Цахим аялал үргэлжилсээр…

Хуучирсан мэдээ: 2023.01.10-нд нийтлэгдсэн

Цахим аялал үргэлжилсээр…

Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран Люксембург сангийн ивээл дор Массволл Штивтун сангийн дэмжлэгээр “Цахим аялал” төсөл хоёр дахь жилдээ амжилттай үргэлжилж байгаа бөгөөд уг төслийн талаар НҮБ-ын Хүүхдийн Сангийн Боловсролын цахим шилжилт хариуцсан мэргэжилтэн Б.Мөнххүжтэй ярилцлаа.

– Танд өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө “Цахим аялал” төслийнхөө талаар танилцуулаач?

– Сайн байна уу? Юуны өмнө бидний санаачлан хэрэгжүүлж байгаа төсөлтэй танилцахаар ирсэн та бүхэнд баярлалаа. КОВИД-19 цар тахлын улмаас сургууль, цэцэрлэг хаагдаж сурган заах үйл явцыг теле хичээлийн горимд шилжүүлж байсан нь саяхан. Бид тухайн үед теле хичээлийн талаар судалгаа хийж хүүхдүүдэд гэрээсээ сурахад үүсэж буй хүндрэл мөн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсон юм. Судалгааны үр дүнд хүүхдийн оролцоог хангасан, харилцан үйлдэлтэй, мультимедиа элементүүдээр баялаг, тоглоом хэлбэрт оруулсан тийм контентыг хүүхдүүд хүсэж байгаа нь гарч ирсэн. Ингээд хүүхдүүдийн онолын мэдлэгийг баталгаажуулах зорилготой анхны интерактив контент боловсруулах ажлыг 2020 оны намар эхлүүлсэн юм. Гарааны төслийг НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, соёлын сайгууллага (ЮНЕСКО), НҮБ-ын Хүн Амын Сан хамтран удирдаж төслийн гүйцэтгэгчээр “Монгол Контент” ХХК ажилласан. Бид “Цахим Аялал” нэртэй нийт 104 ширхэг интерактив контентыг бүтээж,  medle.mn сайт дээр байршуулан хүлээлгэн өгч байсан юм. “Цахим Аялал” интерактив контентууд  эхний жилдээ нийт 350,000 хандалт авч хүүхэд, эцэг, эхчүүд, сурган хүмүүжүүлэгч, багш нар маш сайшаалтайгаар хүлээн авсан явдалд бид улам их урамшиж төслийн 2 дахь шатыг эхлүүлсэн. Ингэхдээ бид “Марчаахай” ХХК болон гар утасны тоглоом бүтээгч “Номадик Бэйр Гэймс” ХХК-тай хамтран төслийг эдүгээ 11 сарын турш хэрэгжүүлж дуусаад байна. Энэ төслийн хүрээнд бид сургуулийн өмнөх болон бага боловсролын сурагчдын сурлага, хөгжлийг дэмжих 60 шинэ интерактив контент боловсруулахаас гадна анх удаа боловсролын салбарт бүрэн хэмжээний гар утасны “Nomadic Adventure” тоглоомыг бүтээлээ.

– “Интерактив контент” гэж юу вэ?  Энэ хичээлийн онцлогийг эхлээд тайлбарлаж өгөөч?

– Хүүхэд бүр гар утас, компьютер, таблетаар тоглох дуртайг бид мэднэ. Тэгвэл хүүхэд тоглож байх явцдаа тоглоомын үйл явдал, баатрууд, тэдний ид шид, өгсөн даалгавар гэх мэт олон төрлийн шинэ мэдээллийг байнга сурч ойлгож байдаг. Сурах, сурахдаа бүр маш сайн санаж цээжилсэн байдгийг бид мэднэ дээ. Тэгэхээр тоглох үйл явц нь хүүхдэд шинэ мэдээллийг хурдан, үр дүнтэй өгч байгааг бид ашиглан, тоглоомыг нь хичээлийн агуулгатай нь хослуулсан хэрэг юм. Интерактив контент нь сурагчдын идэвх оролцоог дэмжсэн, хүүхэд өөрөө бие даан хийх бүтээлч дасгал ажлуудтай, гар утас, компьютер зэрэг төхөөрөмж ашиглан үзэж, сонсох боломжтой хичээл юм. Шинээр нэмэгдэж байгаа 60 интерактив хичээл нь мэдлэгийн хэсэг буюу хүүхэлдэйн анимэйшн, дасгал сорил буюу тоглоом гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ. Мэдлэгийн хэсгийг бүтээхдээ багш аргазүйчдийн сургалтын төлөвлөгөө, суралцахуйн зорилт дээр тулгуурлан гаргасан агуулга санааг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан зохиол болгож, анимэйшн хэлбэрээр амьдруулсан. Харин бататгал дасгалуудыг тоглоом болгон хөрвүүлэх бүтээлч ажил хийгдсэн. Тоглоом тус бүр хөнгөнөөс хүнд рүү чиглэсэн 3-4 үетэй. 60 интерактив контент гэж байгаа боловч үндсэндээ 150-160 өөр төрлийн тоглоомыг дотроо багтаасан. Түүнчлэн тоглох бүрд гүйцэтгэх дасгалын өгөгдлүүд өөрчлөгдөх тул хүүхэд боломжит бүх хувилбарыг сурч мэдэх боломжтойгоороо онцлогтой. Энэхүү хичээлүүдийг

medle.mn сайтаас үнэ төлбөргүй үзэх боломжтой.

 “Шинээр боловсруулсан 60 шинэ интерактив контент”

– Та ярилцлагын эхэнд “Nomadic  Adventure” тоглоомын талаар дурдлаа. Энэ талаар  дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

– Юун түрүүнд тоглоомын жанр болох HOPA гэж ямар төрлийн тоглоом болохыг тайлбарлая. HOPA гэдэг нь Hidden object puzzle adventure гэдэг үгийн товчлол бөгөөд өгөгдсөн эд зүйлсийн нэрийг зураг дүрстэй нь холбож олдог тоглоомын төрөл байгаа юм. Энэхүү тоглоомын төрөл нь ямар нэгэн шинэ танин мэдэхүйн мэдлэгийг хүнд хурдан бөгөөд үр дүнтэй олгодогоороо онцлог юм. Тиймээс бид тоглоомын арга зүйг ашиглан Монгол ёс заншил, ахуй амьдрал, уламжлалт баяр, язгуур урлаг, газар зүйн онцлог, ан амьтдын талаарх суурь мэдлэгийг хүүхэд багачуудад түгээх ялангуяа хилийн чанадад байгаа Монгол хүүхдүүдэд өв соёлоо мэдэж, хадгалж яваасай гэсэн зорилготой бүтээсэн юм. Тоглоомын агуулгыг анх гаргахдаа бид хаанаас эхлэх, юуг харуулах тал дээр Монгол Улсын төрийн шагналт түүхч, түүхийн ухааны доктор Дэмбэрэлийн Өлзийбаатар гуайтай зөвлөлдөж тодорхойлсны үндсэн дээр ажлаа эхлүүлсэн байгаа. Мөн түүнчлэн тоглоомын эхлэлд Ардын зураач, төрийн шагналт, профессор Дагдангийн Амгалан гуайн “Ээж ээ, Сайн байна уу?” гэх агуу бүтээлийг оюуны өмчийн зөвшөөрөлтэй амь оруулан шинэ үеийн хүүхэд залуусын мэлмийд дахин хүргэж байгаадаа бахархаж байна. Нүүдэлчин соёлыг сурталчлах “Nomadic Adventure” гар утасны тоглоом нь Playstore болон Appstore-с нээлттэй татан авах боломжтой бөгөөд тоглоомын нээлт Соёлын бүтээлч сарын аяныг тохиолдуулан олны хүртээл болж байгаад бид баяртай байна.

“Nomadic Adventure” гар утасны тоглоомын  хэсгээс”

 -Энэ төсөл дээр ямар баг бүрэлдэхүүн хэрхэн ажилласан бэ?

– Боловсролын ерөнхий газрын туршлагатай багш, аргазүйч, хүүхдийн зохиолч, зураач, аниматор, тоглоом хөгжүүлэгч, мэргэжлийн дуу оруулагч нар нэг баг болон ажилласан. Мөн хичээл тус бүрийг казах, тува хэлнээ хөрвүүлж, сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан бүтээсэн учир энэ чиглэлийн мэргэжилтнүүдтэй мөн хамтарсан. Ингээд бодохоор 100 гаруй хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн байна.

Nomadic Adventure гар утасны тоглоомыг QR код уншуулан татаж аваарай.

– "Цахим аялал” төслийн талаарх мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж