Дайны хохирлын талаарх тал талын тоонууд

Хуучирсан мэдээ: 2023.01.10-нд нийтлэгдсэн

Дайны хохирлын талаарх тал талын тоонууд

Дайны хохирлын талаарх тал талын тоонууд

Украины Макиевка хот дахь Оросын цэргийн түр хуаран шинэ оны эхний өдөр пуужингийн цохилтод өртсөн. Тус цохилтоор Оросын 63 цэрэг амь үрэгдсэн гэж Кремлиэс мэдэгдсэн ч бодит байдал дээр 400 цэрэг байж болзошгүй гэсэн мэдээлэл тарав. Үнэн алдартны шашны зул сарын баярын үеэр 36 цаг гал зогсоох саналыг Путин гаргасан ч хэлэлцээр хэрэгжээгүй. Энэ үеэр ОХУ-ын арми зүүн Краматорск хотод пуужингийн цохилт өгснөөр 600 украин цэрэг нас барсан гэх. Гэвч Украины тал энэ мэдээллийг үгүйсгэж, иргэний байгууламжууд цохилтод өртсөн ч хүний амь эрсдээгүй гэлээ. Хоёр улс харилцан бие биеэ үгүйсгэж, амь үрэгдэгсдийн бодит тоог нууцалсаар байна.

Тэгвэл “Radio free Europe Radio liberty” цахим хуудаснаа хамгийн сүүлд мэдээлснээр өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш Оросын 111170 цэрэг амиа алджээ. Энэ нь нэгдүгээр сарын 8-ны мэдээлэл бөгөөд өмнөх өдөр нь 430 орос цэрэг амь үрэгдсэн гэв. Мөн сүүлийн байдлаар Орос дахин гурван танк, гурван их бууны системээ алдсан аж.

Оны өмнөхөн АНУ-ын албан тушаалтнууд хоёр талын хохирлыг тооцоолсон мэдэгдэл гаргаж байсан. Тус мэдэгдэлд дурдсанаар, хоёр улс тус бүр 100, 100 мянган цэргээ алдсан гэжээ. Мөн 40 мянга орчим энгийн иргэн амиа алдсан гэж АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Марк Милли мэдэгдэж байв. Энэ бол барууныхны зүгээс гаргасан хамгийн өндөр тоон үзүүлэлт юм.

Гэтэл ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өнгөрсөн есдүгээр сард мэдэгдэхдээ ердөө 5937 цэрэг л амь үрэгдсэн гэсэн. Энэ нь генерал Марк Миллигийн тооцооллоос хол зөрж байна. 1979-1989 оны хооронд Афганистаны мөргөлдөөнөөр Зөвлөлтийн 15 мянган цэрэг амиа алдаж байв. Тэгэхээр бүтэн 10 жилийн хугацаанд амиа алдсан цэргүүдээс хавьгүй олон цэрэг энэ дайнд амиа өргөсөн байж болзошгүй байна.

Харин Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужний амиа алдагсдынхаа тоог 9000 гэж наймдугаар сард зарласан. Дайтаж буй улсуудын гаргасан тоо баримт найдвартай бус гэдгийг НҮБ мэдэгджээ.

НҮБ-ын Хүний эрхийн комиссоос тоцоолсноор энэ оны нэгдүгээр сарын 2-ны байдлаар нийт 6919 энгийн иргэн Украинд амь үрэгджээ. Тэдний 429 нь хүүхэд байв. Амиа алдагдсын тоог сар сараар нь нарийвчилж үзвэл 2022 оны гуравдугаар сард 3200 хүн буюу хамгийн олон хүн амиа алджээ. Цаашилбал 11075 хүн гэмтэж бэртсэн гэх мэдээлэл байна. Гэвч бодит тоо үүнээс ч илүү байх магадлалтай НҮБ-ын албан ёсны цахим хуудас онцоллоо.

“Grid” цахим хуудас дайны бүрэн зураглалыг гаргахын тулд долоо хоног бүрийн Пүрэв гаригт тоо баримтыг шинэчилж мэдээлдэг аж. Амиа алдагсдын тооноос гадна Оросууд Украин руу хэчнээн нисгэгчгүй онгоц илгээж, Киев эндээс хэдийг нь устгаж байна вэ гэх мэт дайны чухал хэмжүүр болсон мэдээллүүдийг нийтэлдэг. Өнгөрсөн Пүрэв гаригт мэдээлсэн тоо баримтыг хүргэе.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын арми Украины нутаг дэвсгэр рүү 80 гаруй нисгэгчгүй онгоц илгээсэн боловч тэдний нэг нь ч нэвтэрч чадаагүй байна. Мөн энэ долоо хоногийн Даваа гаригт 39 нисгэгчгүй онгоц нэвтрэхийг завдсан ч Украины арми бүгдийг нь устгаж чадсан гэжээ. “Бид ийм үр дүн урьд өмнө хэзээ ч үзүүлж байгаагүй” гэж Украины Агаарын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөчг Юрий Ихнат хэлэв.

Зэвсгийн систем болон түүний ашиглалтыг хянадаг “Молфар” компаниас тооцоолсноор Орос улс өнгөрсөн оны есдүгээр сараас хойш Украин руу 600 гаруй нисгэгчгүй онгоц илгээжээ. Тэдгээрийн ихэнх нь Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоц байсан. Оросын арми сүүлийн саруудад пуужингийн довтолгоог нисгэгчгүй онгоцны довтолгоотой хослуулснаар эрчим хүч болон бусад дэд бүтцэд хохирол учруулах болсон. Украины арми сүүлийн үед довтолгоог амжилттай няцаах болсон нь АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах системийг авсантай холбоотой гэж үзэж байна.

НҮБ Украинд амиа алдсан энгийн иргэдийн тоог 6900 гэж тооцоолсон боловч “Grid” цахим хуудас үүнийг дутуу гэж үзжээ. Нэгдүгээр сарын 4-ний шинэчлэгдсэн мэдээллээр 17 мянган хүн нас барсан байна.

Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк арванхоёрдугаар сарын эхээр дайнд амь үрэгдсэн украин цэргүүдийн тоог 13 мянга гэж тооцоолсон. Харин ОХУ 108 мянга гаруй цэргээ алдсан гэж “Grid” тооцооллоо. Амиа алдсан орос цэргүүдийн 13 нь ахлах офицер байсан болохыг Украины эрх баригчид мэдээлжээ.

Дүрвэгсдийн мэдээллийг нэгтгэвэл дайн эхэлснээс хойш 17 сая гаруй украин хүн хил давсан гэх мэдээлэл байна. Гэхдээ Польш тэргүүтэй олон орноос олон хүн эх орондоо эргэн иржээ. Одоогоор Европын орнуудад Украины 7.9 сая гаруй дүрвэгч байгаа аж. Хил даваагүй ч эх орондоо, өөр хот, муж руу дүрвэсэн украинчуудын тоо 5.9 сая байна.

Эх сурвалж: BBC, RFERL, STATISTA, GRID

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж