Сүүлийн жилүүдэд нийгэмд дуулиан болж, төрийн албан хаагчдын гэрээс, ажлын байрнаас их хэмжээний мөнгө олдсон хэргүүдийг тоймлон хүргэж байна. Хуулийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг сүр дуулиантайгаар илрүүлж, олонд зарладаг ч харамсалтай нь шударгаар хариуцлага тооцож чаддаггүй. Хамгийн сүүлд УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг саатуулж, 10 тэрбум төгрөгийг хураасан ч түүнийг сулласан юм.
10 ТЭРБУМЫГ ХУРААСАН УБТЗ-ЫН ОРЛОГЧ ДАРГЫГ СААТУУЛААД СУЛЛАВ
Ерөнхий сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараагийн бөмбөг тэслэх салбар нь төмөр зам гэдгийг тодотгосон. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт /2023.01.06/ Эрүүгийн цагдаагийн газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг саатуулсан. Эх сурвалжаас энэ талаар тодруулахад С.Батдөл нь 2021 онд тус албанд томилогдсон, богино хугацаанд хөрөнгөжсөн албан тушаалтан бөгөөд албан тушаалд томилогдсон цагаасаа эхлэн өөрийн хамаарал бүхий тээврийн компаниудад давуу байдал олгож, их хэмжээний шан харамж авч, нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг байсан байна. Мөн өөрийн болон эхнэрийн нэр дээр нэлээд үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд, мөн их хэмжээний бэлэн мөнгө, валют хуримтлуулжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байрлах 5-6 газарт нэгжлэг хийж, 10 гаруй тэрбум төгрөг хураан авч, мөн дээрх этгээдүүдийн гэрээс их хэмжээний зүйлс, тансаг зэрэглэлийн орон сууц үл хөдлөхүүд, худалдах худалдан авах гэрээнүүд гарч ирсэн зэрэг баримтууд гарч, шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна. Хуулийн байгууллагаас түүнийг өчигдөр сулласан гэх мэдээлэл бий. Тэгвэл түүнтэй холбоотой цагдан хорих шүүх хурал өнөөдөр /2023.01.09/-ны 10.00 цагт товлогджээ.
ҮСХ-НЫ ДАРГЫН ГЭРЭЭС 250 МЯНГАН АМ.ДОЛЛАР ОЛДСОН Ч ХЭРЭГ ХААГДСАН
Эрүүгийн цагдаагийн алба, АТГ- аас өнгөрсөн 2022 оны зургадугаар сард Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн гэрт нэгжлэг хийхэд 250 мянган ам.доллар олдсон байдаг. Харин тэрбээр энэ мөнгөө их мөнгө биш хэмээн олны бухимдлыг төрүүлсэн. Б.Батдаваагийнх гэр бүлээрээ жилийн хоёр тэрбум гаруй төгрөгийн орлоготой. Таван орон сууц хоёр машины зогсоолтой, эдгээр нь нэг тэрбум 234 сая төгрөгийн үнэлгээтэй. Дансандаа таван тэрбум 236 сая төгрөгтэй шинэ үеийн баячуудын нэг.
Тэрбээр “Коүпанг” ХК, “Рио Тинто” ХК, “Универсалсервис” ХХК, “Майкрософт” ХК, “Жи Пи Морган” ХК, “Беркшайр Хатвай” ХК, “Боинг” ХК, “Тоёота Моторс” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Очирманлай од консалтинг” ХХК, “финоптис” ХХК, “ рейт” ХХК, “Манлай дорно” ХХК, “Финко Инвестмент Партнерс” ХХК, “Альфа Миючуал” ХХК, “Витри сэндс” ХХК, “Эм Би Эс Пи” ХХК-иудаас хувь эзэмшдэг гэжээ. Эх сурвалжуудын мэдээллээр Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан нь нүүрс тээвэрт холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдах алба хашдаг байна.
ПРОКУРОР АСАН Ш.НЯМДОРЖИЙН ГЭРЭЭС 200 САЯ ТӨГРӨГ ХУРААСАН Ч ТЭРБЭЭР ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРГЭЭ ШИЙДҮҮЛНЭ
Нийслэлийн прокурорын газрын даргаар ажиллаж байсан Ш.Нямдоржийн гэрт 2021 оны наймдугаар сард АТГ-аас нэгжлэг хийж, саатуулсан. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль бусаар олсон хөрөнгөөр мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх зэрэг асуудлуудаас болж шалгасан байдаг.
Ингээд шүүхээс Ш.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, 22.10 дугаар зүйлд заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдлийг гэм буруутайд тооцож, хууль бусаар олсон их хэмжээний мөнгө буюу валют, төгрөг нийлсэн 200 сая төгрөгийг улсын орлого болгон хураажээ. Мөн түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 14 сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Ийнхүү түүний хэрэг "хурдтайгаар" шийдэгдсэн нь өөрөө хэргээ хүлээсэнтэй нь холбоотой гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ш.Нямдорж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргээ өөрөө сайн дураараа хүлээж хуульд зааснаар үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтийг Нийслэлийн прокурорын газарт гаргажээ.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧДААС ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ИЛРҮҮЛСЭН ХЭРЭГ ХЭРХЭВ
Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн 2020 оны долдугаар сарын 29-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах явцад их хэмжээний мөнгө хураан авч байгаа бичлэгийг олон нийтэд ил болгосон.
Гэмт хэргийн явцад 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 сая төгрөг авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон. Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд бие болоод гэрээс нь 230 сая төгрөг, 152.177 ам.доллар, 70 мянган юань бэлнээр олдсон. Эдгээрийг эд мөрийн баримтаар хурааж улсын орлого болгосон талаар албаныхан мэдээлж байв.
Б.ГАНХУЯГ НАРЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРЬЖ, ЭГЧИД НЬ ХИЛИЙН ХОРИГ ТАВЬСАН
"Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Б.Ганхуяг болон "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Эрдэнэс Тавантолгой" компанийн албаны дарга С.Энхтөр нарыг нэг сараар цагдан хорих шийдвэрийг /2022.12.09/ шүүхээс гаргасан. Тэднийг үргэлжлүүлэн нэг сар хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлжээ. Харин Б.Ганхуягийн төрсөн эгчийг суллаж, хилийн хориг тавихаар болсон байна.
Нүүрсний хэрэгт холбогдуулан /2022.12.08/ прокуророос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд найман хүнийг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Эрдэнэс силвер ресурс" компанийн захирал асан Т.Мөнхбаярыг сэжигтнээр баривчилж, цагдан хорих хүсэлт гаргасан. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр П.Бадамxанд, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, тус компанийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг цагдан хорих тухай хүсэлт гаргасан.
Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран гүйцэтгэх ажиллагаа явуулж, дээрх хүмүүсийг саатуулсан. Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдсан байдаг.
ПРОКУРОР АСАН Ц.НАСАНБАТЫГ ДӨРВӨН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАЛГАВ
Ц.Насанбат прокурор нь Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр холбогдон шалгагдсан Ухаа худгаас Гашуун сухайт хүртэлх төмөр замын хэрэг буюу 280 сая ам.доллар-738 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт 2008 онд шалгагдсан БНСУ-ын хоёр иргэнийг шүүх хуралд улсын яллагчаар оролцож, хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Монгол Улсыг 280 сая ам.доллараар хохироосон хоёр солонгос иргэнд ердөө 40-хөн сая төгрөгөөр торгууль ногдуулах шийдвэрийг гаргаж, тэднийг нутаг буцах боломжоор хангасан гэдэг мэдээллүүд ч бий.
ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫН ГЭРЭЭС 500 МЯНГАН АМ.ДОЛЛАР, 50 ОРЧИМ БУУНЫ ТӨРЛИЙН ГАЛТ ЗЭВСЭГ ХУРААСАН
Хуулийн байгууллагаас 2021 оны долдугаар сард генерал С.Ганбатын гэрээс 500 мянган ам.доллар, 50 орчим бууны төрлийн галт зэвсэг, төрийн нууцад хамааралтай байж болох зарим материалууд, тагнаж чагнах зориулалт бүхий төрийн данстай төхөөрөмжүүд олж, хураан авсан. Тухайн үед Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал С.Ганбатыг зургаан албан хаагчийн хэрэгтэй холбогдуулан баривчилсан гэх мэдээлэл ч цацагдсан.
С.Ганбатыг саатуулах үед гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө, төрийн нууцтай холбоотой байж болох материал, чагнах төхөөрөмж зэрэг олдсон гэж хэвлэлүүд мэдээлж байсан юм.
Тагнуулын байгууллага С.Ганбатыг гүйцэтгэх ажиллагааны материалаа зохистой бус аргаар ашиглаж болзошгүй байна гэх мөрөөр анхсан хөөсөн гэх мэдээллийг эх сурвалжууд мэдээлж байв. Гэвч түүнд хариуцлага тооцож чадалгүй бас л "чимээгүй" сулласан байдаг.
С.Ганбат нь 1990 онд Эрүүгийн цагдаагийн газарт Туслах төлөөлөгчийн статусаар ажлын гараагаа эхэлж, тус газрын дарга, Хонконг дахь Ерөнхий консулын газарт зөвлөх консулаар тус тус ажиллаж байсан. Түүний хүү Пүрэвсүрэн нь Монголбанкны Тамгын газрын захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилладаг байна.
Д.ХАЯНХЯРВААГИЙН ОФФИСЫН ШҮҮГЭЭНЭЭС 66 САЯ ТӨГРӨГ ИЛЭРЧ, ХУРААН АВСАН
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Хаянхярваагийн хувийн оффис, ажлын байр, гэрт нь 2021 оны аравдугаар сарын 18-ны өдөр прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн байдаг. Ингэхэд хувийн оффисын шүүгээнээс 20 мянган ам.доллар болон 6 сая төгрөг илэрсэн юм.
Тухайн үед АТГ-аас гүйцэтгэх ажиллагааны үйл явцын зургийг олон нийтэд цацсан нь хүний эрх зөрчсөн үйлдэл байж магадгүй гэх мэдээлэл ч байна. Тухайн үед эх сурвалжийн мэдээлж байснаар Д.Хаянхярваа нь улс төрийн шахалт бусад тохирооны дагуу ирэх арванхоёрдугаар сард ажлаа өгөхөө мэдэгдсэн байжээ.
Холбоотой мэдээ