Сурвалжлага: Улсаа засахаас өмнө бие засмаар байна 

Хуучирсан мэдээ: 2023.01.10-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Улсаа засахаас өмнө бие засмаар байна 

Сурвалжлага: Улсаа засахаас өмнө бие засмаар байна 

Улаанбаатарын өвөл. Дэлхийн хамгийн хүйтэн хот.  Цас, мөс халтиргаа, утаа  угаар, жагсаал, цуглаан.   Төлөвлөлтгүй, түгжрэлтэй хот.  Энэ хотод 1.6 сая хүн сурч, ажиллаж, амьдардаг гэх. Гэвч ачаалал, асуудлаараа Азид төдийгүй дэлхийд зартай хот.  Улаанбаатарт олон "зовлон" бий. Тэдний нэг нь нийтийн бие засах газар.

Нийслэлчүүд төдийгүй гадаад дотоодын жуулчдын хувьд хүндрэлтэй асуудлын нэг нийтийн бие засах газар юм. Анх 2009 оноос эхлэн Улаанбаатар хотын хэмжээнд 19 нийтийн бие засах газар буюу "City toilet"-ыг байгуулсан болов ч өнөөдөр хүртэл үлгэн салган. Өнөөх асуудал бахь байдгаараа. Ажиллаж байгаа нь ховор. Цөөн хэдэн ажиллаж байгаа газар нь бохир, заваан байдгаас үйлчлүүлэх хүсэл төрдөггүй.

Иргэд 24 цагаар ажилладаг 230 гаруй сүлжээ дэлгүүрийн “ачаар” физиологийн асуудлаа шийдэж байгаа нь худлаа биш. Хан-Уул дүүргийн 120 мянгатын автобусны буудлын хажууд байрлах "City toilet" нэртэй ч ажилладаггүй байсан ариун цэврийн газрыг “GS25” сүлжээ дэлгүүр нийслэлтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан “шинээр” нээжээ.

“GS25” сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа хариуцсан дарга Д. Сугарсүрэн “Нийслэлийн захирагчийн албанаас нийтийн ариун цэврийн газрын үйл ажиллагааг сайжруулах хамтын ажиллагааны уриалга гаргасан байсан. Манай байгууллага холбогдох зардал бичиг баримтыг бүрдүүлэн өгснөөр шалгарч эхний байдлаар хоёр ариун цэврийн газрыг засаад 10 гаруй хонож байна. Нийслэлээс бидэнд 24 цагаар ажиллах шаардлагыг тавьсан. Мөн ариун цэврийн газартай холбоотой бүх зардлыг манай дэлгүүр хариуцана” гэв. Ариун цэврийн газрыг тухайн дэлгүүртэй хамтын гэрээтэй байгууллагын ажилчид ирж гурван цаг тутамд цэвэрлээгээ хийдэг аж. Үргэлжлүүлэн тэрбээр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх ААН-үүдийг бие засах өрөөгөө үнэ төлбөргүй нээлттэй болгохыг уриалсан юм. Харин хажуугаар нь явсан хүмүүсийн байр байдлыг нь сонирхвол бүгд л нэг саналыг гаргасан юм. Тэд голдуу нийслэлд бие засах газрын хүрэлцээ хангалтгүйг дурдаад “Худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг иргэд ч ариун цэврийн өрөөндөө оруулах нь ховор. Өмнө нь энэ хавиар явахад “City toilet” гэх нэртэй газар байх ч ажилладаггүй байсан” гэдгийг дуу нэгтэйгээр хэлж байв. Түүнчлэн хувийн хэвшил хариуцдаг болсноор 24 цагаар байнгын нээлттэй болгон иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаад  талархууштай байгаагаа хэлсэн төдийгүй бусад ажилладаггүй газруудаа ч бас хувийн хэвшилтэйгээ хамтран тохилог байнгын үйлчлүүлэх боломжтой болгох талаар ярьж байлаа.

Монголд “CU”, “GS25” сүлжээ орж ирэхээс өмнө дэлгүүрийн ариун цэврийн өрөө рүү хүссэн үедээ орж, үнэ төлбөргүй үйлчлүүлэх тухай ойлголт байгаагүй. Үүнтэй уншигч маргахгүй биз ээ.

АРГАГҮЙ ҮЕД… 

Сонгуулиар нэр дэвшсэн нэгэн бүсгүй түгжрэлийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар хошигнон хотын замаар түгжирч байхдаа хоол хийж үзүүлсэн нь олны анхаарлыг татсан. Харин бодит байдал дээр хоол гэхээсээ илүү хөнгөрөх амин чухал асуудал байдаг нь нууц биш. Бага насны хүүхдээ авч яваа бол ундаа, усны хоосон сав зайлшгүй авч явах шаардлагатай болдог. Учир нь, машинаа зам дээр хаяад “00” хайх уу эсвэл замын хажууд хүүхдээ шээлгэж сошиалууд шүүлгэх үү гэх сонголттой нүүр тулна. Яармагт амьдардаг бүсгүй хоёр цагт түгжирсний эцэст энэ сонголттой тулснаа учирласан бөгөөд ямар ч сонголтгүйгээр замын хажууд зогсоод хүүгээ “морь харуулсан” нь сошиал “од” болоход хүргэжээ. Тэрбээр үүнийг хүсээгүй бөгөөд “сонголтгүй сонголт” гэж товчхон тайлбарласан юм.

Манайхан нийтийн бие засах газар байхгүйгээс аргагүйн эрхэнд энд тэндхийн буланд “морь хардаг” тухай ярих хүн олон. Мөн гудманд нус, цэр, шүлсээ ил хаядаг иргэд ч цөөнгүй. Ил задгай хаясан шүлс, нус цэр нь шээснээс илүү аюултай ужиг болон халдварт өвчний нянг тараадаг байна. Жирийн томуунаас эхлээд хурц хэлбэрийн сүрьеэ, уушгины болон амьсгалын замын халдварт өвчнүүд агаарт цацагдсан ганцхан дусал шүлснээс ч халдаж болдгийг мэргэжилтнүүд анхааруулдаг. Томуу болон томуу төст өвчин ханиадыг газар авахад хамгийн их нөлөөлдөг зүйл нь иргэдийн ил задгай хаясан шүлс, цэр байдаг байна. Амьсгалын замын халдварт өвчнүүдийн дэгдэлт ихэсч цар хүрээ нь нэмэгдэж буй энэ үед хамгийн халдварлах эрсдэлтэй байдаг аж.

Үүний дараа бид хүн амын төвлөрөл ихтэй төв талбайн “City toilet” гэсэн нийтийн бие засах газар руу ороход ажиллаж байлаа. Дотогш  ормогц эвгүй үнэр ханхалж цааш алхаж бие засах хүсэлгүй болно. Дотор байдлыг ажвал хугарч, хагарсан эд хогшил, шалаар алхахын эцэсгүй шавар шавхай нь бие засах бус сэжиг төрүүлэм байдалтай байв. Энэ зөвхөн эдний асуудал биш. Төрийн данстай газруудын нийтлэг дүр төрх. Төрийн ордон, яам, тамгын газрын ямбатны тусгай хамгаалалттайн дээр “түгжээстэй” байдаг “00”-ийг эс тооцвол тийм заваан газрыг захын төрийн байгууллагын “00”-аас харж болно. Тиймээс ч иргэд үйлчлүүлэх хүсэл төрдөггүйн дээр зайлшгүй тохиолдолд заавал ариун цэврийн цаас ахиухан авч ороод арчиж, зүлгэж байж сая нэг хөнгөрөх нь жишээтэй. Нийслэлчүүдийн хувьд энгийн хэр нь нэн шаардлагатай зүйл бол нийтийн ариун цэврийн асуудал юм.

Сью Шүжан Монголд байхдаа гадны хэвлэлд ярилцлага өгөхдөө монголчуудыг хаа дуртай газраа хормойгоороо далдлаад л бие засчихдаг тухай ярьсан байдаг. Монголд нүхэн буюу модон жорлонг түүнийг л нэвтрүүлсэн гэлцдэг. Бүтэн зуун жил өнгөрчихөөд байхад монголчууд модон жорлонгоосоо бүрэн салаагүй л байна.  Ийм байхад төрөөс цэвэр, цэгц, эмх замбараа шаардаад суух нь бухыг харж үнэг турж үхэхийн үлгэр болох вий. Харин түүнээс илүүтэй төр хувийн хэвшилдээ зайгаа тавьж өгөөд жим гаргуулсан нь зөв зам гэдгийг ганцхан сүлжээ дэлгүүрийн салбар харуулаад өглөө.

Энэ нь жижиг зүйл мэт боловч бидний өдөр тутмын тулгамдаж буй асуудал юм. Үүнээс л төр болон хувийн хэвшлийн ялгааг харж болно. Өнөөдөр мэдээж бороо орохгүй. Харин түгжрэх нь тодорхой. Тиймээс та бага насны хүүхэдтэйгээ машинаар явах хэрэг гарсан бол шүхрээ биш ундаа ч биш. Харин унааны сав машиндаа авахаа мартуузай. Хаана хэдэн ч цаг түгжрээ билээ…

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж