Алтан бөмбөгийн таван удаагийн эзэн Кристиано Роналдо тамирчны замналынхаа сүүлийн жилүүдийг Саудын Арабд өнгөрүүлэхээр шийдсэн. Арабууд ч Португал эрд хүссэн цалинг нь өгч, хоёр жил тансаг амьдруулахаа амласан. Ингэх нь ч учиртай.
Нэгдүгээрт, өнгөн дээрээ тэд Роналдод жилийн 200 сая ам.долларын цалин өгч, их мөнгө зарцуулж байгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ уг мөнгөө дор хаяж арав дахин нугалах тооцоо бий. Тодруулбал, телевизийн шууд дамжуулалтын эрх, өмсгөл, мерчандайзын эрх, тоглолтын тасалбар, зар сурталчилгаа, гэрэл зургийн эрх гээд Роналдог ашиглан мөнгө олох арга мундахгүй.
Хоёрдугаарт, Роналдо бол цэнхэр гаригийн хамгийн алдартай, олон нийтийн цахим сүлжээнд хамгийн олон дагагчидтай тамирчин мөн хувь хүн. Одоогийн байдлаар тэр инстаграм дээр 531 сая дагагчидтай бөгөөд энэ үзүүлэлтээрээ олон жил тэргүүлж буй. Дашрамд дурдахад, Аль Насср клубын инстаграмын дагагчдын тоо Роналдог ирэхээс өмнө 853 мянга байв. Харин одоо 11 сая дагагчидтай. Энэ үзүүлэлтээрээ Европын хөлбөмбөгийн топ клубуудээс ч илүү гарна.
Гуравдугаарт, тэр бол соронз. Дэлхийн аваргын финалын тоглолтыг хоёр тэрбум хүн үзсэн гэх баримт байдаг бол Роналдог танилцуулах Аль Насср клубын шууд дамжуулалт гурван тэрбум хүнд хүрчээ. Түүний ачаар Саудын Араб олны анхаарлын төвд оров. Үүнийгээ ашиглан тэд 2030 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулах хүсэлтэй. Өөрөөр хэлбэл, Роналдо бол Саудын Арабын элч төлөөлөгч.
Ингээд харахаар Роналдогийн нөлөө дан ганц мөнгөөр хэмжигдэхгүй.
Холбоотой мэдээ