Владимир Марактаев тэргүүтэй буриадууд 2023 оныг Инчоны олон улсын нисэх буудалд угтжээ. Тэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс дахь гэрээсээ 2000 орчим км-ийн цаана Өмнөд Солонгосын нисэх онгоцны буудалд олон сар гацсан байна. Буриадаас Монголд "зугтан" ирж, дараа нь Филиппинд хэдэн долоо хоног амьдарсан тэрбээр Өмнөд Солонгос улсад дүрвэгчийн статус авахыг хүсч өргөдөл гаргажээ. Гурван орон дамжин Инчонд ирсэн тэд хадгаламжаа барж, халаасандаа хэдхэн ам.доллартай үлдсэнээ учирлав.
Харамсалтай нь Өмнөд Солонгосын Хууль зүйн яам эх орондоо цэргийн алба хаахаас зайлсхийсэн нь дүрвэгчийн статус олгох үндэслэл болохгүй гэж мэдэгджээ.
Буриадын их сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Марактаев бол ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн есдүгээр сард Украин руу дайнд илгээхээр цэрэг татлага явуулахад эх орноосоо дүрвэсэн олон мянган залуусын нэг. Тэрбээр цэргийн зарлан хүлээн авсан есдүгээр сарын 24-ний шөнө Монгол руу зугтжээ. Учир нь өглөө болвол түүнийг хүчээр цэрэгт татах комисс ирэхээс айн шөнө дөлөөр зугтсан гэнэ. "Би эх орноос хамгаалахаас ичиж зовоогүй. Миний хайртай хүмүүс аюулд орвол би сайн дураараа тулалдахад бэлэн. Гэхдээ манай эх орон түрэмгийлэгч нь учраас нөхцөл байдал тэс ондоо байна. Би хэзээ ч олон гэмгүй украинчуудыг хөнөөхөөр зэвсэг агсахгүй" гэж ярьжээ. Марактаев 2019 онд нэг жилийн хугацаатай цэргийн албаа хаасан аж.
Тэрбээр Инчонд арваннэгдүгээр сарын 12-нд газардсан бөгөөд Өмнөд Солонгост танил, холбоо барих хүнгүй ч хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан, хөгжингүй орон учраас зориглон тус улсыг зорьжээ.
"Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан авлигын хэргээр шоронд хорих ял сонсоход үнэхээр биширсэн. ОХУ-д ийм шүүх хурал болно гэж хэзээ ч төсөөлж чадахгүй" гэж тэрбээр ярив.
Марактаев өөр дөрвөн хүний хамтаар Инчоны нисэх буудалд ирснийхээ дараа дүрвэгчийн статус авахаар хүсэлт гаргасан аж. Гэвч Өмнөд Солонгосын засгийн газар урьдчилсан үнэлгээний шатанд түүний өргөдөлд татгалзсан хариу өгчээ. Тус улсын дүрвэгсдийн тухай хуулийн дагуу орогнол хүсэгчид нэвтрэх боомт дээр дүрвэгчийн статус авах хүсэлт гаргаж, урьдчилсан үнэлгээнд хамрагдах ярилцлаганд орж болно.
Хэрэв цагаачлалын албаныхан үндэслэлтэй гэж үзвэл өргөдөл гаргагчид нэмэлт шалгалтад хамрагдах боломжтой. Үгүй бол тэднийг эх оронд нь буцаах магадлалтай.
Хэдийгээр дүрвэгчийн статус олгоогүй боловч Өмнөд Солонгосын хууль зүйн яамнаас нисэх буудалд олон хонож байгаа тэдэнд өдрийн гурван удаа хоолоор хангаж байгаа гэнэ. Маракаевтай хамт нисэх буудалд амьдарч буй Андрей гэгч Сибирийн Красноярск хотоос иржээ. Тэрбээр аравдугаар сарын 14-нөөс хойш Инчоны буудалд амьдарч байгаа аж.
Тэдний асуудлыг энэ сарын сүүлээр Өмнөд Солонгосын шүүхээр хэлэлцэх гэнэ. Өмнөд Солонгос нь өнгөрсөн 2021 онд дүрвэгсдийн 1.3 хувийг хүлээн авсан нь Их-20 орны бүлгийн бусад орноос харьцангуй цөөн байна. Хэрэв шүүх орос залуусын талд орвол тэдэнд "G-1" виз олгох бөгөөд энэ нь дүрвэгсдийн албан ёсны үзлэгт хамрагдах хүртэл Өмнөд Солонгост түр оршин суух баталгаа болно. Хэрэв эсрэг шийдвэр гарвал тэднийг ОХУ руу нутаг буцаах гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES
Холбоотой мэдээ