“Rolls-Royce”-ийн 118 жилийн түүхэн дэх дээд амжилт

Хуучирсан мэдээ: 2023.01.10-нд нийтлэгдсэн

“Rolls-Royce”-ийн 118 жилийн түүхэн дэх дээд амжилт

“Rolls-Royce”-ийн 118 жилийн түүхэн дэх дээд амжилт

Их Британийн алдарт Rolls-Royce Motor Cars” компанийн өнгөрсөн 2022 онд худалдсан тансаг зэрэглэлийн автомашины тоо 6000 давжээ. Энэ нь тус компанийн 118 жилийн түүхэн дэх дээд амжилт болсон талаар Английн Баруун Сассекс мужид байрладаг автомашин үйлдвэрлэгч өнгөрсөн Даваа гаригт гаргасан тайландаа дурдсан байна.

Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа “Rolls-Royce”-ийн түүхэн дээд амжилтыг онцоллоо.

Нийт 5586 автомашин зарагдаж, дээд амжилт тогтоосон 2021 онтой харьцуулахад нийлүүлэлт нь 8 хувиар өсчээ. Борлуулалтын гол зах зээл нь АНУ, Хятад, Европ. Борлуулсан автомашины гуравны нэгийг Хятад, Европын орнууд эзэлж, нийт 50 орчим улсад тансаг зэрэглэлийн автомашинуудаа нийлүүлсэн байна.

Covid-19 цар тахлын нөхцөл байдал, Бээжингийн хязгаарлалтын улмаас тус компанийн экспорт бага зэрэг буурсан ч Хятад улс борлуулалтаараа хоёрдугаарт бичигджээ.

Тус компанийн өнгөрсөн жил борлуулсан автомашин бүрийн дундаж үнэ 500,000 еврод хүрч, дээд амжилт тогтоосон байна.

Rolls-Royce Motor Cars” компанийн гүйцэтгэх захирал Торстен Мюллер-Отвос "12 сарын хугацаанд бид анх удаагаа 6000 гаруй автомашиныг хэрэглэгчдэд хүргэлээ. Бүх төрлийн автомашины эрэлт хэрэгцээ өндөр байна" гэж мэдэгджээ. Тус компани тансаг зэрэглэлийн автомашины эрэлт 2023 он хүртэл үргэлжилнэ гэж найдаж байгаа аж. Мөн анхны “Spectre” цахилгаан автомашины урьдчилсан захиалгын тоо “хүлээлтээс давсан" талаар тус компани мэдээлжээ.

Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсний дараа “Rolls-Royce Motor Cars” компани Оросын зах зээлээс гарсан нь борлуулалт мэдэгдэхүйц буурахад нөлөөлснийг тус компани хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч жилд дунджаар 250-300 ширхэг тансаг зэрэглэлийн “Rolls-Royce” машин зарагддаг байсан Оросын зах зээлийн орон зайг дэлхийн бусад орнуудын эрэлт нэмэгдсэнээр нөхөж чаджээ.

“Rolls-Royce Motor Cars” 1973 онд “Rolls-Royce Limited”-ээс салсан. 1998 онд түүнийг BMW худалдан авч, өөрийн хэлтэс болгон өөрчилсөн. Өнгөрсөн оны есдүгээр сард тус компани 2030 он гэхэд цахилгаан автомашины үйлдвэрлэлд бүрэн шилжихээр төлөвлөж байгаагаа зарласан билээ.

"Car and Driver"-т мэдээлснээр, тус компани 2023 оны дөрөвдүгээр улирлаас тансаг зэрэглэлийн “Spectre” хэмээх анхны бүрэн цахилгаан автомашинаа хэрэглэгчдэдээ нийлүүлэх боломжтойгоо мэдэгдсэн байна.

“Rolls-Royce”-ын гүйцэтгэх захирал Торстен Мюллер-Отвос өмнө нь “Энэхүү шинэ автомашин дан цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх зорилгын маань эхлэл болно. 2030 он гэхэд бид дотоод шаталтын хөдөлгүүртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалахаа зогсооно” гэж мэдэгдэж байв.

“Rolls-Royce”-ыг эзэмшдэг “BMW” компанийн хувьд бензин хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэлээ хэзээнээс зогсоохоо хараахан мэдэгдээгүй ч 2030 он гэхэд тээврийн хэрэгслүүдийнхээ 50 хувийг цахилгаан болгох зорилт дэвшүүлснээ зарласан билээ.

Эх сурвалж: Car and Driver, CNBC, TASS, ROLLS-ROYCE MOTOR CARS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж