Украины Харьков муж дахь Шевеченкове тосгон өчигдөр /2023.01.09/ Оросын пуужингийн цохилтод өртжээ. Үүний улмаас 50, 60 орчим насны хоёр эмэгтэй нас барж, дор хаяж долоон хүн бэртлээ. Мужийн захирагч Олех Сыньехубов телеграмдаа тосгоны зургийг нийтэлсэн бөгөөд байшин барилгууд галд автаж, хаа сайгүй нуранги үүсэн харагдана. Нуранги доороос дахиад ч хүмүүс олдох магадлалтайг албаны хүмүүс хэлэв.
ОХУ өөрсдийнхөө довтолгоог зөвхөн Украины эсрэг бус НАТО-ийн эсрэг гэдгийг онцолсон. “Украин дахь мөргөлдөөн зөвхөн Москва, Киевийн хооронд болоогүй. Энэ бол НАТО-той, тэр дундаа АНУ, Их Британитай хийж буй мөргөлдөөн. Барууныхан хүний гараар могой бариулж буйг украинчууд хэдий чинээ эрт ойлгоно, төдий чинээ олон хүний амь аврагдана” гэж ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев хэлжээ.
Дашрамд дурдахад, Украинд сайн дурын ажил хийж байсан Их Британийн хоёр иргэн сураггүй алга болжээ. Тодруулбал, Андрей Багшав, Кристофер Перри нар Баасан гаригт Краматорскоос гарч Соледарыг зорьсон. Соледарт өдгөө ширүүн тулаан өрнөж буй. Андрей Багшав нь Шинэ Зеландад амьдардаг бөгөөд хүмүүнлэгийн тусламж хүргэхээр Украинд ирсэн аж.
Эх сурвалж: THE STAR
Холбоотой мэдээ