Бразилын хэт барууны үзэлтэй ерөнхийлөгч асан Жаир Болсонарогийн дэмжигчид өчигдөр /2023.01.08/ Дээд шүүх болон Конгрессын байр болон ерөнхийлөгчийн ордон руу дайран оржээ. Жагсагчид ерөнхийлөгчийн ордны хагархай цонхоор тавилга сэлт шидэж, Конгрессын байрыг усанд автуулан, Дээд шүүхийн ёслолын өрөөг эвдэж сүйтгэсэн. Одоогоор хүн амиа алдаж, шархадсан тухай мэдээлэл алга байна. Энэ үйл явдал хоёр жилийн өмнөх Капитолын үймээнийг дэлхий дахинд сануулав.
Тус улсад аравдугаар сарын 30-нд ерөнхийлөгчийн сонгууль болсон. Санал хураалтын дараа нийслэлд шар, ногоон хувцастай жагсагчид үймээн самуун дэгдээжээ. Сонгуулийн дүнгээр зүүнийг баримтлагч ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва ялсан юм.
“Энэ эвдэн сүйтгэгчид, фанат фашистууд улсын түүхэнд байгаагүй зүйл хийлээ. Үүнийг хийсэн бүх хүнийг олж, шийтгэх болно” гэж Лула хэвлэлийн бага хурал хийхдээ хэлжээ. Мөн ерөнхийлөгч асан Болсонарог дэмжигчдээ өдөөсөн гэж тэр буруутгав. Болсонаро ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй тул сонгуулийн цахим системийг луйвардсан гэх мэдэгдэл гаргасан.
Орон нутгийн цагаар 18:30-ийн үед аюулгүй байдлын хүчнийхэн Дээд шүүх, Конгрессын байр болон ерөнхийлөгчийн ордонг хамгаалалтдаа авч чаджээ. Үймээнтэй холбоотой 400 гаруй хүний баривчилсан бөгөөд илүү олон хүнийг олж тодруулахаар эрх баригчид ажиллаж байна.
Болсонарогийн дэмжигчид үймээн самуун үүсгэхээс сэрэмжилж нийслэлээс алслагдсан аж ахуйн нэгжүүд хурдны замаа хаасан. Үүнтэй холбоотойгоор сүүлийн саруудад үр тарианы тээвэрлэлт, мах савлах үйл ажиллагаанд саатал үүсчээ. Түүнчлэн газрын тосны “Petrobras” компани боловсруулах үйлдвэрийнхээ хамгаалалтыг чангатгасан. Энэ мэт эмх замбараагүй байдал Бразилийн санхүүгийн зах зээлийг тогтворгүйтүүлнэ гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ