Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар нохойнд хазуулсан есөн иргэнд галзуу өвчний эсрэг вакциныг сүрьеэгийн вакцинтай андуурч, тарьсан талаар өмнө нь мэдээлсэн. Одоогийн байдлаар иргэдийн биеийн байдал хүнд, хөнгөн байна гэдгийг албаныхан мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Эрүүл мэндийн яамны баг Сүхбаатар аймагт очиж, ажилласан бөгөөд өнөөдөр /2023.01.09/ хот руу буцаж байгаа бөгөөд долоон хүнийг авч явжээ. ХӨСҮТ-ээс энэ талаар тодруулахад "Одоогоор Сүхбаатар аймгийн иргэд хотод ирээгүй байна" гэв.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнгөрсөн Баасан гаригт мэдээлэл хийхдээ /2022.01.06/ "Нэгдүгээр сарын 1-ний өдрийн 13.00 цагт Сүхбаатар аймагт нохойд хазуулсан есөн иргэнд галзуугийн вакцин бус, сүрьеэгийн вакцин хийж, эрүүл мэндэд нь сөрөг үр дагавар учруулсан ноцтой асуудал гарсанд ард түмнээсээ уучлалт хүсч байна.
Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт байсан сүрьеэгийн эсрэг вакциныг арванхоёрдугаар сарын 5-26-ны өдрүүдэд нохойд хазуулсан гэх 8-56 насны есөн хүнд хийсэн байна. Тэдгээр иргэдэд галзуугийн вакцин хийх эрүүл мэндийн зааварчилгаа бий. Үүний дагуу галзуугийн вакцин хийх ёстой ч сүрьеэ өвчний вакцин хийж мэргэжлийн ноцтой алдаа гаргасан байна. Үүнээс:
- 3 хүн – 3 удаагийн тун
- 4 хүн-2 удаагийн тун
- 2 хүнд 1 удаагийн тун буюу нийт 9 иргэнд 19 удаа хатгалт хийсэн байна.
Урьдчилсан байдлаар нэг иргэнд сүрьеэ өвчний вакцин хийгдэх хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хийсэн гэсэн үг. Иргэдээс авсан асуумжаар хүмүүс өөр өөр цаг хугацаанд долоон өөр нохойд хазуулсан байсан. Тэгэхээр энэ асуудал андуурагдаж сүрьеэгийн вакцин хийсэн гэж үзэхэд хэцүү. ЭМЯ мэдээллийг хүлээн аваад, ХӨСҮТ-өөс мэргэжлийн баг гарган ажиллуулж байгаа бөгөөд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсгийг өнөөдрөөс Сүхбаатар аймагт ажиллуулахаар болсон. Энэ баг хоёр чиг үүргээр ажиллана" гэж мэдээлсэн юм.
Холбоотой мэдээ