Хувийн өмч ба ХУЛГАЙН ӨМЧ!

Хуучирсан мэдээ: 2023.01.10-нд нийтлэгдсэн

Хувийн өмч ба ХУЛГАЙН ӨМЧ!

Хувийн өмч ба ХУЛГАЙН ӨМЧ!

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулууны дүү С.Баярцогтын “Ви ай пи эс” компани “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн зарласан харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тендерт ялжээ. Гэхдээ тендер хэрхэн явагдсан нь тодорхойгүй, ямар ч байсан ШӨХТГ-ын даргын дүү 768 сая төгрөгийн төсөвтэй ажлыг 160 саяар хийхээр тохирч.

Энэхүү тендер зарлагдахаас сарын өмнө буюу өнгөрсөн есдүгээр сард Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас цементийн үнийн өсөлтийг шалгаж эхэлснээ мэдээлэхдээ С.Мөнхчулуун “МАК цемент компани давамгай байдалтай аж ахуй эрхлэгч бөгөөд өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглан ноёлох үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлсэн” талаар мэдээлж байв. Эндээс нэг л дүгнэлт хийж болохоор. Төрийн өмчийн тендерт ялсан намынхан ялалт байгуулдаг. Харин хувийн хэвшлийнхэн даргын дүүгээр биш чадах хүнээр нь ажлаа хийлгэнэ. Учир нь, сохор зоос ч тэдэнд үнэтэй. Харин төрийн мөнгө улайх, уйлах биш.

Монголын бүх салбар, бүх төрийн өмч авлига, хулгайдаа идэгдээд одоо идээ бээр нь гадагшаа сад тавьж байна. ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, төмөр замын салбарын авлига гээд цаашаа хэрэвзээ хуулийнхан шударгаар шүүдэг бол Монголын шорон төрийн авлигач, хулгайчдаараа дүүрэх байх.

Энэ бүхэнтэй Засгийн газар дайн зарласан. Гэхдээ нэг хулгайчийг нөгөө хулгайчаар солиод төр нүүрлэсэн “гамшиг”-ийг эцэслэж чадахгүй. Товчхондоо төрийн өмч бол “эзэнгүй” өмч гэсэн үг. Иймээс тэнд хулгай, луйвар тасрахгүй байгаа юм.

Төрийн өмч дээр ялсан намын цүнх баригчид, ах дүү нар очдог бол хувийн өмч хамгийн сайн мэргэжилтэн, менежер, дарга цэргийг ажиллуулна.  Жишээ нь, “Эрдэнэс Тавантолгой” компани анхнаасаа ялсан намын “цүнх баригчид” очдог байсан нь худлаа биш. Б.Энэбиш, Я.Батсуурь, Б.Батбилэг, Д.Ариунболд, Б.Ганхуяг гээд бүгд улстөрчдийн “утсан хүүхэлдэй”-нүүд байсан.  Яг ижилхэн бизнес эрхлэж байгаа “Энержи ресурс” нүүрс боловсруулах үйлдвэр барьж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнээ экспортолж байхад яагаад “Эрдэнэс Тавантолгой” өнөөдрийг хүртэл ганц үйлдвэр барьж чадаагүй, түүхийгээр нь зарж байсны цаана “40 их наядын хулгай” хийгдэж байсныг улсаараа харлаа, хямарлаа.

Нэг ижилхэн зайд нэг 5-7 ам.доллараар нөгөөх нь 50-60 ам.доллараар тээвэрлэлт эрхлэж буйн ард авлига, луйвар, хулгай байсан нь ойлгомжтой. Ийм учраас хулгай нүүрлэсэн төрийн өмчийн эцсийн хохирогч нь төр биш иргэд юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн амьдралыг тэд хулгайлсан гэсэн үг. Хувийн хэвшилд хулгай нүүрлэвэл өмчийн эзэн дампуурна, хохирно. Харин төрд хулгай нүүрлэвэл түмэн олонд хортой.

Тэр тусмаа Монголын төр маш муу менежер болохоо олон, олон жишээгээр, баримтаар харуулж байна.  ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгө арилжааны банкуудаар дамжуулсан бол жинхэнэ жижиг, дунд үйлдвэрүүддээ очно. Улстөрчид нь тэгш, хүртээмжтэй хуваагаад хүртэх боломжгүй. Тэгвэл Хөгжлийн банкинд ялсан намын цүнх баригчид биш мэргэжлийн туршлагатай жинхэнэ CEO-нууд очсон бол тэнд хулгай, луйвар гарахгүй байсан. “Эрдэнэс Тавантолгой”-г олон нийтийн, нээлттэй компани болгочихсон нөхцөлд одоогийнх шиг авлига, хулгайдаа идэгдэхгүй.  Энэ мэтээс харахад төрөөс томилогддог албан хаагч нар хариуцлагатай ажиллаж чадахгүй болохоо харуулж байна.

Нөгөөтэйгүүр төр нэг хулгайч даргаа солилоо гээд дараагийнх нь дахиад хулгайлахгүй гэх баталгаагүй. Хүний шунал хязгааргүй хойно, лам хүртэл “юмыг яаж мэдэх вэ юутай төрдөг” гэсэн хошигнол бий. Хулгайн өмчийг цөөлье гэвэл хувийн өмчид өгөх хэрэгтэй. Хувийн өмчид өгч чадахгүй юм бол ядаж л төрөөс төрийн өмчит компанийн захирлуудыг томилдгоо больё. Төрийн өмчийн олон нийтийн хяналтад оруулъя.

Ж.ЭРХЭС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж