Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг парламент өнгөрсөн оны долдугаар сарын 6-нд баталж, 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Монгол Улс архины хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт жагсдаг. Өнгөрсөн 2013 онд нэг хүнд ногдох архины хэмжээ 3.1 литр байсан бол оргил үедээ буюу 2015 онд 15 литрт хүрч байжээ. Харин одоо 8.2 литр байна. Энэ бол дэлхийн дунджаас хэд дахин өндөр үзүүлэлт. ДЭМБ-аас тухайн улс орны нэг хүнд ногдох согтууруулах ундаа 8-9 литр байхад л үндэсний аюулгүй байдалд аюул учирч байна гэж үздэг аж. Ингээд шинэ хуулийн онцлох заалтаас танилцуулъя.
ХЭН СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ ВЭ?
Шинэ хуулиар дараах хүмүүсийг согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ. Тээврийн хэрэгсэл жолоодож байгаа бол, 21 нас хүрээгүй хүүхэд, жирэмсэн бол архи хэрэглэхийг хориглов. Мөн 28.2-т бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно.
Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно” гэжээ.
ХЭРЭВ 21 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДЭД АРХИ ЗАРСАН БОЛ…
Хэрэв 21 нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна.
Мөн хуулийн 27.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 26.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үйлчлүүлэгч хуульд заасан насанд хүрээгүй болохыг мэдээгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА 10 ЖИЛ БАЙНА
Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар тухай бүр сунгаж болно. Тусгай зөвшөөрөл авах, сунгуулах хүсэлт, материалыг цахимаар шийдвэрлэж болно. Хэрэв татварын өртэй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй аж.
Мөн гадаад улсад экспортлох, агаарын хөлгийн үйлчилгээ, татваргүй барааны дэлгүүр, зочид буудлын хэрэгцээнд тусгай зориулалтаар, захиалгаар нийлүүлэхээс бусад тохиолдолд 18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг 0.33 литрээс бага, нэг литрээс их хэмжээгээр савлахыг хоригложээ.
ХАРИУЦЛАГАТАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДСАН БАЙНА
Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан нь согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад хамрагдсан байна. Энэ сургалт нь хууль тогтоомжийг таниулах, үйлчлүүлэгчийн насыг тогтоох, үйлчлүүлэгч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйлчилгээний арга барилыг төлөвшүүлэх зорилготой аж.
Мөн согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа экспортлох үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд хууль тогтоомжид заасны дагуу татвар, хураамж төлнө.