"Нүүрсийг биржээр арилжихад 1698 С зөвшөөрөл олгоно"

Хуучирсан мэдээ: 2023.01.09-нд нийтлэгдсэн

"Нүүрсийг биржээр арилжихад 1698 С зөвшөөрөл олгоно"

"Нүүрсийг биржээр арилжихад 1698 С зөвшөөрөл олгоно"

"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас улс хооронд байнгын ачаа тээвэрлэх С зөвшөөрлийн талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт  төлөөлөгч Ж.Ганбат, Тээврийн хэлтсийн дарга Н.Элдэв-Очир, Худалдан авах газрын дарга Н.Цэрэнсамбуу, Санхүүгийн удирдлагын газрын дарга н.Гантулга нар оролцов.


ЦАГААН ХАДАН ДЭЭР БАЙГАА, ХУДАЛДАН АВАГЧИЙН НҮҮРСИЙГ ХИЛЭЭР ГАРГАХТАЙ ХОЛБОГДУУЛАН
ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН 2982 С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.ГАНБАТ: 

-Засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр борлуулах байнгын ачаа тээвэрлэх С зөвшөөрөл олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд өгсөн. Тус С зөвшөөрлийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас олгох болсон талаар мэдээлэл өгье. Энэ оноос шинээр экспортод гаргах нүүрсийг хил нөхцлөөр гаргана. Биржийн журмаар, цахимаар ил тод нээлттэй зарахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулсан УУХҮЯ дээр УУХҮЯ, Хөрөнгийн бирж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Ирэх хоёрдугаар сарын 1-нээс нүүрсийг хил үнээр борлуулах бэлтгэл ажлаа хангаад байна.

Монгол Улс, БНХАУ хооронд олон улсын тээвэр хийх автомашины С зөвшөөрөл олгодог. 2023 оны нэгдүгээр сарын 15 хүртэл хуучин С зөвшөөрөл буюу өнгөрсөн оны зөвшөөрлөөрөө явж байна. Нэгдүгээр сарын 15-наас "Эрдэнэс Тавантолгой" ХК-д олгосон  хэмжээгээр компаниудад хэрхэн С зөвшөөрөл олгох вэ гэдэг талаар мэдээлэл өгье.

Бид эхний ээлжид хилийн үнээр нүүрсийг худалдан борлуулах нүүрсний тээвэрлэлт хийх аж ахуйн нэгжүүдийг ерөнхий гэрээний журмаар нээлттэй, ил тод сонгон шалгаруулж байна. Нүүрсийг хил нөхцлөөр худалдахтай холбоотой Төрийн худалдан авах ажиллагааны газарт тээврийн тендерийн сонголт шалгаруулалт зарласан. Энийг дүгнээд, нэгдүгээр сарын 18-нд нээгээд, гэрээ нь энэ сарын 20-доор байгуулагдана. Энэ хүрээнд бид тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүддээ нэг номерт энэ оны С зөвшөөрлийг олгоно. Хоёрдугаарт, өнөөдрийн байдлаар Цагаан хад дээр ам нөхлцөөр зарсан, худалдан авагчийн 2.7 сая тонн нүүрс байна. Үүнтэй холбоотой С зөвшөөрлийг олгоно.

Ирүүлсэн хүсэлтийн тоо олговол зохих зөвшөөрлийн тооноос давсан тул хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжүүдэд С зөвшөөрлийг шударга хуваарилж байна. Олон нийтийн хяналт тавих байдлаар С зөвшөөрлийг бид өнөөдрөөс "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн вэбсайтад бүрэн байршуулж байна. Тэндээс ямар зөвшөөрлөөр, ямар аж ахуйн нэгжүүдэд С зөвшөөрөл олгосон бэ гэдгийг ороод үзэхэд нээлттэй.

2023 оны нэгдүгээр улиралд Монгол Улсын хэмжээнд шинээр нийтдээ 7800 С зөвшөөрөл олгогдоно. Үүний 60 хувь буюу 4680 С зөвшөөрөл "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ноогдож байна. Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс олгосон.

Боомтын үндэсний сэргэлтийн хорооноос баталсан битүүмжлэгдсэн тээврийн хэрэгсэлд хүсэлтээ гаргасан 10941 аж ахуйн нэгж байна. Авто тээврийн үндэсний төвийн нэгдсэн систем дээр "Эрдэнэс Тавантолгой" компани дээр хүсэлт ирүүлсэн 10296 хүсэлт ирсэн байна. Энэ хоёрыг нягталж үзээд, 7904 аж ахуйн нэгж нь тээврийн нэгдсэн системд хүсэлт ирүүлсэн. Зөрүү гарч байгааг анзаарч байгаа байх. Бидний бодитоор олгох нь 4680 С зөвюшөөрөл. Бид ирэх сарын 1-нээс хил нөхцлөөр биржээр нүүрсээ арилжаална. Үүнтэй холбогдуулан бид биржээр арилжаалах нүүрсэн дээрээ 1698 С зөвшөөрлийг Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарлагдсан тендерээс шалгарсан аж ахуйн нэгжүүддээ олгоно. Үлдсэн 2982 С зөвшөөрлийг Цагаан хадан дээр байгаа, худалдан авагчийн авсан нүүрсийг хилээр гаргахтай холбогдуулан, хувь тэнцүүлэн тээврийн компаниудад олгоно.

Шаардлага хангасан 7904 С зөвшөөрлийн хүсэлт ирүүлснээс терминал нөхцлөөр 306, өргөтгөснөөр 84, чингэлэг тээврээр 6485, тэвштэй 1029 байна.

Бүх мэдээллийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн вэбсайтад байршуулна. Цагаан хад дээр байгаа нүүрс гараад дууссан тохиолдолд биржээр арилжих зөвшөөрөлдөө шилжээд явна. Ерөнхийдөө Монгол Улсад олгогдож буй С зөвшөөрлийн 60 хувь нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-д олгогдож байна.

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ӨДӨРТ ДУНДЖААР 800-ГААД МАШИН НҮҮРС ТЭЭВЭРЛЭЖ ЧАДАХ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ НОТОЛЖ ЧАДЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Шинээр олгогдох С зөвшөөрөлд ямар шалгуур тавьж байгаа вэ? Хэн нэгэн эрх мэдэлтний хамаарал бүхий эсэхийг яаж мэдэх вэ?

-Бид мэдээллийг вэбсайтаараа ил болгож байгаа юм. Тэндээс хэний хамааралтай вэ гэдгийг харж болно. Бид мэдээллийг нууцлахгүй. Хоёрт, бид Боомтын сэргэлтийн үндэсний хорооны битүүмжилсэн тээврийн ба Авто тээврийн үндэсний төвийн нэгдсэн системд бүртгэгдсэн, журмынхаа дагуу хүсэлтээ ирүүлж, шалгуураа хангасан аж ахуйн нэгжүүдэд С зөвшөөрлөө олгоод явна. Төрийн худалдан авах ажиллагааны газрын хараат бус байдалтай ажиллана.

-"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаа эзэмшигч нас барсан тохиолдолд хувьцааг нь ар гэрийнхэнд нь шилжүүлэх үү? 

-Компанийн хувьцаа эзэмшигчтэй холбоотой шийдвэрийг Засгийн газар гаргана. "Эрдэнэс Тавантолгой" ХК хоёрдугаар сарын 15-нд санхүүгийн тайлангаа гаргана. Аудит оруулна. Гуравдугаар сарын сүүлээр "Эрдэнэс Тавантолгой" ХК хэр ашигтай ажилласан бэ, санхүүгийн ямар үзүүлэлттэй гарсан нь аудитын тайлангаараа баталгаажаад гарна. Түүний дараа бид үр дүнгээ Засгийн газар болон хувьцаа эзэмшигчдэдээ танилцуулна. Санхүүгийн тайлан эцэслэгдээгүй байгаа учраас үр дүн, хувьцааны талаар ярихад эрт байна.

-Өнөөдрийг хүртэл нүүрсний гаралт хэр их нэмэгдсэн бэ? 

-2022 оны аравдугаар сарын 26-нд "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Тухайн үед өдөрт дунджаар 200 машин нүүрс тээвэрлэдэг байсан. Үүнийг бид дөрөв дахин нэмэгдүүлсэн. Экспортыг хоёр дахин нэмэгдүүлсэн. Хамгийн ихдээ 1100 гаруй машин нүүрс тээвэрлэлт явуулсан. Өнөөдөр дунджаар 800-гаад машин тогтмол тээвэрт явж байна. Илэн далангүй ярихад тээвэр амаргүй байсан. Эхлээд 1000 гарч байснаа, 900 болоод, зарим үед тээвэрлэлт ямар нэг шалтгаанаар унаж байсан. Зарим өдрүүдэд уртын буюу уурхайгаас Цагаанхад хүртэл машины хомсдол гарч, хүндрэл үүсч байсан. Гэтэл богинын тээвэр буюу Цагаанхаднаас Гашуунсухайт-Ганц мод боомтоор гарч буй тээврийн хэрэгсэл илүүдэлтэй байгаад байсан. Богинын тээвэр дээр тарифын асуудал байсан.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрсийг ам нөхцөлөөр худалдаж авч байсан. Ам нөхцлөөр шууд уурхай дээрээс нүүрс ачигдаад гарлаа, 100 хувь худалдан авагчийн мэдэлд очиж байсан явдал. Одоо өөрсдөө хариуцаад, хил нөхцлөөр арилжаалах юм. 2022 оны аравдугаар сарын 26-наас өнөөдрийг хүртэлх үйл ажиллагааг дүгнээд хэлэхэд, "Эрдэнэс Тавантолгой" ХК өдөр дунджаар 800-гаад машин нүүрс тээвэр хийх бололцоотой юм байна гэдгийг нотолж чадлаа. Үүний үр дүнд 5.5 сая тонн нүүрсийг уурхайгаас ачуулж, ам нөхцлөөр зарж чадсан. Энэ хэмжээгээр монгол жолооч нарыг тогтмол ажлын байртай болох, ажлын байрыг тогтворжуулах арга хэмжээнүүд авсан.

-Нүүрс тээврийн тариф нэмэгдэх үү?

-Засгийн газрын хуралдаан дээр хэд хэдэн удаа яригдсан. Зам тээврийн хөгжлийн сайдаас өгсөн чиглэлийн дагуу тарифыг бид эргэж авч үзэж байна. Тодотгол оруулахаар өнөөдрөөс бид Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүсэлт өгсөн. Энд хэд хэдэн шалтгаан байна. Бидний тооцсон тариф дээр дахиад хоёр гурван зардлын асуудал байна. Нэгд, компаниудын зээл байна. Зээлийн хүүгийн зардал нь зардалдаа ордог учраас түүн дээр нь тодотгож өгье. Зарим урсгалт зардалтай холбоотойг нь тодотгож өгье гэдэг байдлаар, бидний тендер дээр зарласан үнэ дээр компаниудаас "Тариф дээр эргэж харж өгөөч ээ" гэсэн хүсэлт ирж байгаа юм. Дунджаар тарифаа бага зэрэг нэмэгдүүлэх байдлаар 20-30 хувийн нэмэхээр тооцож байна. Зохиомлоор үнэ буулгах асуудал гарахыг байг гэхгүй гэсэн асуудал яригдаж байна. Зам тээврийн сайдын баталсан жишиг тариф хамгийн бодитой тариф байх ёстой. Энэ тарифаас доош үнийг буулгах байдлаар асуудлыг авч үзье гэж Төрийн худалдан авах ажиллагааны газартай санал солилцоод явж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж