Зөвлөлдөх санал асуулгын талаар /2023.01.10/ Зөвлөлдөх бүрэлдэхүүний гишүүд мэдээлэл өгөв. Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүний даргаар академич Г.Чулуунбаатарыг, орлогч даргаар эдийн засагч Б.Отгонтөгсийг сонгосон юм.
Энэ талаар академич Г.Чулуунбаатар “Зөвлөлд 11 гишүүн сонгогдсон. Зөвлөл нь Монголын хүн амын ерөнхий төлөөллийг хангасан байх шаардлагатай. Хуульд тавьсан тодорхой шаардлагыг УИХ-ын ажлын хэсгээс сонгон шалгаруулсан. Зөвлөлдөх санал асуулгад хамаарах хүмүүсийн тоог 1570 байхаар тогтоосон. Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, УИХ-д зөвлөмж гаргах хугацааг хоёрдугаар сарын 20-ны дотор байхаар заасан. Зөвлөлдөх зөвлөл үйл ажиллагааныхаа нарийвчилсан хүрээг судалж үзээд Зөвлөлдөх санал асуулга явуулах хугацааг гуравдугаар сарын 15-ны өдөр болгож, хойшлуулах саналыг УИХ-д уламжлахаар шийдвэрлэлээ.
Зөвлөлдөх зөвлөлийн гол ажил бол ард түмнээс зөвлөлдөх санал асуулга явуулахад асуух асуултыг боловсруулж, баталж өгөх ёстой. Энэ удаагийн санал асуулга Монголын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудал гарц шийдэл гэх ерөнхий агуулгатай учраас өргөн хүрээг хамарна. Энэ ажлыг хийхэд тодорхой цаг хугацаа шаардлагатай тул хугацааг хойшлуулах саналыг дэвшүүлэхээр боллоо. Зөвлөлдөх санал асуулгын асуултын анхны төслийг боловсруулах гурван Ажлын дэд хэсэг байгуулахаар болов.
Эдгээр Ажлын дэд хэсгүүд нийгмийн, эдийн засгийн болон улс төр, засаглалын чиглэлээр тус тусын асуултын төслийг боловсруулж, Зөвлөлдөх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх юм. Нийгмийн чиглэлээр ажиллах Ажлын дэд хэсгийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Ц.Мандхайхатан, Эдийн засгийн Ажлын дэд хэсгийг Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга Б.Отгонтөгс, Улс төр, засаглалын Ажлын дэд хэсгийг гишүүн Г.Галбадрах ахалж ажиллахаар болсон” гэлээ.
Холбоотой мэдээ