Монгол Улсын нийт гадаад өр 33.3 тэрбум ам.доллартай тэнцэж буйн 24 хувь болох 8.1 тэрбум ам.долларыг Засгийн газрын гадаад өр бүрдүүлж буй. Төсвөөс буюу татварын орлогоос эргэн төлөгддөг Засгийн газрын өрийн нэрлэсэн үлдэгдэл 2022 оны сүүлийн статистикаар 28.5 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл 23.8 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа талаар шинэ оны өмнөхөн Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийхдээ онцолсон.
Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 8.1 тэрбум ам.долларын 5.6 тэрбумыг 1991 оноос хойш түнш орнууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас авч ашигласан гадаад зээлийн хөрөнгийн үлдэгдэл эзэлж буй бөгөөд эдгээр зээлийг 2060 он хүртэл эргэн төлөх хуваарьтай. Харин үлдэх 2.4 тэрбум ам.доллар нь 2012 оноос эхлэн олон улсын зах зээлд арилжаалсан Засгийн газрын гадаад бондын үлдэгдэл бөгөөд эдгээр арилжааны нөхцөлтэй бондыг 2031 он хүртэл төлж дуусгах хуваарьтай юм.
Монгол Улсын Засгийн газар 2023 онд төлөх 5.625 хувийн купонтой “Гэрэгэ” бонд болон 2024 онд төлөх 8.750 хувийн купонтой “Хуралдай” бондын эргэн худалдан авах арилжааны болон тендерийн саналыг бондын арилжаанд оролцогчдод хүргүүлжээ.
Үнэт цаас гаргагч Монгол Улсын засгийн газар шинээр гаргаж буй бондын цэвэр орлогыг 2023 оны бүх бондыг эргүүлэн худалдаж авах, үлдсэн орлогоос нь тендерийн саналын дагуу 2024 оны бондын тодорхой хэсгийг худалдан авах санал гаргасан байна. Эдгээр бондыг эзэмшиж буй харилцагчдаас тендерт оролцох саналыг 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хүртэл авах ажээ.
Холбоотой мэдээ