Гарет Бэйл: Гэгээнтэн, Цахилгаан, Галактико, Уэльсийн баатар

Хуучирсан мэдээ: 2023.01.10-нд нийтлэгдсэн

Гарет Бэйл: Гэгээнтэн, Цахилгаан, Галактико, Уэльсийн баатар

Гарет Бэйл: Гэгээнтэн, Цахилгаан, Галактико, Уэльсийн баатар

“Бенз зугтвал BMW-ээр хөө, BMW зугтвал Бэйлээр хөө, Бэйл зугтвал битгий хөө” гэж алдарт тайлбарлагч Э.Балжинням агсан хэлдэг байж билээ.

Цэнхэр гаригийн хөлбөмбөгийн ертөнцөд “Цахилгаан” хэмээн алдаршсан Гарет Бэйл зодог тайлж буйгаа зарлалаа. Өдгөө 33 настай Уэльс эрийн хувьд клубын түвшинд хүртэж болох бүхий л цомуудыг хүртэж, энэ цаг үеийн дэлхийн шилдгүүдийн нэгт зүй ёсоор тооцогдох билээ.

Реал Мадрид, Тоттенхэм Хотспур багуудад замналынхаа ид үеийг өнгөрүүлсэн тэрбээр сүүлд АНУ-ын Лос Анжелес клубд тоглож байсан бөгөөд өчигдөр/2023.01.09/ гэнэтийн шийдвэр гаргажээ. Тэрбээр мэдэгдэлдээ “Сайтар бодож үзсэний эцэст би клуб болон шигшээ багийн хөлбөмбөгөөс зодог тайлж буйгаа зарлаж байна. Дуртай спортоороо хичээллэх мөрөөдлөө биелүүлсэн би үнэхээр азтай. Энэ спорт надад амьдралын минь хамгийн сайхан мөчүүдийг бэлэглэсэн” гэжээ.

Гарет Бэйл бол олон сая хүүхэд залуусын зүрхэнд гал, сэтгэлд аз жаргал бэлэглэсэн гайхалтай тамирчин. Түүний энэ хүртэлх замнал ч энгийн бус.

ӨСВӨРИЙН БЕКХЭМ

Чампионшип дивизоны 2006-2007 оны нээлтийн тоглолт Дерби Каунти болон Саутхемптон багуудын хооронд өрнөв. Талбайн эзэд Дерби өрсөлдөгчөө 1-0 гэсэн харьцаатай хожиж байсан ч Саутхемптоны 17 настай 22 дугаартай зүүн хөлтэй жигүүрийн хамгаалагч хүү чөлөөт цохилтоос ганган гоол оруулж, багаа ялагдлаас аварч байлаа. Үүнээс гурав хоногийн дараа Ковентри Ситигийн эсрэг өнөөх хүү дахиад л чөлөөт цохилтоос гоол оруулах нь тэр. Тэгэж л залуухан Бэйлийн зүүн хөл будант Албионд танигдаж, аюул тарьж эхэлжээ.

Тухайн үед “Гэгээнтнүүд”-ийг дасгалжуулагч байсан Жорж Бөрли “Гарет бол онцгой нэгэн. Түүнд топ тоглогчдод байдаггүй чадвар бий. Түүний чөлөөт цохилтын чадвар яг л Дэвид Бекхэм шиг” гэж байв.

Жигүүрийн хамгаалагч, өсвөр насны хүү Бэйл 2007 онд Тоттенхэм Хотспуртай нэгдсэн.

ЦАХИЛГААН

Том тоглолтод топ тоглогчид л гангардаг гэдэг. УЕФА Аваргуудын лигт Италийн гигант Интер Милан талбай дээрээ Английн Тоттенхэм Хотспурыг хүлээн авч нэгдүгээр үед л дөрвөн гоол оруулав. Интерт дэлхийн одод чуулсан байсан бол Тоттенхэмд тэр тоглолтод Бэйл л байсан гэхэд хилсдэхгүй. 21 настай хонгор хүү дэлхий нийтэд өөрийгөө харуулсан.

Зүүн жигүүрээр ганцаараа гүйсээр Интерийн шилдэг хамгаалагчдыг хурдаараа илүүрхэн өнөөх зүүн хөлийн хүчтэй цохилтоороо гоол оруулав. Хоёр дахь гоол нь мөн л адил байдлаар Занетти, Цезарь хоёрын гоолоор сум шиг шунгинан хаалганы торыг хөдөлгөлөө. Гурав дахь гоол бас л ялгаагүй. Зүүн хөлийн цохилт хаалганы зүүн буланд. Хэдий Тоттенхэм Хотспур 3-4 гэсэн харьцаатай хожигдсон ч Бэйл тус тоглолтод гурван гоол оруулж, маргааш өглөө нь Английн сонинуудын нүүрийг чимсэн түүхтэй.

2010-2013 он хүртэл Бэйл Английн Премьер лигийн хамгаалагчдын толгойны өвчин байсан даа. Харамсалтай нь, баг нь аз одгүй, цомгүй улирлуудыг өнгөрүүлсэн хэвээр байлаа. Бэйл өөрөө Англид хүртэж болох бүхий л хувь шагналуудыг түүсэн. Примьер лигийн, Английн, Уэльсийн, Тоттенхэмын, тоглогчдын холбооны гээд бүхий л шилдэг нь болсон.

ГАЛАКТИКО

2013 оны зун Барселона Бразилаас авьяасын уул уурхай болсон Неймарыг эгнээндээ элсүүлэв. Мөнхийн өрсөлдөгч, заналт дайсан нь бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлсэн учир Реал Мадридын нүүдэл хийх ээлж ирлээ. Тэд ямар ч эргэлзээгүй Гарет Бэйлийн төлөө 85.3 сая фунтыг төлж, тухайн цаг үедээ дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болгосон.

Кристиано Роналдо, Карим Бензема, Гарет Бэйл буюу “BBC”-ийн эсрэг Неймар, Луис Суарез, Лионель Месси буюу “MSN”. Тэдний тулаан Эль Классико нэгэн үе Испанийг төдийгүй дэлхий нийтийг баясгасан.

Бэйл ч хүссэн, дутсан цомуудаа хүртэж эхэлсэн. Копа дель Рэйн финалд Барселонагийн эсрэг оруулсан түүний гоол одоо ч үнэнч фанатуудынх нь сэтгэлд үлджээ.

Тоглолт 1-1 гэсэн харьцаатай үндсэн цаг дуусах дөхөх үед Бэйл талбай төвөөс бөмбөг аваад л урагшаа туусан. Барселонагийн хамгаалагч Марк Бартра түүнийг зогсоохын тулд эрчээрээ зүтгэсэн, гүйсэн ч “Цахилгаан” Бэйл хэдийнэ гүйцэгдэхээсээ өнгөрч, хаалганд нь гоол оруулчихаад баяраа тэмдэглэж байлаа. Хурд, тэсрэлт гэж юу байдгийг дэлхий нийт дахин нэг удаа Бэйлээс мэдэрсэн.

УЭЛЬСИЙН БААТАР

Испани төдийгүй Европд Реал Мадридын хамтаар эзэн суусан Бэйл эх орныхоо төлөө ч харамсахааргүй тоглолтуудыг үзүүлсэн. Европын аваргад багаа хөтлөн оруулж, хагас шигшээ хүртэл ачааны хүндийг үүрсэн. Саяхан л гэхэд дэлхийн аваргад шигшээ багаа ороход гол үүргийг гүйцэтгэв.

Түүнийг зөвхөн Уэльсийн төлөө л бүхнээ дайчлан тоглодог, Реал Мадридын төлөө сэтгэл гаргадаггүй, Испани хэл мэддэггүй гэх яриа гарах боллоо. Бэйл ч 2019 онд өгсөн ярилцлагадаа “Би Уэльсийн төлөө тоглохдоо илүү их догдлох нь ойлгомжтой шүү дээ” гэж ярьсан юм.

Бэйл бүр гольфыг Реал Мадридаас илүүд үзэх болсон гэж шүүмжлэлд өртсөн. “Уэльс, Гольф, Реал Мадрид гэсэн дарааллаар” гэх далбаа хүртэл нэг хэсэг тренд болоод амжжээ.

Зарим домгууд УЕФА Аваргуудын лигт ядаж ганц удаа түрүүлэхийг хүсдэг байтал Бэйл Реалын хамтаар таван удаа ингэхдээ бүр гурав дараалан түрүүлсэн. Мөн Испанийн Ла лигт гурван удаа манлайлжээ. Месси, Роналдо хоёрын эрин үед байгаагүй бол ядаж ганц удаа алтан бөмбөгийн төлөөх өрсөлдөөнд яригдана. Харамсалтай нь, хүн цаг үеэ өөрөө сонгож төрөхгүй юм даа.

Мадрид дахь байр суурь ганхсан Бэйл нэг хэсэг Тоттенхэм Хотспур клубдээ эргэн очиж тоглосон. 34 тоглолтод 16 гоол оруулсан гэдэг бол муугүй үзүүлэлт. Эцэст нь Америк руу хүлгийн жолоо залж, тэндээ замналаа өндөрлүүллээ.

Бэйлийн зүүн хөл, хурд тэсрэлт бол дэлхийн хөлбөмбөгийн гоц үзэгдэл. Тэр арван жилийн хугацаанд юу чаддаг, ямар авьяастайгаа харууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж