…Наран ургах зүг уурга барин давхисан адуучныг сүлдэндээ залсан 1940 онд албан ёсоор монголчууд зүүнтнүүд болов. Барууныг баримтлагчид зүүнээс гарах нарыг харж чадсангүй… Бүгдийг нь цааш харуулжээ.
Ардчиллын эсвэл сүүлийн 30 жилийн алдаа яван явсаар өнөөгийн Монголын байгаа царайг бий болгосон гэнэ. Өнгөрсөн долоо хоногт ийм л үгсийг эрх баригчид тоть мэт давтав. Худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэх томъёоллоор тэд ийн ярих болой. Гэхдээ олон хэлбэл улиг, цөөн хэлбэл билэг ч гэдэг. Бүх завхарал өөрсдөд нь бус өмнөх 30 жилд эрх барьсан үеийнхэнд буй юм байх. Харин түүнээс өмнөх нь Монголыг мандуулж явсан гэнэ. Ардын хувьсгалыг алтан нартай зүйрлэж, ардчилсан хувьсгалыг алдаа завхралын эхлэл гэгчид энэ цагт илүү олонх болжээ. Дийлэнх олонхынх нь амьдрал тарчиг, амьжиргаа доогуур болохоор бурууг бүгдээрээ “ардчилал” гээчид өгч байна.
Тэрхүү 30 жилийг эргээд харвал,
-1992-1996 онд МАХН/өнөөгийн МАН. 70 суудал авсан/
-1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл /50 суудал авсан/
-2000-2004 онд МАХН /өнөөгийн МАН. 72 суудал авсан/
-2004-2008 онд МАХН /өнөөгийн МАН. 37 суудал авсан/
-2008-2012 онд МАХН / өнөөгийн МАН. 44 суудал авсан/
-2012-2016 онд АН 34, МАН 26, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” 11, ИЗНН 2, бие даагч 3 суудал авсан./АН ердийн олонх болсон учраас аль нэг намтай хамтарч засаг барихаас өөр аргагүйд хүрсэн/
-2016-2020 онд МАН 65 суудал авсан.
2020-2024 онд МАН 62 суудал авчээ.
…Ингээд харвал өнгөрсөн өнгөрсөн 30 жилийн 22 жилд нь МАН засаг барьжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилийн 2/3-оос илүү хугацаанд нь МАН засагласан гэсэн үг. Тиймээс өнгөрсний алдаа, өнөөгийн завхарлын хүнд нь энэ л намд харъяалагдана. Харин тэдэнгүй найман жилийг эргээд харвал эхний дөрвөн жилд нь иргэдэд орон сууцыг нь, малчдад малыг нь хувьчилж өгсөн бол дараагийн дөрвөн жилд өмнөх 70 жил барьж чадаагүй зам барьж, аймгуудыг хатуу хучилттай замаар холбосон байх жишээтэй. Гэхдээ Ардчилсан холбоо эвсэл үзэл санаа, үнэт зүйлс нэггүйгээс МАН-д хэрхэн тоглуулж байсныг огцорсон Засгийнх нь тоо хэлээд өгнө. 2004 онд "Эх орон-Ардчилал" эвсэл МАХН тэнцүү суудал авснаар Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар байгуулсан ч МАХН-ын сайдуудын огцрох өргөдлийг УИХ-аар авч хэлэлцэхэд АН-ын гишүүн М.Энхсайхан, М.Сономпил, Ж.Наранцацралт, Ж.Батхуяг болон АТН-ын дарга Л.Гүндалай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан огцруулахыг дэмжин санал өгсөнөөр МАХН /өнөөгийн МАН/ Их эвслийн засгийг огцруулсан. Тухайн үед М.Энхсайханыг хөөж, хөөгдсөн тэрбээр МҮАН-ыг байгуулсан ч өнөөдөр амьтай голтой болсон АН-ын нэг хэсэгт намаа нэгтгээд ирж байна. Үүн шиг түүх 2012 оны сонгуулиар ялалт байгуулсан эрх баригчдад давтагдаж л байсан. МАН-ын давхар дээл өмсөх санааг АН-ын бүлгийн Х.Баттулга, Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Зоригт гэсэн дөрвөн гишүүн дэмжсэнээр засгаа хөнтөрч байв. Ийнхүү соцдек гэгддэг нөхдүүд намаа, социалистууд монголыг хярамцаг шиг хачин хөгийн юм болгосоор ирсэн.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд алдсан нь үнэн ч бас оносон зүйл бий. Ардчилсан хувьсгалын ачаар бидэнд эрх чөлөө, өмчтэй болох боломж бий болсон. Түгжрэл дээд цэгтээ хүрсэн ч гэлээ өрх болгон хувьдаа нэгээс хоёр машинтай болчихжээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үнэхээр буруу замаар будаа тээсэн нь үнэн. Барууны баримжаатай АН ч өнгөрсөн хугацаанд үзэл баримтлалдаа үнэнч бус, заримдаа бүр МАН-аасаа ч долоон дор зүүний бодлого барьж л байсан.
Төрөөс хэчнээн тэрбумтнууд төрснийг бид одоо хэр нь шогшироод л харж суугаа. Баялгийн тэгш хуваарилалтыг хамгийн их ярьсан МАН-аас хамгийн олон баячууд төрөн гарсан. Байнга төрд ажилласан хэр нь бизнес эрхлэгчдээс ч бийлэгжүү болж, хөрөнгө нь тэрбумаар тооцогдохоор Ц.Нямдорж, М.Энхболд, Н.Энхбаяраас эхлээд хэдэн зуу, мянгаар тоологдох нэрс энэ намынхнаас гарна.
Хурган дарга нь л гэхэд арван тэрбумтайгаа гардуулсан бол 250 мянган долларыг “их мөнгө биш” гэж тэд л хэлж байна. Хэлтсийн дарга нар нь ийм байхад хэргэм зэрэг өндөр, эрх мэдэлтэй нь их наядаар тоологдох хөрөнгөний тухай яригдах нь мэдээж. Зургаан жилийн өмнө 100 үйлдвэр байгуулна гэсэн эрх баригчид энэ хугацаанд өөрсдийн хөрөнгө, бизнесээ л өөд нь татаснаас бус өрөөлд ашигтай зүйл хийсэн нь ховор болов уу? Үйлдвэрлэлийг дэмжсэн сангийнх нь, хөгжлийн хөтөлбөрийг дэмжих банкыг, баялгийг нь тэд л цөлөмлөө. Үнэндээ тэгш эрх яриад өөрсдөө илүү эрх эдэлдэг зүүний үзэлтэй, солгой нүдтэй соцдекуудыг сонгосны балаг нь энэ. Тэд хамгийн их тэгш эрх, шударга ёс ярьдаг. Гэхдээ ямагт солгой нүдээр /иргэдээ дорд үзэж, ад үзсэн маягтай/ харж, өөрсдөө давуу эрх эдэлдэг. Тиймээс л солгой нүдтэй соцдекуудыг сонгодог “сохорсон” бидэнд бас асуудал байна. МАН биднийг авч яваад байгаа юм биш. Бид тэднийг юу гэсэн ч сохроор итгээд, өнөөдрийн өгөөшийг нь үмхээд маргаашаа зардагт асуудал байна. Өнгөрсөн 30 жил рүү буруугаа чихээд загасны ой санамжтай ард түмнийг мартагнуулна гэж бодож байгаа бол гонж. Энэ мэт явуургүй үг үйлдэл эдийн засаг, улс, нийгмээ л хорлохоос цаашгүй… 32 жилийн өмнө ялзарсан үзэлтэй МАХН-ыг эсэргүүцэн хувьсгал хийсэн монголчууд 32 жилийн дараа ядмаг сэтгэлгээтэй МАН-ыг эсэргүүцэж байна. Ер өөрчлөгдөөгүй зүйл гэвэл эрх баригчид. Тэд зүсээ хувирган соц- коммунистууд л болов.
Холбоотой мэдээ