С.Батдөлийг нэг сар хорихоор болжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.09-нд нийтлэгдсэн

С.Батдөлийг нэг сар хорихоор болжээ

С.Батдөлийг нэг сар хорихоор болжээ

НЭМЭЛТ:

Нийслэлийн прокуророос УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга ажилтай С.Батдөлийг яллагдагчаар нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны нэгдүгээр сарын 6-нд ирүүлжээ. Улмаар шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч Д.Амаржаргал “Төв аймагт шүүх хуралд ороод дуусч байна, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр заавал оролцоно, шүүхийн хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шүүхэд ирүүлсэн мөн яллагдагч С.Батдөл “Өмгөөлөгчийн хамт шүүхийн хэлэлцүүлэгт оролцоно” гэх хүсэлтийг тус тус гаргасан байна. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр нийслэлийн прокурор М.Энхбаатар, яллагдагч С.Батдөл түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан хянан хэлэлцээд, С.Батдөлийг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэжээ.
  • С.Батдөлийг 2018 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж олсон орлогоос их хэмжээний татварт ноогдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд болон өөрийн гэртээ нууж татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд,
  • Мөн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7,300,000,000 төгрөгийг мэдсээр байж түүнийг ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2022 онд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зэргээр өөрчилж байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд нь яллагдагчаар татсан байна.
С.Батдөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэг /Татвараас зайлсхийх/ мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь / Мөнгө угаах/ заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Яллагдагч С.Батдөлийг шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилсан тухай баримт прокурорын санал болон хавтаст хэрэгт байхгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч прокуророос энэ талаар тодруулахад сэжигтнээр баривчлагдаагүй гэсэн тайлбарыг гаргасан байна.
"БИ БАТЛАН ДААЛТАД ГАРАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА"

НЭМЭЛТ:

Өмгөөлөгчийн зүгээс прокурорын цагдан хорих санал үндэслэлгүй байна, хувийн батлан даалтад таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлтийг гаргав. Мөн түүний 3-13 насны бага насны хүүхдүүд нь харж хандах хүнгүй үлдэх гээд байгааг харгалзан үзнэ үү гэв.

Түүнийг нэмэлтээр гэмт хэрэг үйлдэж болзошгүй бичиг баримт олдсон учир цагдан хорих шаардлагатай гэж үзсэн байна. Харин тэрбээр “Монгол Улсын шүүхийн шийдвэр гараагүй байхад хүнийг ялладаг процесс үүсчээ. Надад үүсгэсэн хэрэг дээр цагдан хорих шаардлагагүй, хөнгөн гэмт хэрэг гэж ойлгосон. Гэтэл намайг цагдан хорихоос өөр аргагүй байдалд оруулж, цахим орчинд маш их сэвэлтийг зохион байгуулалттайгаар хийж байна. Би эхнэр дөрвөн хүүхэдтэйгээ хотод амьдардаг.  Ээж, аав маань хөдөө амьдардаг. Би төмөр замд 14 жил ажилласан. Надад оргон зайлах асуудал байхгүй.

Би шүүхийн шийдвэр гарах хүртэл тууштай явна. Миний дөрвөн хүүхэд хатгаа ханиадтай байгаа. Охин маань 2-3 хоног нүдээ бүлцийтэл уйллаа. Эхнэр маань эмнэлэгт хэвтэж байгаа. Өсвөр насны охиныхоо сэтгэл санааны байдалд маш их санаа зовж байна. Ангийнхан нь цахим группээсээ миний охиныг хассан байна лээ. Би ийм байдалтай гэр бүлээ орхиж явж чадаагүй. Тийм учраас батлан даалтад гаргуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Би нэмэлтээр ямар гэмт хэрэг үйлдэх гэж байгаа юм бол. Миний нэр дээр үйл ажиллагаа явуулдаг караоке, эхнэрийн нэр дээр байдаг гоо сайхны газрыг хураасан. Одоо надад юу ч байхгүй. Гэтэл зургаан байртай гээд худлаа мэдээлэл цацаж байна. Бүх эд зүйлээ хураалгачихаад, ажилгүй, гэртээ хүүхдүүдээ хараад байж байна" гэв. Түүнийг яллагдагчаар татаж, 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргалаа.

УБТЗ-ЫН ОРЛОГЧ ДАРГА С.БАТДӨЛИЙН ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг энэ сарын 6-ны өдөр  саатуулж, 48 цаг хорьсон талаар бид мэдээлсэн. Хуулийн байгууллагаас түүнийг сулласан гэх мэдээлэл бий.

Тэгвэл түүнтэй холбоотой цагдан хорих шүүх хурал өнөөдөр /2023.01.09/-ны 10.00 цагт товлогджээ.

С.Батдөл нь 2021 онд тус албанд томилогдсон, богино хугацаанд хөрөнгөжсөн албан тушаалтан бөгөөд албан тушаалд томилогдсон цагаасаа эхлэн өөрийн хамаарал бүхий тээврийн компаниудад давуу байдал олгож, их хэмжээний шан харамж авч, нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг байсан байна. Мөн өөрийн болон эхнэрийн нэр дээр нэлээд үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд, мөн их хэмжээний бэлэн мөнгө, валют хуримтлуулжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байрлах 5-6 газарт нэгжлэг хийж, 10 гаруй тэрбум төгрөг хураан авч, мөн дээрх этгээдүүдийн гэрээс их хэмжээний зүйлс, тансаг зэрэглэлийн орон сууц үл хөдлөхүүд, худалдах худалдан авах гэрээнүүд гарч ирсэн зэрэг баримтууд гарч, шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.

Уг хэргийн талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын албан тушаалтан Б гэдэг хүний гэрээс болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, иргэн Б-г баривчилсан. Үүнээс гадна дөрөв гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг олж авсан хэргийг шалгаж байна. Түүний тухайд УБТЗ-д олон жил ажилласан. Одоо ч мөн Тээвэр зохицуулалтын газарт ажилладаг гэх урьдчилсан мэдээлэл байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж