Сарыг эзэгнэх төлөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2023.01.11-нд нийтлэгдсэн

Сарыг эзэгнэх төлөвлөгөө

АНУ-ын сансрын нисэгч Нейл Армстронг  1969 онд саран дээр хөл тавьснаар хүн төрөлхтөн сансар огторгуйд гарахын төлөөх дэлхийн гүрнүүдийн хоорондох  өрсөлдөөн өндөрлөсөн гэдэгтэй олон хүн санал нэгддэг. Үүнээс 50 гаруй жилийн дараа хүн төрөлхтөн сансрын шинэ үеийн өрсөлдөөнд бэлдэж эхэлсэн тул сар анхаарлын төвд байна.

"Энэ өрсөлдөөнд Хятад улс гол төв нь байна" гэдгийг АНУ-ын сансар судлалын агентлаг ийн /NASA/ администратор Билл Нелсон мэдэгджээ. "Дараагийн сансрын өрсөлдөөн хэдийнэ эхэлсэн. Тэд шинжлэх ухааны судалгаагаар халхавчлан саран дээр эзэмшлээ тогтоохоос бид болгоомжлох хэрэгтэй. Энэ бол бидний газар нутаг" гэж  энэ оны эхний өдөр "Politico " сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Нелсон мэдэгджээ. 

Дэлхий даяар сансрын агентлагууд сарыг хараандаа авсан. Учир нь сарны гадарга нь ашигт малтмалын арвин нөөцтэй байх магадлалтай бөгөөд гаригуудын хувьслыг ойлгоход шинжлэх ухааны баялаг нөөц төдийгүй сансрын гүний судалгааны бааз юм.

Тиймээс Бээжин нь  Өмнөд Хятадын тэнгис дэх Спратли арлуудыг хэрхэн эзэмшилдээ авсан шиг сарны шинжлэх ухааны "сайхан" нэрийг ашиглан сансар огторгуй дахь байр сууриа ахиулахыг зорьж магадгүй гэж Нелсон харджээ. 

Үнэндээ "NASA" ч, Хятад ч сарыг эзэмших асар өндөр амбицтай. Тэд ашигт малтмалын арвин нөөцтэй сарны өмнөд туйлд хүрэхэд гол анхаарлаа хандуулан өрсөлдөж эхэлжээ. "NASA" 2022 онд "Сансарт хөөргөх" систем хэмээх асар том саран пуужингаа хөөргөснөөр энэхүү зорилгодоо хүрэх анхны алхмаа хийсэн. Энэхүү пуужин нь сансрын нисэгчдийг сарны гадаргад буцаан авчирч, сарны тойрог замд баазаа бий болгох "Артемис" хэмээх илүү том хөтөлбөрийн нэг хэсэг байв. Сансрын нисэгчид газардмагцаа сарын өмнөд туйлыг судлах, бааз байгуулах ажлаа эхлүүлэх гэнэ. 

Нөгөө талд Хятад улсаас энэ 2030 он гэхэд саран руу өөрийн багаа илгээхээр төлөвлөж байна. АНУ-тай адилхан Хятадын сансрын нисэгчид сарны хойд туйлд ажиллана.

Одоогоор сансрын орон зайн харилцааг 1967 онд байгуулсан Сансар огторгуйн гэрээгээр зохицуулж буй. Уг гэрээнд сансрын орон зайг энх тайвны зорилгоор ашиглах бөгөөд аль ч орон огторгуйг эзэмшихгүй, бөөнөөр устгах зэвсэг ашиглаж болохгүй гэж заасан.

Сансар огторгуй гэдэгт сар болон бусад гариг эрхэс, биетүүд багтжээ. Мөн тус гэрээнд "сансрыг эрхт байдлын тухай нэхэмжлэл, ашиглалт, эзэмшил болон бусад аргаар үндэсний өмчид хамаарахгүй" гэж заасан.

Гэхдээ гариг ​​судлаач Фил Мецгерийн хэлснээр "Аль ч улс нэг жилийн өмнө мэдэгдлээ өгснөөр гэрээнээс татгалзаж болох бөгөөд  эсвэл зүгээр л зөрчих боломжтой" гэдгийг анхааруулжээ. Гэхдээ хараахан аль нэг улс, үндэстэн дээрх алхмыг хийгээгүй байна. 

"Иргэний зориулалттай сансрын хүчирхэг хөтөлбөртэй байх нь дайснууддаа [гэрээнээс гарахыг] оролдох хэрэггүйг сануулдаг. Учир нь тэд сансрын дайны нөхцөл байдалд ялах магадлал өндөртэй" гэж Мецгер хэлэв.

Үүний зэрэгцээ Сансар огторгуйн гэрээнд бүх улс орнууд "Аполло хөтөлбөр" -ийнх шиг бусад үндэстний техник хэрэгсэл, тэр дундаа түүхэн дурсгалт газруудыг гэмтээхгүй байх ёстой гэж заасан байдаг аж. Гэвч уг заалт нь аливаа улс сансарт байгуулсан техник хэрэгсэл, дурсгалт газраа хамгаалахын тулд бусад орнуудыг тодорхой бүсэд нэвтрэхийг хориглох боломжтой гэж Мецгер тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл сарны аль нэг бүсэд АНУ эсвэл Хятад улс баазаа байгуулснаар бусад орнуудыг тус газарт нэвтрэхийг хориглох боломжтой бөгөөд ингэснээр сарыг эзэмших боломжийг олгох гэнэ. 

Тиймээс АНУ, Хятад нь сарыг судлах хөтөлбөрөөрөө ширүүн өрсөлдөж байна. Хятадын талаас сарны судалгаа нь цэвэр энхийн зориулалттай гэж мэдэгдсэн ч АНУ-ын албаныхан үүнд итгэхгүй байгаа аж. Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнгю “Сансар огторгуй бол бөхийн дэвжээ биш. Сансар огторгуйг судлах, энх тайвны зорилгоор ашиглах нь хүн төрөлхтний нийтлэг хүчин чармайлт бөгөөд бүгдэд ашигтай байх ёстой.

Хятад улс сансар огторгуйг энх тайвнаар ашиглахыг үргэлж дэмжиж, сансар огторгуйд зэвсэглэх, зэвсгээр уралдуулахыг эсэргүүцэж, сансарт хүн төрөлхтний хамтын ирээдүйг цогцлоохын төлөө идэвхтэй ажиллаж байна” гэж "Politico" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Бээжин дэх сансрын салбарын ахлах ажиглагч, Олон улсын сансрын нисэгчдийн холбооны сансрын тээврийн хорооны дэд дарга Ян Югуан ч мөн ийм мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр Хятадын төрийн хэвлэл мэдээллийн "China Daily"-д өгсөн ярилцлагадаа "Бид өндөр технологи хөгжүүлж, эдийн засгийн өсөлт, хүмүүсийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилгоор сансарт нисдэг. Бид өөр улстай сансарт өрсөлддөггүй. Учир нь энэ тал дээр өрсөлдөх нь утгагүй юм" гэж мэдэгджээ. 

Бодит байдал дээр олон орны хувьд сар руу хүн илгээж, үүнд шаардлагатай техник хэрэгслийг бий болгох, мөн баазыг бий болгоход хүндрэлтэй байх болно. Эцэст нь АНУ, Хятад хоёр хамтарч ажиллахад хүрч магадгүй гэж зарим мэргэжилтнүүд таамагласан байдаг. 

Сансар огторгуйг энх тайвнаар ашиглахыг хамгаалах чиглэлээр ажилладаг "Secure World Foundation"-ын Вашингтон дахь захирал Виктория Самсон хэлэхдээ, "Сарны гадаргуу дээрх  онцгой нөхцөл байдлын улмаас нисэгчид газардах талбай, ашиглах нөөц хязгаарлагдмал бөгөөд улс орнууд энэ тал дээр тодорхой хэмжээний хамтын ажиллагаатай байх ёстой" гэжээ.

 Нелсон өнгөрсөн есдүгээр сард Парист болсон Олон улсын сансрын нисгэгчдийн конгрессын хурал дээр Хятадын хамтын ажиллагааны асуудлыг хөндөж хэлэхдээ, "Хятадтай ямар нэгэн хамтын ажиллагаа байх эсэхийг Бээжин шийднэ. Хэдийгээр бид үүнд нээлттэй боловч хүлээлт байхгүй" гэжээ.

Түүнчлэн тэрбээр "Хятад, НАСА хоёр Ангараг гаригийн сансрын хөлгийн тойрог зам зэрэг асуудлаар бодитойгоор хамтран ажилласан" гэж тэмдэглэсэн ч Хятадын талд ил тод байдал дутагдаж байгааг онцолжээ. 

ЭХ СУРВАЛЖ: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж