Хятадын 1.4 тэрбум хүн цар тахлын гурван жилийн хугацаанд хил давах хориотой байлаа. Тус улс Ням гаригт хилээ нээсэн нь “Тэг ковид” бодлогыг дуусгавар болгож, түүхэнд бичигдэхүйц үйл явдал болсон юм.
Тэгвэл өчигдөр /2023.01.09/ Бээжин хот дахь Цагаачлалын албаны гадаа паспортоо сунгуулах гэсэн иргэдийн урт дараалал үүсчээ. Бараг 100 гаруй хүн паспортоо сунгахаар дараалан зогссоны дотор 67 настай Ян Жиангуо байв. Тэрбээр АНУ-д амьдардаг охиндоо гурван жилийн дараа очих гэж байна. “Охин минь өнгөрсөн жил гэрлэсэн. Бид хил давах боломжгүй байсан учир гэрлэх ёслолоо хойшлуулаад байсан. Одоо ингээд явах гэж байгаадаа би үнэхээр баяртай байна” гэж тэр ярьлаа.
Хил нээснээс хойш Хятадын валют болон хөрөнгийн зах зээл сэргэж эхэлжээ. Тус улсын эдийн засаг сүүлийн 50 жилд байгаагүйгээрээ уналтад ороод байсан.
Гэхдээ гадагшаа нислэгүүд төдийлөн олон бус байна. Учир нь хэд хэдэн улс Хятадаас ирэх зорчигчдоос шинжилгээ авах шийдвэр гаргасан. Аялагчид Хятадаас гарахдаа ч шинжилгээ өгөх шаардлагатай байна. Нислэгийн нэгдсэн мэдээллийн хуудаснаас харахад Хятад улс Ням гаригт дотооддоо болон гадагшаа нийт 245 нислэг үйлджээ. 2019 оны мөн өдөр 2546 нислэг үйлдэж байсантай харьцуулбал энэ нь 91 хувиар буурсан үзүүлэлт юм.
Аялал жуулчлал, эдийн засаг харьцангуй сэргэж эхэлсэн ч халдварын тохиолдол зэрэгцээд ихсэж байгаа нь эрх баригчдын санааг зовоож байна. Хэнан мужид л гэхэд нийт хүн амынх нь 90 хувь буюу 88.5 сая хүн Covid-19-ийн халдвар авчээ. Тус муж нь хүн амынхаа тоогоор Хятаддаа гуравдугаарт ордог.
Хятадын эрх баригчид 2013 онд дотоодын аялал жуулчлалын орлого 70-75 хувь хүртэл сэргэнэ гэж таамаглаж байна. Гэвч өнөөгийн нөхцөл байдлыг харахад дөнгөж 30-40 хувь хүртэл сэргэх төлөвтэй байгааг “China news” мэдээллээ.
Эх сурвалж: BBC, REUTERS
Холбоотой мэдээ