Хууль шүүхийнхэн өргөсөн тангарагтаа үнэнч хандвал ийм асуудал үүсэхгүй. Эсрэгээрээ томилсон хүндээ “үйлчилвэл” Хөгжлийн банк, нүүрсний хулгай, төмөр зам, хил гаалийнхны авлига болон цаашид илрэх цагаан захтнуудын гэмт хэрэг замхарна гэсэн үг. Хууль шүүхийнхний үг, үйлдлээс нь харахад дуутай хулгай хулгайчгүй, цуутай хулгайч ялгүй үлдэх шинжтэй. Уг нь, Хуулийн сайд Х.Нямбаатар чуулганы танхимд, жагсагчдын урд, камерын өмнө “Нүүрсний хулгайн хэрэгт хэнийг ч хэлмэгдүүлэхгүй, хэнд ч ял завшуулахгүй” гэсэн. Одоо олон хэлбэл ёстой улиг болохоор байна.
НЭГ.
АТГ-аас нэр бүхий 17 улстөрчийг нүүрсний хулгайтай шууд ба шууд бусаар холбоотой гэж зарласнаас хойш 28 хонож байна. Атал “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан экс удирдлагуудаас бусад нь эрх чөлөөтэй. Хулгайн хэргийн хамгийн гол сэжигтнээ “Авлигатай тэмцэж, шударга ёсыг тогтоон хөгжил дэвшилд хүргэх”эрхэм зорилго бүхий байгуулага нь албан ёсны зөвшөөрөл олгоод гадаад руу оргуулчихсан. “Шударга ёсны төлөө иргэдийн итгэл хүлээнэ" гэх алсын хараатай байгууллага нь нэг иймэрхүү авлигатай тэмцэж байна.
Үндсэндээ Монгол Улс авлигын индексээр 24 байраар ухарч, дэлхийд 110-т бичигдэхэд АТГ-ын оруулсан хувь нэмэр бишгүй бий.
Авлигатай тэмцэх үүрэгтэй дарга З.Дашдаваа нь хүртэл өөрсдийнхөө өгсөн мэдээллийг үгүйсгээд “Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг ямарваа нэг хэрэгт яллагдагчаар татаагүй. Гадаад улсад зорчих нь нээлттэй" гээд өмгөөлж, хамгаалаад сууж байх жишээний.
Үнэндээ, Х.Баттулга шиг баавартай сэжигтэн Монголд алга. Х.Нямбаатар хүртэл нүүрсний хулгайчаар Х.Баттулгыг заасан. Авчиг өнөөдөр тэр нь аль хэдийнэ Сингапурт жаргаж явна. Бүр Монголоос "хамаатнууд"-аа дуудаж, Сингапурт хуралдсан шигээ шүү. Ц.Анандбазар, Д.Адъяасүрэн, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, Д.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн нарыг мөн яллагдагчаар татаагүй болохоо АТГ-ын дарга Нээлттэй сонсголын үеэр мэдээлсэн. Тэгэхээр нүүрсний хулгайн хэрэг хууль, шүүх дээр ирээд гацах, мартагдах тал руугаа явчихлаа, орчихлоо. Яг үнэндээ төмөр замын төсөл, нүүрсний экспорт, тээвэр ложистикоос хэн, хэчнээн мөнгө хулгайлж, улсад хэр хэмжээний хохирол учруулсныг хууль шүүхийнхэн нь хэлж чадахгүй л сууна. Ийм байж "улс төрийн нөлөө, ашиг сонирхлын зөрчилд автахгүй, ёс зүйн хэм хэмжээг сахин хуулийн хүрээнд чин шударгаар ажиллана" гэх АТГ-ын үгэнд хүүхэд ч хууртагдахгүй биз.
Хөгжлийн банкийг тонож идсэн хэрэгт экс удирдлагууд нь шоронд орсноос өөрөөр Л.Оюун-Эрдэнийн анд нөхөд ял шийтгэлгүй хоцорч байх шиг. Уг нь 70 гаруй компанийг шалгаж, мөрдөж эхэлснээ АТГ өнгөрөгч онд сүр дуулиантай зарлаж байсан. Түүнээс хойш бараг нэг жилийн хугацаа өнгөрлөө. Нэг сар байг гэхнээ нэг жил бол хулгайч, луйварчнаа илчлээд барьж, хориод шүүхээр шүүгээд гаргаад ирэх хангалттай хугацаа. Иймээс нүүрсний хэрэг энэ мэт “чоно цатгалан, хонь мэнд” үлдэх тал руугаа явчихлаа гэж харагдаж, хардагдаж байна.
ХОЁР.
Өнгөрөгч Баасан гаригт нийгмийн донсолгосон нэгэн дуулиан дэгдсэн нь УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбумтэй тэнцэх валют болон төгрөг бэлнээр олдсон явдал. Нэг эмнэлэг, нэг цэцэрлэг барих хэмжээний мөнгө ганц “цүнх баригч”-ийн гэрээс олдож байна. Гэтэл иргэд нь хэвтэх эмнэлэггүй “майлж” сууна.
Өнчин ишиг хулгайлсан нэгнийг ясыг нь цайтал мөрдөн шалгадаг бол 10 тэрбумын авлигачийг 48 цагийн хугацаатай саатуулсны дараа өмгөөлөгч байхгүй гэх үндэслэлээр сулласан Монголын шүүх өргөсөн тангарагтаа үнэнч байна гэж өмөөрөх үү, томилсон хүндээ үйлчиллээ гэж хардах уу. Авлигын хэрэгт холбогдсон сэжигтэнд нэг өдрийн “чөлөө” олгосон нь ардах эзэнтэйгээ үгээ заалгаад ир гэсэн үг биз дээ.
Хэзээ байтлаа, Монголын шүүх “өмгөөлөгч”-гүй сэжигтнүүдэд өгөөмөр ханддаг болчихсон юм бэ. Арван тэрбумын барьцаа өгөхгүй бол “ачаад” явчихдаг байж.
Ямартай ч С.Батдөлийг хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэжээ. Нэг шүүгч нь суллаад явуулчихдаг, нөгөө нь хорьдог. Гурав дахь засаглал нь буюу шүүх эрх мэдэл нь ингэж ажиллаж байна.
Гурван шатны шүүхээр алуурчин мөн гэж тогтоогдсон С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг суллахдаа өмнөх шийдвэрээ үгүйсгэчихдэг шүүх засаглалтай улс. Ийм шүүх засаглалд иргэд нь итгэхгүй байхаас ч яахав. Монголд хуулийн биш хувь хүний засаглал бий болсон. Үүнийг өөрчлөхгүйгээр авлига, хулгай буурахгүй. Асуудалд даргын тал ба дайсны тал гэж хандвал дабль стандарт амь бөхтэй, авлигын үндэс болсоор байна. Шударга ёс тогтооно гэдэг амаараа хэлэх, гараараа хийх хоёр нэг байхын нэр.
С.Батдөлийн талаар Х.Нямбаатар сайд мэдээлэхдээ үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарласан. Гэтэл өөрийнх нь шүүхэд өгсөн мэдүүлэг, шүүхээс гаргасан албан мэдээллээс харвал бараг татвараас бултсан, зугатсан болоод өнөөх авлигын хэрэг "өнгөө угааж" мэдэхээр харагдаж байна.
Нүүрсний хэргээс болж Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулж, авлига, албан тушаалын хэрэгт өршөөл уучлал үзүүлэхгүй, мөн эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль авах гэмт хэрэгт 20 жил хүртэл хорих хугацаагаар оногдуулахаас гадна төрийн албаны удирдах албан тушаалд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар хуульчилж өгсөн. Тиймээс авлигачид хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх боломжгүй болж буй. Тиймээс энэ мэт арга заль хэрэглэг авлигачид цөөнгүй гарах биз. Гол нь өнчин ишигний хулгайч, өчнөөн тэрбумын авлигач хоёрт хуулийн засаглал адилхан үйлчлэх ёстой.
Үндсэн хуульд зааснаар Монгол Улс гурван засаглалтай. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал нь аль нэгээсээ хараат бус байх учиртай. Харамсалтай нь, Монголд бүгд хоорондоо барьцаалагдсан. Бүх зүйл нь Үндсэн хуулийнхаа эсрэгээр. Худалдагдсан хууль, шүүх Монголын бас нэгэн хорт хавдар болжээ. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн авлигатай хийх тэмцэл хууль, шүүхийн хаалга мөргөөд хаагдах вий дээ.
Холбоотой мэдээ