантолгой”-гоос авчихсан юм билээ ш дээ. Энэ бүхнээ тодорхой болгож, ард түмэндээ хувьцаа өгөх юм уу, яах юм энийгээ тодорхой ярих шаардлага байна.  Түүнээс уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр зарах тухай хуулийг дагалдуулаад УИХ- аас гаргаж байгаа тогтоол нь “Эрдэнэс тавантолгой”-н хувьцаа хөнддөг нь ямар логик байгаа юм. Засгийн газар захиалсан юм уу, ийм байж болохгүй, энийг эсэргүүцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэлгүй жил боллоо. Хэрвээ энэ хууль батлагдсан бол уул уурхайн бүтээгдэхүүнийг гадаадад борлуулсан бол орлого нь 72 хоногийн дотор Монголд орж ирэх ёстой гэсэн заалттай. Энэ хууль батлагдахгүй бол нүүрсний асуудал шийдэгдэхгүй. Бараагаа бид ямар үнээр борлуулж байгааг мэдэж байж, татвараа авна.

Төмөр замын компанид ажиллаж байсан залуугаас гарч байгаа мөнгө хачин юм сонсогдож байна. Яагаад нүүрс тээвэрлэж байгаа машинууд, төмөр замын тээвэрлэлтэд тийм өндөр авлига төлж байна вэ? Нүүрс чинь өөрөө шороо шиг үнэгүй байгаа, цаашаа гаргаад 3-5 дахин нэмээд зарчихаж байгаа учраас тэр. Нүүрсээ нэг хаалгаар гаргадаг, борлуулалтын орлогыг заавал татварын дансанд авчирч хянадаг л болох ёстой.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

Тусдаа “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой тогтоол боловсруулж оруулж ирж болдоггүй юм уу.

1072 хувьцааны нэгж хувьцааны үнэ 933 төгрөг гээд ногдол ашиг өгч байсан, тэр үеийн ханш одоо өссөн байх ёстой. Иргэдэд хувьцаа эзэмшүүлснээс хойш төр хоёр л удаа ногдол ашиг өгсөн. Түүнээс хойш ард иргэдэд ногдол ашиг өгөөгүй. Өнөөдөр яригдаж байгаа нүүрсний хулгай гэдэг чинь ард иргэдэд очих ёстой ногдол ашгаас ядаж л 20 хувийг хулгайлсан гэсэн үг. Тэгэхлээр нүүрсний хулгайг илрүүлээд, орлогыг нь улсад хурааж авах юм бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн өрийг дарж, мөн ард иргэдэд 1072 хувьцааных нь ногдол ашиг болж очих ёстой гэж үзэж байна.

Хоёрт, ард иргэд 1072 хувьцаагаа тодорхой хугацаанд арилжихгүйгээр өөрт нь байж байхгүй бол цэнхэр ягаан тасалбар шиг бага үнээр хүмүүст өгөөд, мэдээлэлтэй хэсэг нь  цуглуулаад тэрнийхээ ашгийг хүртчих боломж байгаа. “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой асуудлыг нухацтай судалж, тусдаа тогтоолын төсөл гаргаж, Засгийн газарт үүрэг даалгавар өгөхгүй бол энэ тогтоолыг дангаар гаргаад яаж ч хэрэгжих юм билээ, юуг ч орхичих юм билээ, санаа их зовж байна. 2010 оны тогтоол одоо болтол хэрэгжээгүй явж байгаа шүү гэж тус, тус байр сууриа илэрхийлсэн юм.

Ажлын хэсэг ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Энэхүү тогтоолын төсөл дэх зохицуулалтын хүрээнд иргэдийн эзэмшил дэх “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны өгөөжийг нэмэгдүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн 1 сая орчим хүүхдэд төрийн эзэмшлийн хувьцаанаас 1072 ширхэгийг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ.  Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард иргэдэд тэгш, шударга, хүртээмжтэй болгох, компанийн сайн засаглал, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг хөрөнгийн биржид бүртгэлтэй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тогтоолоор үүрэг болгож байгаа” гэсэн юм.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж