Үндэсний дээд лигийн ээлжит өрсөлдөөнтэй тоглолтууд өчигдөр/2023.01.08/ “UG” аренад боллоо.
ОТИС ШИЛҮҮСНҮҮД 96 – 71 ХОВД ЧАНДМАНЬ
Эмэгтэйчүүдийн лигийн анхны легионер тамирчинг авчирсан Шилүүснүүд өрсөлдөгчөө төвөггүйхэн буулган авлаа. Тус тоглолтод Б.Болор-Эрдэнэ 22 оноо, 20 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж, тоглолтын шилдгээр шалгарсан бол Кристал Томас Монгол дахь эхний тоглолтдоо гялалзаж, 30 оноо, 14 самбараас бөмбөг авалт гэсэн үзүүлэлт толилуулав.
Гуравдугаар үед Ховд онооны зөрүүг ойртуулж, эргэн ирэх гэж оролдсон ч Шилүүснүүд боломж олгосонгүй. Тэд багаараа нийт 36 довтолгоо амжилттай болгосон бөгөөд хоорондоо 34 оновчтой дамжуулалт өгчээ. Үүний 13-ыг нь багийн ахлагч М.Анужин өгсөн аж.
Хэдий Ховдын бүсгүйчүүд 13 удаа бөмбөг тасалж, хамгаалалтад идэвхтэй байсан ч ердөө 27.6 хувьтай довтолсон нь хожигдох шалтгаан нь байлаа. ОТИС Шилүүснүүд улирлыг 3-3 гэсэн амжилттай яваа бол Ховд Чандмань 1-5 гэсэн амжилттай хүснэгтийн сүүлийн байрт явна.
НАЛАЙХ БИЗОН 103 – 93 БАЯНГОЛ ХАРЦАГА
Налайх Бизон учраа олоод эхэлсэн бол Харцага лигийн есөн тоглолтоос ердөө ганцхан хожилтой, хомоол хамж байна. Өчигдрийн тоглолтын тухайд хоёр баг гуравдугаар үе дунд хэсэг хүртэл ана мана, ач тач өрсөлдсөн. Гэвч гуравдугаар үеийн төгсгөлөөс эхлэн Бизон тоглолтыг бүрэн удирдаж, хэмнэлээ алдалгүй явсаар ялалт байгуулжээ.
Бизоноос Жорж А.Уиллиамс 32 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Харцагаас Жаррон Крамп 30 оноо авсан аж. Харин Трой Бакстер талбайд таван минут тоглохдоо гуравхан оноо авав. Магадгүй Харцага Трой Бакстерыг авсан нь буруу шийдвэр байж болох юм. Тэсрэлттэй легионер залуу багтаа уусч чадахгүй л явна.
АЛТАН ДОРНОДЫН ДАЙЧИД 82 – 88 ЗАВХАН “BROTHERS”
Гурван үе илүү явсан Завхан тоглолтын төгсгөлд барьц алдах дөхөв. Гэвч туршлагатай тоглогчдынхоо ачаар гал алдалгүй хожлоо авлаа. Даймонд Стөүн 28 оноо, 15 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн ээлжит нэгэн сайн тоглолтоо гаргажээ.
Мөн Д.Мөнхтүвшин, Ц.Отгонжаргал хоёр багийнхаа тоглолтыг сайн найруулж, довтолгоог үр бүтээлтэй зохион байгуулсан. Тэр хоёр хамтдаа нийлээд 14 ашигтай дамжуулалт өгснөөс гадна 33 оноо авчээ. Чимээгүй ч муугүй амжилттай яваа Дайчидаас Энтони Харрис 24 оноо авч багаа тэргүүлжээ.
ХАСЫН ХҮЛЭГҮҮД 89 – 94 ТЭНҮҮН ӨЛЗИЙ МЕТАЛЛ
Энэ тоглолтод Хүлэгүүдийн гол тоглогчдын нэг О.Сэргэлэн бэртлээсээ эргэн ирсэн ч багийн ахлагч Б.Билгүүн болон Г.Насанжаргал нар оролцсонгүй. Гэхдээ л өрсөлдөөнтэй тоглолтыг Металлын эсрэг хийсэн.
Б.Билгүүний эзгүйд довтолгооны тэргүүн сонголт болсон Вүден Жуниор үүргээ гүйцэтгэж, 29 оноо, 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ. Мөн О.Сэргэлэн багийнхаа довтолгоог найруулж, Т.Мэндбаяр хамгаалалтаараа манлайлсан ч Металлыг дийлсэнгүй.
Эсрэг багаас нь Т.Ууганбаяр жигд тоглолтыг үзүүлж, 10 оноо, 10 ашигтай дамжуулалт, есөн самбараас бөмбөг авалт гээд ээлжит гурван арватаа хийхэд тун ойрхон байлаа.
Гуравдугаар үеийн төгсгөлд Хүлэгүүдийн онооны зөрүүг ойртуулж чадсан ч шийдвэрлэх үед Металл илүү тоглолтыг үзүүлэв. Ялангуяа Кристофер Блэйк 37 оноо аваад зогсохгүй зургаан удаа бөмбөг тасалж, хоёр хаалт гүйцэтгэжээ.
Холбоотой мэдээ