2022 оны 12-р сарын эхээр ЕАЭЗХ-ны таван орны удирдагч буюу Армяны Ерөнхий сайд Никол Пашинян, Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Евразийн эдийн засгийн дээд зөвлөлийн хурлыг гурван жил завсарласны дараа дахин биечлэн явуулсан байдаг. Ажиглагч орны төлөөлөгчөөр Узбекистаны Ерөнхий сайд Абдулла Арипов дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирсэн бол Кубын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудез оролцогчдод цахимаар хандан үг хэлэв. ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын тэргүүн нар өнгөрсөн жилийн интеграцчлалын үйл ажиллагааны үр дүнг дүгнэж, Холбооны үйл ажиллагааны чиглэлүүдийн хүрээнд 15 баримт бичигт гарын үсэг зурж, 2023 онд хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийг тодорхойлов.
Өнгөрсөн жилийн геополитик, эдийн засгийн хямрал нь ЕАЭЗХ-ны өмнө дасан зохицох ноцтой зорилтуудыг тавьсан. Оролцогч орнуудын эдийн засгийг шинэ нөхцөлд тогтвортой байлгахын тулд 1.5 мянга гаруй гол нэр төрлийн барааны гаалийн татварыг түр хугацаанд тэглэж, экспортыг хязгаарлах тарифын бус хэд хэдэн арга хэмжээнүүдийг авч, үндэсний мөнгөн тэмдэгтүүдээр төлбөр тооцоо хийх тогтолцоонд шилжих ажиллагааг идэвхжүүлсэн ба үндэсний мөнгөн тэмдэгтүүдээр хийсэн төлбөр тооцоо нь талуудын нийт төлбөр тооцооны 75 хувьд хүрсэн байна. Үйлдвэрлэл, технологийн шинэчлэл (ялангуяа нисэх онгоцны үйлдвэрлэл, эм зүй, цахим тооцооллын дэд бүтцийн салбарт), нийлүүлэлтийн шинэ сүлжээг бий болгох хамтын төслүүд дээр ажиллаж эхэлсэн.
ЕАЭЗХ дэлхийн эдийн засгийн хямрал болон Орос, Беларусын эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүдэд хариу арга хэмжээ авах ажлыг түргэн шуурхай боловсруулж, хэрэгжүүлсэн нь төлөвлөсөн эерэг үр дүнг авчирсныг статистик мэдээллээр баталж байна. Тухайлбал, оны эхний 10 сарын байдлаар ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын харилцан худалдааны хэмжээ 67 орчим тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны харьцангуй өндөр үзүүлэлтээс 12.8 хувиар өссөн байна. Үйлдвэрлэл, логистикийн сүлжээнд гарсан өөрчлөлтүүд нь ЕАЭЗХ-ны ихэнх орнуудын эдийн засагт шинэ боломжуудыг нээсэн. Ийнхүү Армяны Беларусь болон Орост нийлүүлсэн экспорт нь дээр заасан хугацаанд 2.8 болон 2.5 дахин, Киргизийн экспорт 2 болон 2.6 дахин тус тус өссөн бол аль аль улсад нийлүүлсэн Казахстаны экспортын хэмжээ нь мөн тус бүрдээ 1.2 дахин өссөн байна. Орос улс ЕАЭЗХ-ны хүрээнд бүх амин чухал бараа таваарын (хүнс, эрчим хүч зэрэг) худалдааны эргэлтийг таслалтгүйгээр хангадаг ба Евразийн эдийн засгийн бүсэд байгалийн хийн үнэ Европ дахь хийн үнээс 10 дахин хямд байна.
Армяны эдийн засагт оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ бараг 5 дахин, Беларусынх – 1.6 дахин, Казахстаных – 2 дахин, Киргизийнх – 1.9 дахин өссөн байна. Мөн түүнчлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл (5.4 хувь), гүйцэтгэсэн барилгын ажлын хэмжээ (4.7 хувь) өссөн, ажилгүйчүүдийн тоо буурсан (ажилгүйдлийн түвшин 1 хувиас арай их ч ЕХ-ны орнуудынхаас 7 дахин бага) гээд эдийн засгийн олон нааштай үзүүлэлтүүд байна. Харин аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэмжээ 2021 онтой харьцуулахад ижил түвшинд байна. Үүний зэрэгцээ ОХУ-ын ДНБ 2.9 хувиар, Беларусынх 4.7 хувиар буурна гэсэн таамаглал байна. Харин Казахстаны эдийн засаг оны эцэст 3 хувиар, Киргизийнх 7 хувиар, Армяных 14 хувиар өсөх төлөвтэй байна.
ЕАЭЗХ-ны удирдагчдын 12-р сард болсон уулзалтаас гарсан гол шийдвэрүүдийн нэг нь цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхдээ шууд бус татвар авах шинэ журам (худалдан авагчийн байрлаж буй улсад татварын шимтгэл авах зарчимд үндэслэн) нэвтрүүлэх явдал байв. Мөн түүнчлэн нэгдсэн зах зээлийн үйлчилгээний салбарын жагсаалтыг өргөжүүлж, аж үйлдвэрийн, тэр дундаа импортыг орлох үйлдвэрлэлийг зохион байгуулахтай холбоотой хамтарсан төслүүдийг санхүүжүүлэх төрөлжсөн шинэ механизмыг үүсгэн байгууллаа.
Эрчим хүчний салбарт ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын эрх бүхий байгууллагуудын тэргүүн нарын зөвлөл буюу ЕАЭЗХ-ны туслах байгууллагыг үүсгэн байгуулах тухай журмыг батлав. Тус зөвлөлийг байгуулснаар үндэсний эдийн засгийг эрчим хүчний үндсэн эх үүсвэрүүдээр болон цахилгаан эрчим хүчээр хангахад чиглэсэн Холбооны орнуудын харилцан үйлчлэлийн үр ашгийг дээшлүүлэх болно. Орос, Казахстан, Узбекистаны удирдагчид хоёр жилийн дотор байгуулагдах төлөвтэй байгаа «Гурван талт хийн холбоо»-г байгуулах санааг хэлэлцэв.
Мөн ЕАЭЗХ болон Арабын Нэгдсэн Эмират улсын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэх шийдвэрийг гишүүн орнууд баталлаа. Тус Холбоо нь Энэтхэг, Египет, Индонез, Израил улстай чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрүүдийг байгуулах ажлыг хурдасгах, хөнгөлөлттэй гэрээ байгуулсан түншүүд болох Вьетнам, Серби, Ирантай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд анхаарч байна.
2023 онд ЕАЭЗХ-г даргалах орны удирдагчийн хувьд Владимир Путин энэ хугацаанд интеграцийн бүлгийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон. Үүнд, Холбооны хөгжлийн стратегийн үндсэн чиглэлийг шинэчлэх (одоогийн байдлаар 2025 он хүртэлх зорилтуудыг боловсруулсан), технологийн бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх, салбар бүрт мэдээллийн технологийг өргөнөөр нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх, залуучуудын солилцоог эрчимжүүлэх, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах баталгааг нэмэгдүүлэх зэрэг багтаж байна.
Ерөнхийдөө 2022 оны үр дүнгээс харахад ЕАЭЗХ нь интеграцчлалын байгууллага болохынхоо хувьд дэлхийн эдийн засгийн сорилтод тэсвэртэй гэдгээ харуулж чадсан юм. Оролцогч улс орнууд нь хүнс, эрчим хүчнийхээ аюулгүй байдлыг хамтран хангаад, эдийн засгийн гол үзүүлэлтүүдээ дэлхийн үнэлэмжтэй харьцуулахад өндөр түвшинд байлгаж, хэд хэдэн салбарт өсөлтийг хангаж чадсан байна. Холбооны гишүүн орнуудын хөгжлийн цаашдын ахиц дэвшил нь өнөө цагт улам бүр өсөн нэмэгдэж буй тогтворгүй нөхцөл байдлаас хамааран өөрсдийн эдийн засгаа хамтын хүчээр улам гүнзгий өөрчлөхийн тулд төлөвлөсөн бүх арга хэмжээнүүдийг өндөр түвшинд хэрэгжүүлэх түншүүдийн чадвараас хамаарна.
Холбоотой мэдээ