Японы ерөнхий сайд Фүмио Кишида өнөөдрөөс /2023.01.09/ барууны орнуудад айлчлалаа эхлүүллээ. Тэрбээр дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том цэргийн бүтээн байгуулалтыг улсдаа хийнэ гэж зарласныхаа дараа ийнхүү “Их-7”-ийн орнуудад айлчлах болжээ. “Их-7”-ийн дээд хэмжээний уулзалт тавдугаар сард болно. Бүлгийн тэргүүний хувьд тус уулзалтыг зохион байгуулах Кишида энэ удаагийн айлчлалаараа эдийн засгийн аюулгүй байдал, Орос, Украины дайн, Хятад, Хойд Солонгосын хурцадмал байдал зэрэг олон улсын асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэнэ.
“АНУ-тай хоёр талын эвслээ гүнзгийрүүлэх, Энэтхэг-Номхон далайг хэрхэн чөлөөтэй, нээлттэй байлгах талаар ярилцана” гэж Кишида хэллээ. Айлчлалын сүүлчийн цэг нь Цагаан ордон болох юм. Цагаан ордоны айчлалын хүрээнд хоёр талын батлан хамгаалах гэрээ, Хятадын дэвшилтэт хагас дамжуулагчийг ашиглах боломжийг хязгаарлах хүчин чармайлт зэрэг асуудал яригдах юм. Кишидагийн өнгөрсөн сард зарласан цэрэг армиа хүчирхэгжүүлэх бодлого нь Хятад, Японы пуужингийн хөгжлийн зөрүүг арилгаж, Тайванийн эсрэг цэргийн үйл ажиллагаанаас сэргийлнэ гэж үзэж байна.
Түүнчлэн Их Британитай хоёр талын зэвсэгт хүчнээрээ харилцан айлчлах эрх зүйн орчныг бүрдүүлэх гэрээнд гарын үсэг зурах төлөвтэй байна.
“Их-7”-ийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулах нь Кишидад улс төрийн томоохон нэр хүндийг авчрах юм. Тиймээс энэ удаагийн айлчлал нь Кишидагийн хувьд бэлтгэл ажил гэж Васэда их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Айро Хино хэлэв.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ